“Салхитын мөнгөний орд"-ын хэрэгт холбогдсон Б.Мөнгөншагай нарын нэр бүхий 15 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.05.14/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт эхэлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байдаг. Тэднээс зургаан шүүгчийг "Салхитын мөнгөний орд"-ын хэрэгт холбогдуулан хэргийг тусгаарлаж, яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.
Тодруулбал,
- Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр,
- Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар,
- Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг,
Хахууль өгсөн үйлдэлд Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.Алтан-Очир нарын 15 хүнийг буруутган Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.4, 22.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд шилжүүлээд байгаа билээ. Шүүхийн шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.
Дашрамд дурдахад, Ш.Мөнгөншагай нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан дөрөвдүгээр сарын 28-ны өдөр болсон ч шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Б.Сайханцэцэг өөрийн сонгон авсан өмгөөлөгч П.Одонтунгалагаас татгалзаж, өөр өмгөөлөгч авах хүсэлт гаргаснаар шүүх хуралдааныг өнөөдөр зарласан нь энэ юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