Гочоо хүү 60 жилийн дараа

Хуучирсан мэдээ: 2020.05.15-нд нийтлэгдсэн

МАРТАГДАШГҮЙ ТАНИЛ

Гочоо хүү 60 жилийн дараа

Гочоо хүү 60 жилийн дараа

“…За, хүүхээ энэ орой юу хийгээд явдаг хүүхэд вэ?

-Ах аа, би аавыгаа эрээд явж байна” хэмээн манаач өвөөтэй хэвлүүхэн ярих жаал хүүг монголчууд сайн танина. Энэ бол “Улаанбаатарт байгаа миний аав” киноны Гочоо хүүгийн дүр. Ард түмнийхээ сэтгэлд хүүхэд насныхаа гэнэн томоогүй төрхөөр хоногшин үлдсэн С.Ямаахүүг энэ удаагийн Мартагдашгүй танил” булангийнхаа зочноор урилаа.

Анх “Улаанбаатарт байгаа миний аав” кинонд дөрөвдүгээр ангийн сурагч байхдаа тоглож байсан С.Ямаахүү  одоо 72 настай, ач, зээгээ тойруулсан өвөө болжээ. Тэрбээр "Одоо киногоо үзэхээр жижигхэн алдаагаа хүртэл олж хардаг. Бага насны минь дурсамжаар аялуулдаг даа"  хэмээн ярьж сууна. Ингээд түүний хүүхэд насны дурсамжаар хамтдаа аялцгаая.


-Та сайхан хаваржиж байна уу. Бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэнд баярлалаа?

-Сайхан. Та бүхэнд баярлаж, талархсанаа илэрхийлье. News.mn мэдээллийн сайтын уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе.

-Ард түмнийхээ сэтгэлд хоногшин үлдсэн томоогүй жаал хүүгийн харц өөрчлөгдөөгүй, хэвээрээ байна шүү?

-Тийм байна уу? Одоо нас өндөр болсон ч зарим хүмүүс “Та Гочоо хүү мөн үү” гэж асуудаг л юм. Огт танихгүй хүмүүс хүртэл “Таны нүдний харц яг хэвээрээ байна” гэж хэлдэг. Одоо киногоо үзэхээр жижигхэн алдаагаа хүртэл олж хардаг. Бага насны дурсамжаар минь аялуулдаг даа. Телевизүүдээр их ч гарах юм. Ач, зээ нар маань их үздэг.

-“Улаанбаатарт байгаа миний аав” уран сайхны кинонд дөрөвдүгээр ангийн сурагч байхдаа тоглож, тэр дүрээрээ ард түмнийхээ сэтгэлд хоногшин үлджээ. Анх Гочоо хүүгийн дүрд тоглох болсон тухай дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Одоогоос 60 жилийн тэртээх түүхийг дахин сэргээн, ярилцах гэж байгаадаа баяртай байна. Энэ жил “Улаанбаатарт байгаа миний аав” киноны 60 жилийн ой тохиож буй. Тэртээ 1960 оны дөрөвдүгээр сарын 25-нд анх удаа мотор дугарч, зураг авалт эхэлсэн. Тухайн оны хоёрдугаар сард юм уу даа нэгдүгээр сургууль дээр хоёр, гурван хүн ирээд анги ангиар ороод л эрэгтэй хүүхдүүдийг босгож үзээд л…Манай ангиас таван эрэгтэй хүүхэд босгож, үзсэн санагдана. Одоо бодоод байхад тэр өдөр Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, туслах оператораар нь мундаг оператор З.Сүхбаатар гуай ирсэн юм билээ. Найруулагч Г.Жигжидсүрэнгийн хувьд агуу кино найруулагч Д.Жигжидийн туслах найруулагч байв.

