
-Харъяаллын нутаг дэвсгэртээ шалгалт хийхийн үр дүн юунд байна вэ. Ажиглаад байхад сүүлийн үед эмэгтэй цагдаа нар олон болж. Та бүхэн шөнө оройн цагаар эргүүл жижүүр хийхэд хүндрэлтэй байдаг уу. Архи ууж танхайрсан эрчүүдээс айдаггүй юу?
-Манай “Сансар” тасгийнхан харъяаллын нутаг дэвсгэртээ үе үе шалгалт хийж заншсан. Эргүүл хийх нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сайн талтай. Манай тасагт л гэхэд таван эмэгтэй цагдаа ажилладаг. Архи ууж танхайрсан, гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн ихэнх нь эрчүүд байдаг. Тэд биднээс айхгүй ч төрийн хувцаснаас эмээдэг юм шүү. Гудамжинд барьцалдаад зогсож байгаад цагдаа хувцастай хүн хараад больчихдог. Ер нь бидний ажил болохоор эргүүл жижүүрт гараад дассан даа. Айгаад байвал яаж ажлаа хийх билээ.
-Танай хорооны нутагт ямар гэмт хэрэг голчлон гарч байна вэ. Гэмт хэргийн шалтгаан юу байна. Байгууллага аж ахуйн нэгжүүддээ хүрч ажиллаж чадаж байна уу?
-Танхайн гэмт хэрэг буурахгүй байна. Өнгөрсөн саруудад манай хорооны нутаг дэвсгэрт гарсан гэмт хэргийн тоо өссөн. Үүний шалтгааныг иргэдэд бэлэн мөнгө тараасантай холбон ойлгож болно. Ахуйн хүрээний архидалтаас үүдсэн танхайн хэрэг айл гэрт болон баар рестораны ойролцоох гудамж талбайд ихэвчлэн гардаг. Манай хороо 13900 хүн амтай, 204 аж ахуйн нэгж байгууллагатай. Албан ёсны бүртгэлгүй хүмүүсийг оруулан тооцвол хүн амын тоо 19 мянга гаруйд хүрдэг. Хорооны нутагт таван их дээд сургууль, гурван ЕБС, гурван цэцэрлэг бий. Мөн хоёр шатахуун түгээх станц, нэг банк, дөрвөн баартай. Энэ бүгдэд гурван цагдаа хүрч ажиллана гэдэг амаргүй. Гэсэн хэдий ч бид гэмт хэргийг бууруулахын тулд өглөөний найман цагаас үдшийн бүрий болтол ажиллаж байна. Хороон дээр АНУ-ын Азийн сангаас “Цагдаа олон нийтийн хамтын ажиллагаа” төсөл хэрэгжих болсноос хойш хэсгийн ахлагч нар бидэнд туслах болсон.
-Зургадугаар сард нийслэлийн Засаг дарга зарим баар цэнгээний газрыг хаасан. Танай хорооны нутагт таван баар ажилладаг гэлээ. Тэднээс хаагдсан уу. Ер нь баар цэнгээний газрын ажиллах цагийг хязгаарласнаар гэмт хэрэг буурдаг уу?
-Хотын даргын шийдвэрийн дагуу манай хорооны “Амазон”, “Куип” зэрэг баар цэнгээний газрыг хэсэг хугацаанд хаасан. Тэр үед гэмт хэрэг, зөрчил эрс багасч ирсэн. Гэвч эдгээр баарууд одоо нэрээ өөрчлөөд ажиллаж эхлээд байна. Баар цэнгээний газрууд ихэвчлэн их дээд сургуулийн ойр орчимд байрлаж байгаад хамгийн ихээр эмзэглэдэг. Уг нь их дээд сургууль, ЕБС-ийн ойролцоо, тодруулбал 100 метрээс дотогш зайд баар ажиллуулахыг хориглосон байдаг. Гэтэл Улаанбаатар их сургуулийн дэргэд архи худалдаалдаг дэлгүүр өдөр шөнөгүй ажиллаж буй бол Сутай дээд сургууль өөрийн байрандаа биллъяард ажиллуулж, ойролцоо нь 2-3 дэлгүүр архи согтууруулах ундаагаар үйлчилж байна. Сутайгийн зэргэлдээ нь Амазон ралас шөнийн цэнгээний клуб ажиллах жишээтэй. Оюутнуудын суралцдаг эрдмийн өргөө нь архи согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээтэй зэрэгцэх болсон нь харамсалтай. Архи согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрлийг нийслэл, дүүргээс олгодог болохоор бидний хувьд тусгай зөвшөөрлийг нь хаах, хянах эрхгүй байдаг. Тиймээс хичээл цуглахаас өмнө энэ асуудлыг шийдээсэй гэж л хүсэх байна даа.
