2020: Гучин нэг дэх Ерөнхий сайд хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2020.05.14-нд нийтлэгдсэн

2020: Гучин нэг дэх Ерөнхий сайд хэн бэ?

2020: Гучин нэг дэх Ерөнхий сайд хэн бэ?

Ж.Батзандан өөрийгөө 31 дэх Ерөнхий сайдаар зарлав гэсэн бичвэр олон нийтийн сүлжээнд явж байхтай “таарав”.  Үнэхээр ч нам толгойлж, сонгуульд өрсөлдөж байгаа бүхэн өнөөдөр өөрийгөө Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар төсөөлчихсөн яваа. Харин ямар хүнийг Ерөнхий сайд болгохоо сонгогчид шийднэ, зургадугаар сарын 24-нд.

Энэ жилийн сонгуульд 15 нам, дөрвөн эвсэл өрсөлдөх болсон гэвэл 19 хүн эмээлтэй хазаартай морь цээжиндээ хөтөлчихөөд цогьж яваа. Гэхдээ тэдний ганц нь  гүйцэтгэх засаглалыг тэргүүлнэ. Бусад нь их санасан газар хоосон хонож таарна.

 Аргын тооллын тавдугаар сарын 25-ны 12.00 цагаас шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхэлснээр Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх, чөлөөлөх эрхтэй болж эсрэгээрээ Засгийн газраас оруулж ирсэн төсвийн бодлого, мөнгөний хуваарилалтад гишүүд оролцох эрх нь хумигдаж буй. Нэмээд өчигдрийн чуулганы хуралдаанаар баталсан Засгийн газрын тухай хуулийг өөрчлөхдөа “Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, хэрэв зөвшилцөж чадаагүй тохиолдолд өөрөө өргөн мэдүүлэх”-ээр болгосон.  Үндсэндээ  УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газрын тэргүүн Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуулийн дагуу супер Ерөнхий сайд болно гэсэн үг.  Ж.Батзандан, А.Отгонбаатар, Н.Энхбаяр, Б.Найдалаа, С.Эрдэнэ, У.Хүрэлсүх нар бүгд л 31 дэх Ерөнхий сайдын төлөө өрсөлдөж байгаа юм.

Мэдээж, энэ том эрх мэдлийг дагаад том үүрэг хариуцлага ч ногдож байгаа.  Үндсэн хуулийг дагасан органик хуулиудыг өөрчлөх, гадаадын хөрөнгө оруулагчдад тавьсан 2.9 тэрбум ам.долларын өр төлөх, цар тахлаас болж хямарсан эдийн засгаа сэргээх, аврах үүрэг хүлээнэ. Ирэх намар гэхэд 20 мянган компани хаалга үүдээ барьж, 260 мянган хүн ажилгүй болохыг МХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин тооцож гаргажээ. Дээр нь 2021 онд “Мазаалай”, 2022 онд “Чингис”, 2023 онд “Самурай”, “Гэрэгэ”, 2024 онд “Хуралдай” бондын өрийг төлнө.

Тэгэхээр гадаад, дотоодод эдийн засаг муудсан хүнд хэцүү цагт улс орноо удирдах 31 дэх Ерөнхий сайд хэн болох нь сонгогч нэг бүрийн саналаас шууд хамааралтай юм.

Тэгэхээр энэ мэт эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлаа дүгнэж, сонгогчид хэнийг Ерөнхий сайд болгохоо тооцож, санал өгөх хэрэгтэй. Тэгэхээр сонгогчийн боловсрол, мэдлэг маш чухал.  Нэр дэвшигчээсээ гадна намуудын хөтөлбөрүүд, намын даргыг нь давхар судлах хэрэгтэй болж байна. Хэн ажил хийж, хэн хэрүүл хийж чадахыг  санал өгөхдөө сайн бод. Жишээ нь, Ж.Батзандан гоё ярьдаг шигээ ажил хийж чадах үгүйг нь санал өгөхдөө  заавал тооцох ёстой юм.

Намуудын нэр дэвшигчдийг зурахдаа давхар намынх нь даргыг дугуйлна гэсэн үг.

 Ерөнхий сайдаар хэнийг томилохыг бодолцож саналаа өгөхгүй бол нөгөө л ямар сонгогч байна, тийм төр оршино.

Ялсан намын дарга намын дүрмээрээ Ерөнхий сайд болох ёстой.  Энэ дүрэм аль ч намд үйлчилдэг.  З.Энхболд, М.Энхболд хоёр л энэ жишгийг эвдчихсэн болохоос.

Хэрэвзээ Ж.Батзандангийн намын нэр дэвшигчид санал өгч байна гэдэг цаанаа Ж.Батзанданг Ерөнхий сайдаар томилохыг дэмжиж гараа өргөж буйтай адилхан. Гэхдээ,  гүйцэтгэх засаглалын тамга түүний гарт очвол улсаараа сүйрнэ. Хүүхдэд шүдэнз бариулж болдоггүй гэдэг дээ.

Энэ удаагийн сонгуулийн гол тулаан АН-ын С.Эрдэнэ, МАН-ын У.Хүрэлсүх хоёрын дунд өрнөх нь ойлгомжтой. Угаасаа ч урд өмнөх долоон сонгуулиас харахад АН, МАН-ын хооронд өрсөлдөөн явагддаг.

Гэхдээ, 2016 оных шиг үнэмлэхүй олонх бүрдэх боломжгүй.  Хуульд зааснаар аль нэг нам 39-өөс дээш суудал авч байж засгаа бүрдүүлнэ.  Намуудын урьдчилсан байдлаар гаргасан нэр дэвшигчдийн нэрсийг харахад хамтарсан засаг байгуулах магадлал тун өндөр.  Хамтарсан засаг байгуулбал хяналт тавих сөрөг хүчингүй болно. Засгийн газрын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө. Үндсэн хуульд заасан Ерөнхий сайд нь танхимаа өөрөө бүрдүүлэх, чөлөөлөхөд хүндрэл гарна. Ахиад л  тохиролцооны засаг байгуулагдана. Үндсэн хуулиа өөрчилж, Ерөнхий сайдад “том” эрх мэдэл өгсний хэрэг гарахгүй. Дараа нь тэгээд МАНАН үүслээ, барилаа гэж хараацгаадаг.

Хариуцлагатай, тогтвортой Засгийн газар байгуулъя гэвэл аль нэг нам ердийн олонхоос илүү суудал авах ёстой болж байна. Гэхдээ ямар засгийн газар байгуулахыг сонгогчийн санал мэднэ.  Хэнийг Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд болгохоо сонгогч та сайн бодож, нэр дэвшигчээ дугуйлаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж