Онцгой байдлын ерөнхий газраас Цаг уур орчны шинжилгээний газартай хамтран өнөөдөр /2020.05.14/ цаг агаарын аюулт үзэгдлийн талаар мэдээлэл хийлээ. Маргаашнаас эхлэн нийт нутгаар эрс хүйтэрч, орон нутагт хүчтэй шороон болон цасан шуурга шуурахыг анхаарууллаа. Тухайлбал, энэ сарын 14-15-нд шилжих шөнө баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 15-ны өдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар 16,17-ны өдрүүдэд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж салхи секундэд 18-20 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 24-26 метр хүрч ширүүсч онц хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Энэхүү байгалийн гамшигт үзэгдэл нь 2008 оны тавдугаар сарын 26, 27-нд болсон цаг агаарын онц аюултай үзэгдэлтэй төстэй байна гэж ЦУОШГ-ын урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал онцоллоо. Түүний хэлснээр энэ сарын 15-нд Хэнтийн, Сүхбаатар, Говь сүмбэр, Дорноговийн нутгаар Төв Дундговийн зүүн хэсгээр салхи 26-28 метр ширүүсч зарим үед 34м/с хүрч гамшигт үзэгдэл болох төлөвтэй байна. Мөн Төв аймаг, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурах байгалийн гамшигт үзэгдэл ажиглагдах аж.
2008 ОНД БОЛСОН ГАМШИГТ ҮЗЭГДЭЛ ДАХИН ДАВТАГДАЖ БОЛЗОШГҮЙ
ЦУОШГ-ын урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга дарга Л.ОЮУНЖАРГАЛ:
-Ойрын үед ажиглагдах цаг агаарын гамшигт болон аюултай үзэгдэл нь 2008 онд болсон цаг агаарын гамшигт үзэгдэлтэй маш төстэй байгаа юм. Энэхүү байгалийн гамшигт үзэгдлийн үеэр 52 хүн амь насаа алдаж, 324 бог мал сүйдэж 100 байшингийн дээвэр хуурч, цахилгааны шон нурж тог тасарч байсныг эргэн сануулъя. Хүмүүс амь насаа алдсан шалтгаан нь үдээс өмнө цаг агаар тогтуун байсан учраас хүүхдээ малд явуулсан, нимгэн хувцасласан, цаг агаарын аюулт үзэгдлийн талаарх сэрэмжлүүлгийг үл тоосноос болсон. Иймд иргэд та бүхэн өглөөний наранд хууртаж, амралтын өдрүүдэд малаа хотноос нь гаргахгүй, хүүхдийг малын бэлчээрт явуулахгүй, нимгэн хувцаслахгүй байхыг анхааруулъя. Ялангуяа Төв аймгуудын нутгийн хойд хэсгээр Хэнтий аймагт эрс хүйтэрнэ гэдгийг онцгойлон анхааруулж байна.Тиймээс малчид бэлтгэлтэй байгаарай.
ЗАМ ДАВААГ ХААЖ, ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАЖ БОЛЗОШГҮЙ
Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам давааг хааж болзошгүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тус газрын мэдээлснээр шаардлагатай бол гамшгаас хамгаалах үүднээс улсын чанартай зорчих хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлаж магадгүй аж.
ОБЕГ-ын дэд хурандаа Б.ДУЛАМСҮРЭН:
– Энэ сарын 15, 16-ны өдрүүдэд цаг агаарын аюултай үзэгдэл болох тул малчид малаа холын бэлчээрт гаргахгүй байхыг зөвлөж байна. Мөн иргэд цаг агаарын мэдээллийг тогтмол авч, ойр дотнын хүмүүстээ мэдээлэх хэрэгтэй. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаасантай холбоотойгоор нийслэл дэх иргэд бага насны хүүхдээ хөдөө орон нутаг руу явуулсан. Иймд хөдөө орон нутагт бага насны хүүхдийг гэрээс нь гаргахгүй байх хэрэгтэй. Гадаа тоглуулахгүй байх, малын бэлчээрт явуулахгүй байхыг анхааруулж байна.
Мөн амралтын өдрүүдэд хөдөө орон нутгийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Энэ амралтын өдрүүдэд цаг агаарын аюулт үзэгдэл ажиглагдах тул иргэд, жолооч нар холын болон ойрын замд явахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Ялангуяа Зүүн аймгуудын нутгаар зорчихгүй байх нь зүйтэй. Хэрэв хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаантай бол жолооч нар тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж, дулаан хувцаслахыг анхааруулъя. Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас шуурганд төөрч, цасанд суувал яаралтай ОБЕГ-т хандаарай. Цаг алдах тусам дуудлага мэдээлэл тусламж оройтно. Мөн цаг агаарын таагүй нөхцөл байдлын үед зам даваа хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагддаг тул гамшгаас сэргийлэх үүднээс аймгийн ЗДТГ-ын захирамжаар зам даваа хаах, улсын чанартай замын зорчих хөдөлгөөний хэсгийг хязгаарлаж магадгүй. Түүнчлэн иргэд аль болох ил задгай гал гаргахгүй байхыг зөвлөе.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