-Оюутнууд цуглахаар нийслэл хотын хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг. Үүнтэй зэрэгцээд хэрэг зөрчил ч өсөх хандлагатай байдаг уу?
-Тэгэлгүй яахав. Оюутнууд ирэхээр хорооны нутаг дэвсгэрт элдэв зөрчил, гэмт хэрэг нэмэгддэг. Архидалт ихсэж, согтуу хөлчүү үедээ гэмт хэрэг үйлдэх нөхцөл болж байгаа тул их дээд сургуулийг хотоос гаргаж, эмх цэгцэнд оруулах нь хамгийн зөв шийдэл гэж боддог.
-Танай хорооны нутаг дэвсгэр харьцангуй том. Гэтэл гурван цагдаа ажилладаг гэх юм. Байгууллага, айл өрх бүрт хүрч ажиллахад хүндрэлтэй байдаг уу?
-Яг үнэндээ гурван цагдаа бүх газарт хүрч ажиллана гэдэг хүнд. Бид гэрээсээ өглөөний найман цагт гарч, шөнийн 12 цагтай уралдан харьдаг. Үнэндээ хүнд хөдөлмөр л дөө. Гэвч нэгэнт сонгосон мэргэжилдээ үнэнч зүтгэх нь цагдаа хүний үүрэг байдаг. Харин саяхнаас дүүргээс хороо бүрт нэг мотоцикл өгсөн нь дуудлагын дагуу түргэн шуурхай ажиллахад их дэм болж байгаа. Байгууллага аж ахуйн нэгжүүдэд бид ажилтан, ажилчдаа нэгбүрчлэн бүртгэх, болж өгвөл хуруу гарын хээ, гэрэл зургийг нь авч байхыг шаарддаг. Энэ нь наанаа илүү ажил мэт байвч цаанаа бол их ач тустай. Адаглаад л тухайн байгууллагад элдэв төрлийн хэрэг гаргахгүй байх үндэс болдог. Тухайн байгууллагыг ажилчдаас нь илүү мэдэх хүн гэж үгүй. Ялангуяа харуул хамгаалалтын хүмүүсээ зөв сонгож ажиллуулаагүйгээс хулгай, дээрэмд өртөж их хэмжээний хохирол амсах нь бий. Харин саяхнаас иргэдийн шинэчилсэн бүртгэл эхэлж, хүмүүсийн талаар дэлгэрэнгүй анкет бөглөж байгаа нь бидний ажилд цаашдаа их хэрэг болно.
-Танай хороонд эрсдэлтэй бүлгийн хүн олон байдаг уу. Гэмт хэрэгт холбогдож байсан, холбогдож болзошгүй хүмүүсээ таних уу та бүхэн?
-Ер нь эрсдэлтэй хүмүүсээ сайн мэднэ шүү. Оны эхэнд өршөөлийн хуулийн дагуу суллагдсан 7-8 хүн миний харицсан нутагт амьдардаг. Хорооны хэмжээнд бол 20 гаруй хүн бий. Тэднээс нэг нь л дахин гэмт хэрэг үйлдсэн. Бусад нь элдэв зөрчил гаргаагүй. Тэдгээр хүмүүстэй сар бүр уулзаж, гэмт хэрэгт холбогдохгүй байх талаар зөвлөгөө өгдөг.
-Ямар төрлийн гэмт хэрэг зонхилон гарч байна вэ?
-Хулгай, танхайн ихэвчлэн гардаг. Түмпэн шанаганы хулгай бол тасрахгүй шүү дээ. Айлууд усны тэргээ алдах явдал их байдаг. Зарим нь алдлаа гэж хэлнэ, зарим нь ч хэлэхгүй. Уг нь юу ч алдсан байсан хэлж тэмдэглүүлж байх учиртай. Тэгж заншаагүйгээс хулгайч нар улам өөгшдөг. Хүүхдүүд орон гэрээсээ дайжих, зугтах явдал буурахгүй байна. Энэ оны өмнөхөн ЕБС-ийн аравдугаар ангийн охин алга болоод сар гаруй хайсан. Олон газраар явж хайсны эцэст Улиастайд хэдэн оюутнуудтай байр хөлслөн биеэ үнэлж байхыг нь илрүүлсэн. Энэ мэт зардал, чирэгдэлтэй явдал их гарна. Хэдийгээр эрж хайхад гарсан зардлыг ар гэрийнхэн нь төлөх ёстой ч гэр хорооллынхонд тийм боломж байдаггүй. Мотоциклынхоо бензин тосыг ч бид өөрийнхөө халааснаас л гаргаж байна даа.
Д.Цээнэ