Тэгээд биднийг “Нөгөөдөр Монгол кино үйлдвэр дээр хүрээд ирээрэй” гэлээ. Тэр үед Монгол кино үйлдвэр одоогийн Гадаад харилцааны яамны баруун талд байсан шүү дээ. Хуучин Ахмадын холбооны барилгад Монгол кино үйлдвэр байсан юм. Тэгээд очсон чинь олон хүүхэд ирчихсэн, фото зургийг нь авч байна. Сүүлд сонсох нь ээ тэнд 100 орчим хүүхэд цугларч, сонгон шалгаруулалтад орсон гэдэг. Тэгж нэг фото зургаа авахуулсны дараа нэг сар бололгүй намайг “Монгол кино үйлдвэр дээр хүрээд ир” гэдэг юм байна. Би эхний фото пробондоо тэнцээд, кино пробондоо орохоор очлоо. Тэр үед чинь одоогийнх шиг хүүхэд бүхэн кино урлагийн талаар ойлголттой байгаагүй шүү дээ.

Надад “Чи аавыгаа санаад аавынхаа хойноос Улаанбаатар хот руу явж байгаа хүүхдийн дүрд тоглоно. Чи уйлна шүү” гэлээ. Одоо бодоод байхад тэр үед хүүхдүүдийг уйлуулах гэж бяцхан заль зохиосон юм шиг ээ. Тэр үед миний хамар дотор шарх гарчихсан, гадна талд нь хүрэхэд л ээ базарваань нулимс өөрийн эрхгүй гарчихна. Тэгсэн нүүр хувиргагч эгч нүүр будахдаа нөгөө айхтар өвдсөн шарханд хүрчихсэн чинь нулимс өөрөө гараад л, дээрээс нь эхэр татаад л уйллаа. Тэгж л анх кино пробонд тэнцсэн түүхтэй.

-Гочоо хүүг зоддог жаалууд бас нэг ангийн найзууд гэсэн үү?

-Надтай хамт манай ангийн гурав, дөрвөн найз маань туслах дүрд тоглосон. Намайг цэцэрлэг дотор зоддог нөхдүүд чинь манай ангийн хүүхдүүд байхгүй юу. Бид чинь 28-уулаа нэг ангид сурдаг байсан. Одоо ердөө 12-уулаа  үлдэж дээ.

-Анхны зураг авалтыг хаана хийсэн юм бэ?

-Хамгийн анхны зураг авалтыг Монгол кино үйлдвэрт павилон дотор авсан. Кино эхлэхэд “Аав ирлээ дээ” гээд бөмбөгөө залаад гүйдэг дээ. Тэгсэн би бөмбөгөө залаад зогсох газраа зогсдоггүй. Бүр шохойгоор зурж тэмдэглэж өгч байлаа. Та нар одоо “Улаанбаатарт байгаа миний аав” киног үзэхдээ эхлэлийг нь сайн анзаараарай. Тэр үед би зураасаа хайгаад, маш олон дубль авсан.

Тухайн үед кино урлаг гэдгийг ч мэдэхгүй хүүхэд байлаа шүү дээ. Кино найруулагч нарынхаа заавраар л явна. Миний хувьд тухайн дүрээ бодож, сэтгэж тоглоно гэж юу байхав. Би монголын кино урлагийн нэртэй сайхан жүжигчин М.Бадамгарав, Ц.Цэгмид, Г.Мижиддорж, С.Гэндэн гуай нар намайг хөтлөөд л аваад явсан даа. Миний аавд тоглосон Р.Дамдинбазар маань байна. Ээж С.Тогтох маань саяхан бурхан болсон доо. Би тэднийгээ одоо ч аав, ээж гэж дууддаг.

Тэр үеийн хөгтэй, сайхан дурсамжуудаасаа ярьж өгөөч?

-Улаанбаатар хотод кино зургаа авч дуусаад, тавдугаар сарын сүүлчээр Архангай аймаг руу зураг авалтад явлаа. Хожим бодоод байхад Цэнхэр суманд юм байна. Хүүхдийн баяр таарч, кино группт явсан монтажчин Л.Далайхүү гуайн хүү Мандах, Ерөнхий оператор М.Дүйхэр гуайн хүү Махбал бид гуравыг ахмад уран бүтээлчид маань сайхан цайлуулж байсан минь санаанаас ер гардаггүй юм. Та нар санаж байна уу, гол дээр цуг тоглодог хүүг Мандах, мотоцикль дугаргаж, айлын цонх хагалахад хамт дэггүйтдэг хүүг Махгал гэдэг. Бид гурав их сайхан найзууд болсон. Одоо МҮОНРТ-д ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан Махбал найз минь л үлдээд байна.

