Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ажиглалтад 1286 хүнийг 62 эмч, ажилтан эмчилж байна. Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 шуурхай утсанд нийт 393 дуудлага иржээ. Гадаадаас нийт 58 дуудлага долоон улсаас ирж 16 хүн коронавирусийн талаар зөвлөгөө мэдээлэл авсан байна. Мөн орон нутгийн 14 галт тэргэнд явсан 3754 хүн тандалтын судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна.
"ЭМЧЛЭГДЭЖ БУЙ ХҮМҮҮСИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРТОЙ БАЙНА"
ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:
-Өчигдөр нэг эмэгтэй амаржиж охинтой боллоо. Хоёр удаагийн шинжилгээний хариу сөрөг гарсан. Ажиглалтад байсан эмэгтэй төрсөн. ХӨСҮТ-ийн нийт гурван лабораторид хийсэн 375 хүний шинжилгээ хийсэн. Тусгаарлагдсан нэг иргэний хариу сөрөг гарлаа. ОХУ-аас ирсэн 18 хүнээс халдвар илэрлээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 132 хүн хянагдаж байна. Эмчлэгдэж буй хүмүүсийн биеийн байдал тогтвортой байна. Одоогоор хоёр хүн эмнэлгээс гарахад бэлэн болсон ч хянаж байна. Учир нь, хоёр удаагийн шинжилгээнээс нэгд нь коронавирус илрээд байна. Харин Алтанбулагийн боомтоор ирсэн тээврийн 25 жолоочоос коронавирус илрээгүй.
" УРЬДЧИЛСАН БАЙДЛААР 18 ОЮУТНААС КОРОНАВИРУС ИЛЭРЛЭЭ"
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Давтан шинжилгээгээр халдвар илэрсэн ирэгн ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан, Франкфуртийн нислэгээр ирсэн. Эхний шинжилгээний хариу сөрөг гарсан бол давтан шинжилгээгээр эерэг гарч, коронавирус илэрлээ. Онгоцоор ирсэн зорчигчдыг Буянт-Ухаа нисэх буудал, Алтанбулагийн боомтоор хил нэвтэрч буй иргэдийг мэргэжилтнүүд ялгаж авч байгаа. Бид сэжигтэй тохиолдлуудыг ХӨСҮТ-д тусгаарлаж байна. Одоогоор тусгаарлагдаж буй сэжигтэй тохиолдлуудыг тус тусад нь өрөөнд тусгаарлаж байна. ОХУ-аас ирсэн 349 оюутны зарим шинжилгээний хариу бүрэн гарч дуусаагүй байна. Урьдчилсан байдлаар 18 хүний шинжилгээ эерэг гарлаа. Мөн давтан үзэх шаардлагатай шинжилгээнүүд байна. Бид шинж тэмдэггүй хөнгөн балархай өвчнөөр өвдсөн иргэдийг эмчилж байгаа нь олзуурхмаар асуудал. Тиймээс эх орондоо ирж буй хүүхдүүдийг олон нийт дэмжих хэрэгтэй. Одоогоор оюутнуудын зарим нь халдварын шинж тэмдэг хөнгөн балархай, зарим нь илрээгүй шинж тэмдэггүй байгаа юм. Иймд батлагдсан тохиолдлуудаа эмчлэх, хянах ажил үргэлжилж байна. Мөн Истанбул хотоос ирсэн 179 зорчигчийг ангилан ялгаж байна. Харин тусгаарлагдаж буй хүмүүст эмч мэргэжилтнүүд хүрэлцээтэй байна. ХӨСҮТ-д ажиглалтад байсан нэг эмэгтэй өчигдөр амаржсан. Манай эмнэлэг халдвартай эхийг төрүүлдэг төрөх тасагтай. Биеийн байдал нь сайжрахад ажиглалт үргэлжилнэ. Өчигдөр төрсөн эмэгтэй дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл-УБ чиглэлийн нисэх онгоцоор ирсэн. Чартер нислэгийн тухайд тусгаарлах байрны нөөц хүрэлцээг урьдчилан тооцсон учраас гадаадаас иргэдээ татан авах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм. Аливаа халдварт өвчний нууц үе 14-21 хоногийн хугацаатай байдаг ч коронавирусийн халдварын нууц үеийн хугацаа тодорхойгүй байна. Урьдчилсан байдлаар халдварын нууц үе 21-28 хоног байна.
"ЧАРТЕР НИСЛЭГЭЭР ИРЖ БУЙ ИРГЭДИЙН ЭМ ТАРИА ХҮРЭЛЦЭЭТЭЙ БАЙГАА"
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
-Иргэдийн зүгээс хүмүүс амны хаалтгүй цэцэрлэгт хүрээлэнд олноороо цуглаж байна гэх гомдол мэдээлэл ирүүлж байна. Дэлхий дахинд өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэд анхаарлаа сулруулахгүй амны хаалтаа тогтмол зүүж олон нийтийн газар 1.5-2 метрийн зай барих хэрэгтэй. Эрдэмтдийн судалснаар коронавирусийн халдвараар өвчилж эдгэсэн хүмүүст сүргийн дархлаа маш бага тогтож байгааг эрдэмтэд тогтоосон. Бид ажиглалтад тусгаарлалтад буй хүмүүсийг 21 хоног тусгаарлаж буй нь манай орны онцлогт тохирсон зөв арга хэмжээ юм. Өчигдөр ХӨСҮТ-д амаржсан эмэгтэйтэй холбогдуулан хэлэхэд дэлхий дахинд жирэмсэн эхээс төрсөн урагт халдвар дамжих нь маш бага байна. ХӨСҮТ-д амаржсан эмэгтэй нь дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, ажиглалтад байсан гэдгийг тодотгоё. Дашрамд дурдахад, одоогоор эм эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хэрэгслийн хувцас тоног төхөөрөмж хангалттай байгаа. Харин яаж халдвар тархахгүй байх вэ гэдэгт анхаарч ажиллаж байна.
ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.
Posted by News.mn on Wednesday, May 13, 2020
Холбоотой мэдээ