“Шалгалтаа ч өгөх боломжгүй байхад юуных нь хонхны баяр”

Хуучирсан мэдээ: 2020.05.15-нд нийтлэгдсэн

“Шалгалтаа ч өгөх боломжгүй байхад юуных нь хонхны баяр”

“Шалгалтаа ч өгөх боломжгүй байхад юуных нь хонхны баяр”

Хаврын сүүл сар гарч, мөнгөн хонхны жингэнэх дуу ойртож байна. Гэвч энэ жил дэлхий нийтээр цар тахал гарсантай холбогдуулан танхимын сургалтыг хорьж, оюутнууд хөл хорио дунд шалгалтаа өгч, дипломоо шуудангаар авах асуудал яригдаж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгийн мэдээлснээр энэ хичээлийн жилд их дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн төгсөлтийн баяр болон бусад арга хэмжээг хориглож, төгсөлтийг онлайнаар явуулах шийдвэр гаргасан. Энэ дагуу оюутнууд сургууль дээрээ цуглах нь байтугай, нэг нэгэнтэйгээ ч таарах завдалгүй, хонхны баярын нандин дурсамжгүй төгсөх бололтой.

Зарим хувийн сургуулиуд төгсөлтийн баярыг хөл хорионы дараа тэмдэглэхээр ярилцаж байгаа бол төрийн өмчит их сургуулийнхан хонхны баяр хийхийг ор тас хорьсон байна. Үүнээс гадна энэ хичээлийн жил оюутнуудын диплом гардан авах үйл ажиллагааг зохион байгуулахгүй бөгөөд дипломыг зургадугаар сарын 15-ны өдөр багтаан олгохыг салбар яам анхааруулж буй.

Энэ хичээлийн жилд 22 мянга 387 суралцагч төгсөх бөгөөд нийт төгсөгчдийн 17 мянга 420 нь бакалаврын, 4572 нь магистрын, 395 нь докторын зэрэгтэй төгсөх юм.

Бид дээрх асуудлаар оюутнуудын байр суурийг хүргэхээр ШУТИС руу орсон боловч сургууль дээр оюутан цуглуулахгүй байгаа талаар үүдэнд халуун үзэж байсан цагаан халаадтай эмэгтэй хэллээ. Мөн тус сургууль зөвхөн диплом хамгаалах хүүхдүүдийг өдөр цагийг нь харгалзаж, нэг нэгээр нь дуудаж байгаа бол МУИС-ийнхан багш нартайгаа онлайнаар холбогдож, шалгалтын зөвлөмж зааварчилгаагаа авч байгаагаа онцлов. Харин МУБИС-ийн хэмжээнд дээрхтэй мөн адил оюутан цуглуулахгүй гэсэн байр суурийг баримталж байна.

НИЙТИЙГ ХАМАРСАН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХГҮЙ

Монголын шинэ үеийн утга зохиолын ЭШБХ болов

МУБИС-ийн Оюутны хөгжлийн албаны дарга Г.Батсууриас тодрууллаа.

-Энэ хичээлийн жилд МУБИС-ийг хэчнээн хүүхэд төгсөх вэ?

-2019-2020 оны хичээлийн жил манай сургуулийг 50 гаруй мэргэжлээр 1867 оюутан төгсөх дүн мэдээтэй байна.

-Цар тахалтай холбогдуулан төгсөлтийн шалгалт, диплом хамгаалалтыг цахимаар явуулах шийдвэр гарсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу. Шалгалт хэвийн үргэлжилж байна уу?

-Цар тахалтай холбоотойгоор төгсөлтийн шалгалтыг цахим хэлбэрээр авах шийдвэр гараад бэлтгэл ажлууд үндсэндээ хангагдаж дууслаа. Саяхан тавдугаар сарын 11-нд урьдчилсан байдлаар онлайн шалгалт авах туршилт амжилттай хийгдсэн. Одоо тавдугаар сарын 20-ноос цахим шалгалтууд эхэлнэ. Дипломын ажил ч мөн цахимаар хамгаалалт хийгдэх бөгөөд оюутнууд онлайнаар багш нартайгаа холбогдон сургалтын үйл ажиллагаа үргэлжилж байна.