Булган уулын энгэрт 10-аад майхантай кино групп байрлачихсан. Кинон дээр чулуу шидэж, айлын цонх хагалчихдаг хэсэг гардаг шүү дээ. Тэгсэн “Самдангийн хүүхэд байна” гээд нэг авгай загнадаг хэсгийн зургийг авах гэсэн ерөөсөө болдоггүй. Тэр өдрөө зургаа ч авч чадаагүй. Тэгсэн найруулагч Д.Жигжид гуай “Энийг яг одоо хөөж явуул” гээд намайг загналаа. Тэгсэн би ганцаараа Улаанбаатар хот руу явах гэж байгаа юм гэнэ. Цүнхээ үүрээд алхаж яваад, уулын бэл дагуух өндөр цагаан цэцгэн дунд унтчихсан. Кино багийнхан намайг их хайсан гэсэн. Тэгэхэд туслах найруулагч Д.Ичинноров ах намайг олж авсан юм.

Бас нэг хөгжилтэй дурсамж гэвэл киноны төгсгөлд хотод аавтайгаа уулзаж, шал угааж байхад нь “Аав аа” гээд гүйгээд очдог шүү дээ. Тэгсэн чинь зураг авалтын үеэр гэнэт л нэг хүүхэд уйлаад явчихлаа. Тэгсэн Р.Дамдинбазар гуайн хүү Д.Жаргал аавыгаа харамлаж уйлж байж билээ.

“…За, хүүхээ энэ орой юу хийгээд явдаг хүүхэд вэ?

-Ах аа, би аавыгаа эрээд явж байна” гэх Ц.Цэгмид гуай та хоёрын яриа их хөөрхөн шүү дээ. “Улаанбаатарт байгаа миний аав” кино гэхээр л тэр хэсэг шууд нүдэнд буудаг?

-Цагааны Цэгмид агуу хүн шүү дээ. Тэр зураг авалтыг одоогийн Кино урлагийн дээд сургуулийн байр шинээр ашиглалтад ороход нь авсан. Халаасны хулгайд сэрддэг тэр хэсгийн зураг авалтыг мөн л тэнд павилон барьж авсан юм. Тэрний хажууд Монгол кино үйлдвэрийн манаачийн байранд шөнө бид хоёрын ярилцдаг зургийг авч байв.

Намайг Ц.Цэгмид гуай “Эвий эвий” гээд унтуулдаг шүү дээ. Яг тэр хэсгийн зургийг авах гэсэн худлаа унтаж байгаа болохоор зовхи минь хөдлөөд болдоггүй. Тэгсэн чинь Ц.Цэгмид гуай юу ярьсныг нь санадаггүй юм. Нээх сайхан хоолойгоор үлгэр ч юм шиг гоё зүйл ярьсан чинь жинхнээсээ унтчихсан. Дараа нь намайг “Зураг авалт дууслаа. Одоо бос бос” гээд дуудан сэрээж байсан санагддаг. Ардын жүжигчин Ц.Цэгмид гуай асар цэвэрч хүн байсан. Тэр зан нь надад их нөлөөлсөн болов уу. Би ер нь их цэвэрч байхыг боддог шүү.

-Таныг айлын бага хүүхэд гэж дуулсан. Кинонд тоглоход гэр бүлийнхэн нь юу гэж захиж байв?

-Би эцэг, эхээс хоёулаа. Дээрээ нэг эгчтэй. Миний эгч “Үер” киноны Моломын эхнэрийн дүрд тоглосон байдаг юм. Эмч мэргэжилтэй хүн л дээ. Тэр үед бас л Монгол кино үйлдвэрээс дүр хайж явахад нь пробонд тэнцэж, тоглосон гэдэг. Миний аав, ээж жирийн ажилчин хүмүүс байсан.

