Турк, Башар Ассад хоёул “Исламын улс”-аас нефть авдаг

Хуучирсан мэдээ: 2015.12.11-нд нийтлэгдсэн

Турк, Башар Ассад хоёул “Исламын улс”-аас нефть авдаг

 

“Исламын улс” бүлэглэл нефтийн наймаанаас 500 сая ам.долларын орлого олсон бөгөөд ихэнхийг нь Сирийн засгийн газар, зарим хэсгийг нь Турк худалдаж авсан хэмээн АНУ-ын сангийн яамны албаны хүн мэдэгджээ. “Исламын улс” бүлэглэлийн санхүүжилтийн нэлээдгүй хувийг нефтийн наймаа эзэлдэг байна.

 

АНУ-ын сангийн яамны харьяа терроризмын эсрэг тэмцэх, санхүүгийн тагнуулын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Адам Шубиний мэдээлснээр “Исламын улс” бүлэглэл сард нефтийн наймаанаас 40 сая ам.долларын орлого олдог гэнэ. “Исламын улс” бүлэглэлийн нефтийн том худалдан авагч нь Сирийн засгийн газар боловч зарим хэсэг нь курдын бүс нутгаар дамжин Туркт хүрдэг аж. Түүнчлэн “Исламын улс” бүлэглэлийн нийт хөрөнгө нэг тэрбум ам.доллар давсныг Адам Шубин хэлжээ.

 

“СУ-24” байлдааны онгоцыг сөнөөсний дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Туркийг “Исламын улс” бүлэглэлээс нефть худалдан авч “террористуудыг санхүүжүүлдэг” хэмээн буруутгасан юм. Түүнчлэн “Исламын улс”-тай хийх нефтийн наймааг Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы хүү удирддаг хэмээжээ. Харин Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган үүнийг эрс үгүйсгэж, ОХУ буруутгалаа баталж чадвал огцроход бэлэн байна хэмээсэн юм. Оросын “СУ-24” байлдааны онгоц өнгөрсөн сард Сирийн хойд хэсэгт исламын хэт даврагчдын нефтийн цувааг бөмбөгдөөд буцаж явахад нь Туркийн арми буудаж сөнөөсөн юм.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж