Дэлхийн цөмийн эрчим хүчний станцууд атомын зэвсгийн салбарт мөнгийг харамгүй “цацаж” байгааг шинэ тайлан харуулжээ. Тэр дундаа зэвсгийн хяналтын гэрээг цуцалж шинэ зэвсэгтэй болсон Вашингтон жагсаалтыг тэргүүлж байна. Цөмийн 13 мянга гаруй зэвсэгтэй есөн орон 2019 онд л гэхэд 72.9 тэрбум ам.долларыг зөвхөн цөмийн зэвсэг бүтээх, хөгжүүлэх ажилд зарцуулсан хэмээн олон улсын цөмийн зэвсгийн эсрэг хөдөлгөөний тайланд дурдсан байна. Ялангуяа АНУ дээрх нийт мөнгөний тал орчим хувийг буюу 35.4 тэрбум ам.долларыг цөмийн зэвсэгт зарцуулсан байна.
Гэвч энэ бүх мөнгө, энэ бүх зэвсэг дэлхийг цар тахлаас хамгаалахад ямар ч нэмэр болоогүйг хөдөлгөөнийхөн онцолжээ. “Дэлхийг нөмөрсөн аюулын эсрэг цөмийн зэвсэг ямар ч хэрэггүй, хүн төрөлхтний аюулгүй байдлыг хангадаггүй гэдэг нь одоо хамгийн тодорхой болж байна. Гэтэл АНУ эрүүл мэндийн салбарт зарцуулаагүй мөнгөө цөмийн зэвсэгт зарсаар байна” хэмээн тайланг удирдан гаргасан Алишиа Сандерс Закри ярьжээ.
Тайланд, АНУ-ын араас 10.5 тэрбум ам.доллар зарцуулсан БНХАУ, 8.9 тэрбум ам.доллар зарцуулсан Их Британи, 8.5 тэрбум ам.доллар зарцуулсан, хамгийн олон бөмбөгтэй ОХУ жагсчээ. Мөн 2018-2019 онд олон улсын цөмийн зэвсэгт зарцуулах мөнгө 7.1 тэрбум ам.доллараар нэмэгдсэний 5.8 тэрбум ам.долларыг Вашингтон гаргасан аж. Бас АНУ-ын цөмийн зэвсгийн өсөлтийн эсрэг байр сууриа хадгалж үлдэхийн тулд БНХАУ ч илүү олон цөмийн бөмбөг өөрсдөө үйлдвэрлэнэ гэдгээ ч мэдэгдэж байсан билээ.
Европ дахь дунд зайн баллистик пуужингууд тус зэвсгийг хориглосон 1987 INF зэвсгийн хяналтын гэрээг зөрчсөн хэрэг болж, Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн жил гэрээг цуцалсан юм. Мөн АНУ-ын зүгээс ОХУ гэрээг зөрчсөн хэмээн буруутгасан ч нотлох баримт олж чадаагүй билээ. Түүнээс гадна АНУ-ын мэргэжилтнүүд дээрх гэрээ анхнаасаа БНХАУ-ын цөмийн зэвсгийн тухай дурдаагүй учир алдаатай гэрээ байсан хэмээх болжээ.
Олон улсын цөмийн зэвсгийн эсрэг хөдөлгөөнийхөн дээр дурьдсан үнэ бол зөвхөн судалгааны үр дүн бөгөөд цөмийн зэвсгийн жинхэнэ өртөг нь туршилтын улмаас хохирсон иргэдийн амь нас, эрүүл мэн, байгалийн сүйдлээр хэмжигдэнэ хэмээн онцолжээ.
Эх сурвалж: RT.COM