Аав минь Цэргийн оёдлын үйлдвэрт гуталчин, ээж нэгдүгээр сургуульд ажилладаг. Намайг хөдөө зураг авалтаар явахад аав, ээж маань “Кинонд тоглож байгаа аав, ээж хоёрыгоо “Аав, ээж гэж байнга хэлж байгаарай”  гэж их захидаг байсан.

-Нууц биш бол анхны кинонд тоглохдоо хэдэн төгрөгийн цалин авч байсан бэ?

-“Улаанбаатарт байгаа миний аав” кино дэлгэцэнд гарч зэрэг тогтооход нэлээд өндөр зэрэгтэй батлагдсан гэж сонссон. Миний хувьд зураг авалтаа дуусгаад, хичээлдээ орлоо. Зуны амралт дуусчихсан. Би чинь багаасаа хотын 40 мянгатын шороонд хөлбөмбөг тоглож өссөн хүүхэд. Тэр үед гоё бөмбөг олддоггүй байлаа.

Нэг өдөр хичээлээсээ ирсэн чинь цоо шинэ 30 төгрөгийн үнэтэй хөлбөмбөгийн бөмбөг, 60 төгрөгийн олддоггүй пүүз гэрт байна. Би гайхаад л аав, ээжээсээ учрыг асуувал “Чиний кинонд тоглосон шагнал ирсэн. Тэгээд чиний дуртай юмыг авч өгч байна” гэсэн. Хожим нь ээж минь хэлэхдээ “Надад шагнал цалин гэж 2000 гаруй төгрөг өгсөн” гэж байсан. Тухайн үеийн мөнгөний ханшаар их мөнгө шүү дээ.

-Бага насандаа кинонд тоглосон тань нөлөөлж, Монгол кино үйлдвэрээс ажлынхаа гарааг эхлүүлсэн үү. Сүүлд “Хань”, “Моторын дуу”, “Гэрлэж амжаагүй явна” киноны туслах дүрүүдэд тоглосон гэж дуулсан?

-“Улаанбаатарт байгаа миний аав” кинонд тоглосны дараагаар кино урлагт татагдаж эхэлсэн хүн шиг байгаа юм. Би чинь аравдугаар ангиа төгсөөд, Цэргийн ерөнхий сургуульд сурсан. Тэгээд сургуулиа төгсөөд шууд Монгол кино үйлдвэрт үсэг өрөгчөөр ажилд орсон хүн л дээ. 1970 он шиг санагдаж байна. Анх киноны титрийг гараараа бичдэг байлаа. Кардонон цаасыг хөөгөөр будаад дээр нь цагаанаар бичдэг байсан юм. Миний бичсэн киноны титр гэвэл “Тунгалаг тамир” киноны гуравдугаар анги, “ЗХУ-ын Элчин сайд” гэж кино бий. Би голдуу кино мэдээ их бичнэ. Тэгээд хагас жил бололгүй гэрлийн мастер Ж.Цэдэн-Иш гэдэг хүн намайг гэрлийн техникчээр татаад авчихсан. Би багшийгаа их хүндэлж явдаг юм. Миний хувьд гурван сарын дагалдан хийж, 230 төгрөгийн цалин авч байлаа. Тэгж байгаад ажилдаа жинхлэгдэн, гэрлийн техникч болж, сүүлд гэрлийн мастер болсон доо.

Тэр үед хөдөө натурт 40 гаруй хоног зураг авалтаар явна. Тэгж яваад “Гэрлэж амжаагүй явна”, “Хань”, “Моторын дуу” зэрэг ганц нэг киноны туслах дүрд тоглосон байдаг. Үндсэн ажил маань биш учраас олон кинонд тоглоогүй. Мөн “Серёж хүү” гэх орчуулгын нэг кинонд дуу оруулж байсан.

-Монгол кино үйлдвэртээ 30 гаруй жил гэрлийн техникчээр ажилласан. Хэчнээн уран бүтээл дээр гар бие оролцож явсан бол?

