"АНУ, БНХАУ хоёр нэгнээ буруутгах гэж улайрахаа болих хэрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2020.05.15-нд нийтлэгдсэн

"АНУ, БНХАУ хоёр нэгнээ буруутгах гэж улайрахаа болих хэрэгтэй"

"АНУ, БНХАУ хоёр нэгнээ буруутгах гэж улайрахаа болих хэрэгтэй"

The National Interest  сайтын нийтлэлийг орчуулан хүргэж байна

Covid-19 вирусийн цар тахал АНУ-д Хятад улсын талаар шинэ ойлголт төрүүлэх болжээ. Өнгөрсөн дөчөөд жил Вашингтон, Бээжингийн харилцаа нь Хятадыг ардчилсан улс болгох гэсэн бүтэшгүй мөрөөдөлд үндэслэсэн байв. Коранавирусийн талаар Хятадын Коммунист Намын дотоод болон гадаад бодлого ил тод байсан тул Бээжингийн дэглэм дотоодод ч, гадаадад ч хор хөнөөлгүй гэдэг нь эргэлзээгүй харагдлаа. Вирусийн улмаас дэлхий хохирч байгаагийн төлөө Бээжинд хариуцлага хүлээлгэхээс гадна Вашингтоны хувьд америкчуудыг Хятадын эдийн засгийн шахалт, улс төрийн нөлөөлөл, байлдан дагуулал, цаашлаад ирээдүйд Хятадаас гарах вирусүүдээс хамгаалахын тулд яаралтай АНУ-ын асуудлыг Хятадынхаас ялгаж салгах шаардлагатай байна. Харин энэ хооронд Хятадын Засгийн газар COVID-19 хэмээх вирус хаанаас, хэрхэн үүссэн талаар бүрэн тайлбар өгөх хэрэгтэй.

Бүх зүйлд шалтгаан, үнэн гэж бий. Ерөнхийлөгч Трампын талаас ямар байр суурьтай байгаа нь тодорхой. Гэхдээ түүний байр суурийг өнгөрсөн долоо хоногт Хятадын Коммунист намын захиалгаар англи хэл дээр нийтэлсэн Global Times сонины тойм нийтлэлтэй харьцуулж үзье. Тус нийтлэлд “Трампын засаглал коронавирусийн эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй байгаа шалтгаанаа дэлхийд тодорхой тайлбарлах хэрэгтэй бөгөөд олон буруу алхам хийснийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой”, “Тухайлбал Трамп өвчний тухай эхний сануулгуудыг үл тоомсорлосон, өвчний гарал үүслийн талаар худал мэдээлэл тараасан, эрдэмтдийн хийх ёстой ажлыг улстөржүүлж, олон улсыг төөрөгдүүлсэн”, “Вашингтон өөрийн иргэдийн төдийгүй дэлхийн өмнө буруутай”, “Учир нь Вашингтон байдлыг хяналтандаа авч чадаагүй, олон улсын хамтын ажиллагаанд саад учруулж, олон нийтийг төөрөгдүүлээд зогсохгүй дэлхийн тахалтай тэмцэх тэмцлийг байх ёстой байснаас нь олон дахин удаашруулсан” гэх зэргээр АНУ-ын бурууг тоочжээ. Гэсэн хэдий ч Вашингтон, Бээжин аль аль нь өөр өөрсдийн алдааны хариуцлагаа хүлээх ёстой билээ.

Коронавирус бол Хятад, АНУ-ын харилцаанд нөлөөлж буй цор ганц вирус биш аж. Хоёр улсын хооронд өөр өөрсдийн алдааг хаацайлж, олны анхаарлыг нөгөөхийнхөө сул талд хандуулан бие биенээ буруутгах гэсэн сэтгэхүйн вирус ч бас багагүй аюул заналхийлж байна. Хоёр талын хэн нь ч буруугаа хүлээхийн оронд улс төрийн байр сууриа авч үлдэхийг хичээж байна. Ши Жиньпин өвчний эхэн үед амжиж анхааруулаагүй хэмээх шүүмжлэлүүдээс зайлсхийж, харин Дональд Трамп АНУ-д цар тахал ийнхүү хүчтэй тархсан нь Хятадын буруу хэмээн баталж чадвал арваннэгдүгээр сард дахин сонгогдоход нь хэрэгтэй хэмээн тооцоолж байгаа бололтой. Вашингтон, Бээжин аль алинд нь дутагдаж буй ганц зүйл бол өөрсдийнхөө алдаа дутагдлыг ойлгон, хүлээн зөвшөөрч, өөр хоорондоо туршлага солилцон хамтран ажиллах явдал юм. Гэвч үзэл суртлын ялгаа, харилцан үл итгэлцэл, буруу арга хэмжээ, хоёр талын эмзэг байдал, эргэлзээ үүнд ихээр саад учруулж байна.

Гэхдээ хоёр тал алдаагаа хүлээн зөвшөөрч, хамтран ажиллахад заавал үзэл суртлын болоод өвчний эсрэг тэмцэх арга барилд нийтлэг зүйл байх албагүй билээ. Бээжингийн авторитар/Ленинист систем цар тахалд АНУ-ын ардчилсан/холбооны системээс эрс өөр арга замаар хандсан ч гэсэн зарим арга барил нь тархалтыг түргэн зогсооход үр нөлөө муутай байсан. Мөн Хятадын Коммунист тогтолцооны онцлог болох албан ёсны мэдээллийн нууцлал, ил тод бус байдал, эргэлзээтэй, бөөрөнхийлсөн мэдээлэл коронавирусийн талаарх олон улсын ойлголт, түүний эсрэг ахиц дэвшилд ихээр саад болсон нь үнэн билээ. Үүний зэрэгцээ, Хятадын авторитар тогтолцооны онцлог чанар вирусийн тархалтын эсрэг цөөнгүй амжилтанд хүрч, АНУ-ын нээлттэй ардчилсан тогтолцоо, өнөөгийн улс төрийн удирдлагын зарим сул тал АНУ-ыг вирусийн эсрэг амжилт гаргахад хойш татаж, удаашруулж, саад учруулж байсныг ч хүлээн зөвцөөрөх нь зүйтэй.

Түүнээс гадна хоёр талд хоёуланд нь ташаа мэдээлсэн олон зүйл бий. Хятадын Глобал Таймс сонинд 2019 оны есдүгээр сарын эхээр коронавирус байж болзошгүй тохиолдлууд бүртгэгдэж байсан бөгөөд түүнээс хоёр сарын өмнө АНУ-ын цэргийн Фредрик лаборатори хаалгаа барьснаас үзвэл АНУ-ын нууц ажиллагаагаар бүтсэн вирус задарч, АНУ-д тархаад, Хятадад зөөвөрлөгдөн ирсэн байх боломжтой гэж үзэх бүрэн үндэслэлтэй хэмээсэн байна. Мөн Хятадын нэгэн өндөр албан тушаалтай дипломатч гуравдугаар сард хэлэхдээ "АНУ-ын цэргүүд 2019 оны аравдугаар сард дэлхийн цэргийн тэмцээнд оролцохоор ирэхдээ Ухань хотод коронавирусийг тээн авчирсан" гэж байсан удаатай. Харин АНУ-ын талаас Ухань, Бээжингийн удирдлагууд өвчний тархалтын эхэн үед бүхнийг нууцалж, вирус хүнээс хүнд халддагийг мэдсэн ч нуун дарагдуулж, тодорхой мэдээлэл өгөлгүй, ард иргэддээ биш өндөр албан тушаалтнууддаа л анхааруулж, шинэ мэдээллийг хав дарж байсанд Хятадыг хүчтэй буруушааж буй. Түүнчлэн Хятадын лабораториуд вирусийн аюулгүй байдлын шаардлагад нийцээгүй дээжүүдийг устгаж байсныг “Бээжин вирусийн тухай олж мэдсэнээ дэлхийтэй хуваалцахын оронд нууцлан дариу устгаж байна” хэмээн буруутгаж байв.

Ерөнхийлөгч Дональд Трамп, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар цар тахалд Бээжинг буруутгаж, Вашингтоны алдааг хаацайлснаар дахин сонгогдох боломжоо өсгөх тактикаа барьж, үүний тулд тагнуулын нэрийг барин коронавирус Ухань хотын вирус судлалын лабораториос золгүй байдлаар алдагдсан хэмээн удаа дараа мэдэгдсэн билээ. Гэсэн хэдий ч АНУ-ын тагнуулын нийгэмлэг өөрөө тус мэдээллийг үгүйсгэн,  дээрх мэдээлэл нь ердөө шалгагдаж буй олон таамаглалуудын нэг бөгөөд нотлох баримт байхгүй хэмээн мэдээлсэн байна. Ихэнх эрдэмтэд Covid-19 өвчин үүсгэж буй шинэ SARS-CoV2 вирус нь амьтан, хүний хооронд байгалийн замаар халдварласан гэх онолыг илүү баримталж, хоёр талын, ялангуяа Вашингтон вирус лабораториос алдагдсан хэмээн нотлохоор улайрч байгааг эрс шүүмжилж байгаа билээ. Түүгээр зогсохгүй Трамп АНУ-д коронавирусийг шинэ, онц аюултай гэдгийг мэдэхээс өмнө байдал бишдэж байх үед "Вирусийг голомт дээр нь даруй дарж болох байсан. Хэрвээ вирусийг тэр дор нь дарсан бол ингэж дэлхийгээр нэг тарахгүй байсан” хэмээн хэдхэн долоо хоногт асар хурдтай тархах чадвартай вирусийн талаар ярьсанд “Голомт” гэх үг чухам аль талыг хэлж байгаа нь эргэлзээтэй байна.

Ийнхүү Бээжин, Вашингтон хоёулаа нэгнээ хамгийн муугаар хэлж, зориуд тараах ташаа мэдээлэл, төлөвлөгөө нь бэлэн байсан гэлтэй. АНУ, Хятад хоёр бие биенийхээ талаар хэзээнээс сайнгүй хэвшмэл ойлголттой байсан бөгөөд эдгээр хэвшмэл ойлголтоос үүдэлтэйгээр тэдний харилцаа цар тахал дэгдэхээс өмнө ч хоёр талд улс төрийн, үзэл суртлын, бүтцийн хувьд үл ойлголцол төрүүлж байсан юм. Харин өдгөө үүн дээр цар тахал нэмэгдсэнээр үл ойлгоцол улам хурцадсан нь америкчууд болон хятадуудад аюул, эмзэг байдал, тодорхойгүй ирээдүйн талаар эргэлзээг улам ихээр төрүүлэх болсон байна.

Ийм нөхцөл байдалд хоёр тал бодит байдал, үнэн хичнээн нарийн төвөгтэй байхаас үл хамааран нөгөө талаар өөрсдийн эмзэг, тодорхойгүй байдлыг арилгахын тулд вирусийн эсрэг хэрэгтэй, зөв гаргалгаагаа олж магадгүй юм. Гэхдээ дотоодын аюулаас илүү гадаад аюулд анхаарлаа хэт төвлөрүүлэх нь АНУ, Хятад улсууд дотооддоо учирч буй хүндрэл, системийн хямралыг даван туулахад тулгарах сорилтыг улам хүндрүүлсээр байх болно.

Олон улсын орчин, бүх талын нийгэм, эдийн засгийн дарамтыг харгалзан үзэхэд үүссэн хүндрэлийг таслан зогсоох, харилцан итгэлцэл, эерэг эрч хүч, хамтын ажиллагааг цогцлоох нь ялангуяа коронавирусээс болж хоёр улсын дипломат харилцаанд сэв сууж буй энэ үед АНУ, БНХАУ аль алинд нь хэцүү байх болно. Хэдий тийм ч Вашингтон ч, Бээжин ч одоогийн үл ойлголцлоо  урт хугацаанд, ойрын хугацаанд ч хэвээр нь үлдээхийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Нөхцөл байдлыг намжаахын тулд тэд амиа хичээх, хэт болгоомжлох, нэгнээ буруутгах үйлдлээ даван туулж, шинэ хүйтэн дайнаас сэргийлэн шинээр харилцан ашигтай харилцаа тогтоох хэрэгтэй болоод байна.

Эх сурвалж: THE NATIONAL INTEREST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж