Ж.Батзандан, Л.Болд хоёрыг нэг хэсэг дагаж намирсан УИХ-ын гишүүн С.Жавхлан энэ удаад АН-д гишүүнээр элссэн нь өнөөдрийн улс төрийн бүүм болов. С.Жавхлан С.Эрдэнийн урилга, заллагаар эсвэл өөрийн хүсэл мөрөөдлөөр АН-ыг сонгосон эсэхийг мэдэхгүй. Гэхдээ Ардчилсан нам зохиолын дуучныг урьж сонгуульд сойх хэмжээний “доошоо” орсонд жирийн гишүүд дэмжигчид нь эгдүүцэж, эсэргүүцэж байна. Намынх нь үй түмэн горилогч үүд хаалгыг нь сахиж суухад С.Жавхланг урьж авчирч, улаан гэрлээр нэр дэвших квот олгох С.Эрдэнэ АН-ыг алиалагчдаар дүүргэхийг хүсээгүй байлтай.
Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ намдаа үнэнчээр зүтгэж ирсэн гишүүдээсээ илүү нам намын хаалга татаж явсан хүмүүсийг цуглуулж, сонгуульд нэр дэвшүүлж байгааг харахад АН лавтайяа нэг, хоёр суудлаа алдчихлаа гэж хэлэхэд болно. Жишээлбэл, Ерөнхийлөгчийн хүний эрхийн зөвлөх Г.Уянга байна. АН-аас гарч, олон намын гишүүнчлэл өвөртөлсөн Г.Уянга эргэн ирснээ зарлахын сацуу Чингэлтэйд даагаа нэхэхээр болсон мэдээлэл ч зэрэгцээд цацагдав. Ерөнхийлөгчийн хүний эрхийн зөвлөхөөр ажилладаг Г.Уянга АН-ын үзэл бодол, үзэл санаатай үргэлж зөрчилдөж ирсэн нь цаазын ялыг сэргээх байр суурь. АН-аас нэр дэвшүүлсэнгүй гэж удаа дараа С.Эрдэнэ дарга руу дайрсан тэрбээр энэ удаад түүнийг ялсан ч Чингэлтэйд ялж чадна гэсэн үг биш. УИХ-ын 2016 оны сонгуулиар Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын даргаар сонгогдож, Чингэлтэйд нэр дэвшсэн ч унасан. Утсан дээрээсээ Л.Эрдэнэчимэгийн бичлэгийг “алдсан” тэрбээр энэ удаад АН-ын өмнөөс Чингэлтэйд нэр дэвшиж байгаад жирийн гишүүд нь таа муутайхан байх шиг. Ямар сайндаа Чингэлтэйг Ардын намынханд тавьж өглөө гэсэн шүүмжлэл АН-ын даргыг дагалдаж байна.
Үүний өмнө парламентад МАХН-ыг төлөөлж байсан ч бараг бие даагч болчихсон О.Баасанхүү Ардчилсан намд элсч, С.Эрдэнээс Орхон аймагт нэр дэвших эрх авсан билээ. Энэ мэт хаягдсан, гологдсон, ганцаардсан, тэнэж төөрсөн хүмүүсээр намаа дүүргэж буй С.Эрдэнэ улс төрийн хувьд мэдрэмжгүй нүүдэл хийж байна. С.Жавхлан гэхэд өмнө нь Увс аймагтаа нэр дэвшээд ялалт байгуулж чадаагүй. Г.Уянга Чингэлтэйд даагаа нэхлээ гээд дахиж гишүүн болох магадлал тун муу. О.Баасанхүүг Орхон аймгийнхан төрд төлөөлөх эрхээ дахин өгнө гэсэн баталгаа байхгүй. Тэгэхээр дуулдаг хуурддаг, урвадаг шарвадаг хүмүүсийг намдаа урьж залж, сайн дурын уран сайханчдаар дүүрч буй АН ахиад дөрвөн жил гудамжинд лааз өшиглөж мэдэх нь ээ. Ийнхүү С.Эрдэнийн нам ирэх сонгуульд попуудыг У.Хүрэлсүх эрдэмтдийг сойж байна
Б.БАТ
Холбоотой мэдээ