-Би чинь уран сайхны 23 кино, 335 бүлэг баримтат кино бүтээхэд гар бие оролцсон хүн. Тэр дунд төрийн айлчлалын тухай баримтат кино ч бий. Би нэг йимэрхүү л юм хийсэн хүн. Би чинь агуу операторуудын шавь шүү дээ. Ардын жүжигчин С.Гэндэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Балжинням, Д.Баатар, С.Дашгалсан Ч.Цэнджав гэж мундаг уран бүтээлчид гэрлийн техникч мэргэжлээр намайг сургасан. Хамгийн анх “Хань” киног хийж байхад Б.Балжинням багш “Төрөх эмнэлэгт долоо хоногийн дараа зураг авна. Чи тэнд нэг ч сүүдэр тусгаж болохгүй. Цав цагаан байх хэрэгтэй” гэлээ. Тэгээд би бодоод л байлаа. Тэгсэн нэг өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр зураг авч байсан чинь коридороор цагаан даавуу барьчихсан хүн ирж явна. Тэгээд санаанд ч хартал сүүдэр ч туссангүй. Энд тэндээс цонхноос гэрэлтээд…Тэгээд ирээд Б.Балжинням багшид “Тайзаа дан цагаан даавуу болгоё” гэхэд багш маань “Үзье” гээд зөвшөөрлөө.

Цагаан даавуу захиалж, зургийн даргыг уурлуулан байж туршаад үзтэл нээрээ л нэг ч сүүдэр тусаагүй. Зураг авалт дуусч, нэг хэсэг од болж байлаа. Ер нь гэрлийн техникчээр ажиллаад ирэхээр их ажигч болдог юм даа. Миний бие Монгол кино үйлдвэртээ 1993 оноос хойш ажиллаагүй л дээ. Сүүлийн үеийн монгол кинонуудыг харж суухад үйл явдлын нь харахаас өмнө операторын ажил гэрлийг нь хараад байдаг болчихдог юм байна. Орчин цагт киноны техник хөгжөөд сайхан болж дээ. Бид чинь хөдөө зун нуман гэрлээр зураг авч, хоёр машин дүүрэн гэрлийн техниктэй явдаг байлаа шүү дээ.

-Гэр бүлээ бидэнд танилцуулаач?

-Миний ханийг Н.Сарандолгор гэдэг. Цэргийн оёдлын үйлдвэрт насаараа ажилласан хүн. Хөдөө тэнээд явчихдаг хүний ар гэрийг сайн хань л авч явдаг. Гэртээ ирэхэд сайхан хоол ундтай, тав тухтай амарчихдаг тийм л сайхан хүн дээ. Манайх дөрвөн хүүхэдтэй. Ач зээ хэд билээ дээ. Би чинь элэнц өвөө шүү дээ. Хүүхдүүдээс кино урлагаар явсан хүүхэд байхгүй. Голдуу л багш нар байна. Харин миний нэг хүү бага байхдаа “Миний янзага” баримтат кинонд тоглож байсан. Ач, зээ нараас нэг нөхөр кино их сонирхоно. Би сүүлийн үеийн кинонуудыг тэр нөхрөөс л асууна шүү дээ.

УЛААНБААТАРТ БАЙГАА МИНИЙ ААВ

 Бүтээсэн он :1961 он

Бүлэг:9 /хар, цагаан /

  • Ерөнхий найруулагч: Д.Жигжид
  • Зохиогч:Д.Дожоодорж.Н.Надмид
  • Зураглаач: М.Дүйнхэр, Ц.Дашдондов
  • Зураач: : А.Бямбаа, С.Дагийжамц
  • Хөгжмийн зохиолч : С.Гончигсумлаа
  • Дууны оператор -З.Гаваа
  • Нүүр хувиргагч – Ц.Дашдондог
  • Эвлүүлэгч – Л.Далайхүү , Ц.Долгорсүрэн, Х.Нацагням

Гол дүрд:

  • Самдан- Р.Дамдинбазар
  • Долгор  – Ц.Тогтох
  • Гочоо – С.Ямаахүү
  • Дамдин  – Л.Жамсранжав
  • Хорлоо –  Н.Цэрмаа нар тогложээ.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
98
ЗөвЗөв
13
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж