Вашингтон хотын гурван одтой Литтл Вашингтон Инн хэмээх тус ресторан тавдугаар сарын 29-нөөс эхлэн үүд хаалгаа нээж, зочиддоо үйлчилж эхэлнэ хэмээн рестораны төлөөлөгч Чарли Дугиело мэдэгджээ. Тус ресторан хөл хорионоос эргэн ирж буй үйлчлүүлэгч нартаа өмнөх шиг дүүрэн орчинд, эрүүл ахуйн шаардлага хангасан, зай барин ажиллах бэлтгэлээ базааж байгаа гэнэ. Тиймээс зай барих дүрмийн дагуу нийт багтаамжийнхаа тал хувийг манекенаар дүүргэх содон санаа олжээ. Зоогийн газрын эзэн, ахлах тогооч Патрик О’Коннел "Манекеныг хувцаслаж чимэглэх үнэхээр сонирхолтойн дээр тэд огтхон ч гомдоллодоггүй тул энэ санаа надад үнэхээр их таалагдаж байна" хэмээн ярьжээ.
Тийнхүү манекенаар ресторанаа дүүргэхдээ тэднийг дэлхийн хоёрдугаар дайны дараах буюу 1940-өөд оны үеийн загвараар хувцаслаж, хос хосоор нь суулгах аж. Манекенууд үйлчлүүлэгчдийн адил ширээнд суун, жинхэнэ үйлчлүүлэгчдийн ширээг хооронд нь тусгаарлаж өгөх ба ингэх нь зөвхөн зай барих дүрмээс гадна сайхан орчин бүрдүүлэхэд тустай гэж рестораны удирдлагууд үзэж байгаа гэнэ.
Рестораны ажилчид манекенуудыг илүү амьд харагдуулахын тулд хотынхоо театртай хамтран ажиллажээ. Театрын захирал Мэгги Боланд “Манекенуудыг ийнхүү ашиглах нь зай барих дүрмийг дагаж мөрдөх сайхан санаа бөгөөд үйлчилгээний газрууд эргэн нээгдэхэд хамтарч ажиллахдаа таатай байна” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: CNN.COM
Холбоотой мэдээ