-Хүүхдүүд шалгалтаа өгснийхөө дараа дипломоо шуудангаар авах уу? Ямар байдлаар авах вэ?

-Хөдөө орон нутгийн оюутнуудын дипломыг шуудангаар хүргэх талаар “Монгол шуудан” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулагдах шатандаа явж байна.

-Энэ жил хонхны баярыг тэмдэглэхгүй байхаар болсон. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Цар тахалын хөл хорио тогтоосонтой холбоотойгоор мэдээж, ямар нэгэн нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй, түүний дотор сүүлийн жилүүдэд цомхон хүрээнд тэмдэглэдэг болсон “Эрдмийн баяр”-ыг хийхгүй. Нийтээрээ цуглаж шалгалтаа ч өгөх боломжгүй байхад юуных нь хонхны баяр байх билээ. Өнөөдрийн байдлаар Covid-19-ийн халдвар 98 болсон тухай мэдээлж байна. Тиймээс оюутнууддаа Эрүүл мэндийн яамны өгч буй зөвлөмжийг чанд сахиж, хувийн эрүүл мэндээ сайтар хамгаалахыг уриалж байна.

“ХОНХНЫ БАЯР ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЭДИЙН ЗАСГИЙН ДАРАМТ ҮҮСГЭДЭГ”

Хөл хорио тогтоосноос хойш сургууль эзгүйрч, оюутнууд хоёрдугаар улирлын туршид уулзалдаагүй гэдгээ хэлж байна. Тэд шалгалтаа цахимаар өгөхдөө хүндрэлтэй байсан бол одоо дасчихсан, харин ангийнхныгаа их санагалзаж байгаа талаараа ярилаа. Тэдний нэг болох Төрийн өмчит Улаанбаатар их сургуулийн оюутан Х.Тэмүүжин “Манай сургууль дипломоо онлайнаар хамгаална. Энэ үүднээс сургууль дээр очихгүй, ангийнхантайгаа уулзахгүй байгаа. Хонхны баярын тухайд хөл хорио тогтоочихсон болохоор ямар ч арга хэмжээ болохгүй гэж сургуулиас хэлсэн. Нөгөөтэйгүүр хонхны баяр бол хүний амьдралд тохиох нандин дурсамжтай өдөр боловч эцэг эхчүүдэд эдийн засгийн дарамт үзүүлдэг асуудлын нэг. Тиймээс энэ жил хонхны баяр хийхгүй байх нь нэг талаар эрүүл мэндээ бодож, нөгөө талаар өрхийн эдийн засагт хэмнэлттэй байгаагаараа онцлогтой гэж харж байна. Манай ангийнхан хэрвээ өвчин гайгүй болбол цуглах асуудлаар ярьж байгаа. Яг төгсөлтийн баяр тэмдэглэхгүй гэвэл бидэнд жаахан гомдолтой л байна” гэлээ.

ХАМГИЙН ТҮРҮҮНД ЭРҮҮЛ МЭНДЭЭ Л БОДСОН ДЭЭР

Олон улсын Улаанбаатарын их сургууль Б.Шинэбаяр “Манай сургууль цахимаар шалгалтаа авч байна. Эхэндээ хэцүү байсан. Учир нь дийлэнх нь хөдөө орон нутгийн оюутнууд болохоор дата, программын алдаанаас болоод хүндхэн байсан. Улсын их, дээд сургууль зургадугаар сарын 15-наас өмнө цахим хэлбэрээр диплом гардуулах ёстой гэсэн заавар өгсөн байна лээ. Энэ жил цар тахалтай холбогдуулаад ямар ч оюутныг унагаахгүй зорилгоор сургууль цаанаас нь 51 оноо өгч байгаа. Үлдсэн 49 оноог багшаас авах ёстой.

Манай сургууль хувийн сургууль учраас дотооддоо ямар нэгэн хонхны баяр болон бусад арга хэмжээг зохион байгуулахгүй. Хүүхдүүдээ өдөрт нь цувуулаад дипломыг өгөх байх. Миний хувьд короавирус ганцхан Монголд биш цар тахлын хэмжээнд хүрчихсэн байхад хамгийн түрүүнд эрүүл мэнд чухал гэж бодож байна. Ажиглаад байхад залуус магадгүй дараа жилээс нөхцөл байдал сайжирсны дараа төгсөлтийн баяраа хийнэ гэсэн хүлээлттэй байна. Ер нь ангиараа нийлэх асуудал байхгүй. Цаанаасаа өгсөн тушаал журмын дагуу явах хэрэгтэй. Манай ангийнхны хувьд өвчин зовлонгүй эрүүл байж байгаад дараа нь уулзах тухай ярьж байна. Эдийн засаг өнөөдөр ямар байгаа билээ. Хонхны баяр тэмдэглэхээ больсон гэвэл зарим нэг хүмүүст хэрэгтэй байх.

ТӨГСӨЛТИЙН БАЯР ОЮУТАН НАСНЫ ХАМГИЙН НАНДИН ДУРСАМЖИЙГ ХАДГАЛЖ БАЙДАГ

МУБИС-ийн оюутан Б.Должинжав “МУБИС-ийн хувьд төгсөлтөө онлайнаар явуулж байна. Зургадугаар сарын 15-нд диплом гардуулах ёслол болно. Энэ үүднээс бид нэг нэгээрээ ч гэсэн ирээд цээж зургаа авахуулаад монтажтай болъё гэж ярьж байна. Ер нь ихэнх нь дипломоо шуудангаар авахгүй, дипломоо өөрийн биеэр авна гэх байдлаар хандаж байна. Манайхаас голч онооныхоо дүнгээс хамаараад цөөн хүүхэд диплом хамгаалдаг. Миний хувьд төгсөлтийг онлайнаар зохион байгуулна, сургууль дээр хүүхэд цуглуулахгүй гэдгийн эсрэг байр суурьтай байна.

Төгсөлтийн баяр бол оюутан насны хамгийн нандин дурсамжийг хадгалж байдаг. Ихэнх нь наргиан цэнгээн төдийхөн зүйлээр хонхны баярыг ойлгодог боловч дараа нь бидэнд дурсагдах дурсамж нь чухал. Дээрээс нь төгсөлтийн баяр бол бидний ангиараа уулзаж байгаа сүүлийн өдөр юм. Дөрвөн жилийн хугацаанд бид хүссэн мэргэжлээрээ сурсан. Одоо бид ажил амьдрал дээр гарахаар бэлтгэгдэж байна. Онлайнаар төгсөлтөө хийхээр дараа нь ангийнхантай таарахад мэндийн зөрүүгүй болчихно шүү дээ. Өвлийн амралтын дараа хөл хорио болж, намар нь дадлагатай гээд ангиараа ерөөсөө уулзаж чадаагүй. Тэгэхээр төгсөх жилээ бид дурсамжгүй л хоцрох бололтой.

Намраас хойш бид хонхны баяраа ярьсан. Бидний хувьд эхний удаадаа дипломоо авчихъя гэж бодож байгаа. Өвчин намдсаны дараа зугаалгаар явах байх. Хонхны баяр зөвхөн мөнгө үрэх тухай асуудал биш юм. Аз жаргалтай өдрийг бүтээнэ гэдэг нь амьдралын утга учир болохоор хонхны баярыг мөнгө гэж харахаас илүүтэй цаана нь үлдэх дурсамж гэдэг утгаар нь харвал нээх их мөнгө хэрэг болохгүй” гэлээ.

Нөгөөтэйгүүр хонхны баяр нь дундаж орлоготой цалингаас цалингийн хооронд яваа эцэг эхчүүдэд хүндрэл учруулж, түрийвч “тэмтэрсэн” амаргүй даваа гэхэд хилсдэхгүй. Жил бүрийн хавар салбар яамнаас хонхны баярыг “Эрдмийн баяр” нэрийн дор цомхон тэмдэглэхийг уриалдаг ч оюутан сурагчид амралт зугаалгаар явж, ресторан, үйлчилгээний газруудын орлогыг нэмэгдүүлдэг нь нууц биш юм. Тэгвэл энэ жил цар тахлын улмаас нийтээрээ хонхны баяр тэмдэглэхгүй нь эдийн засагт хэмнэлтэй төдийгүй, аюулт өвчнөөс эрүүл мэндээ хамгаалах нь чухал болохыг тэд ойлгох биз ээ.

 Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж