Чуулган: Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт орууллаа

Хуучирсан мэдээ: 2020.05.14-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт орууллаа

Posted by News.mn on Wednesday, May 13, 2020

14 : 40
2020-5-14

Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт орууллаа

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Ж.Энхбаяр гишүүн танилцуулж, асуулт асуух гишүүн байсангүй. 

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  баталснаар УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

14 : 10
2020-5-14

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;

Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж, гишүүдийн 70.6 хувийн саналаар дэмжигдлээ. Хуулийн төслийг бүхэлд нь дэмжих саналаар санал хураахад 51 гишүүн оролцож, 37 нь дэмжиж 72.5 хувийн саналаар хуулийн төсөл батлагдлаа.

Үргэлжлүүлэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр танилцуулав. 

Тэрбээр хэлэхдээ "Сүүлийн 100 хоногт гарсан практикт тулгуурлаад, салбарын эрх зүйн орчин, салбар хоорондын уялдааг хангасан хуулийн төсөл гарч байгаа" гэв. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт хэлэх гишүүн байсангүй. Санал хураалтаар гишүүдийн дийлэнхийн саналаар дээрх хуулийн төслийг батлав.

14 : 01
2020-5-14

Дүүжин замын тээврийн төслийг дэмжлээ

Монгол Улсын засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/-ийг хэлэлцэж байна. 

Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа танилцууллаа. Хуулийн төслийг соёрхон батлах асуудлаар санал хурааж, хуралдаанд 51 гишүүн оролцож, 35 нь дэмжиж, 62.7 хувийн саналаар баталлаа.

13 : 20
2020-5-14

2020 онд дахин 44 шинэ эмнэлэг ашиглалтад оруулна

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж эхэллээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаас гаргасан санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулж байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Г.ТЭМҮҮЛЭН: 

-Бодлогын түвшинд цаашид анхаарах ёстой асуудал нь анхан шатанд хийх хөрөнгө оруулалтын шаардлага байна. Гол анхаарах асуудал нь урьдчилан сэргийлэх, тэр дундаа иргэдэд илүү мэдлэг олгох. Баг, сум дээр байгаа эмч нар маань илүү мэдлэг түгээх тал дээр ажиллах хэрэгтэй. Дэлхийн эрүүл мэнийн чиг хандлагыг харахад зардлын 60 хувийг мэдлэг түгээхэд зарцуулж байна. Бид 50-60 хувийг нь мэдлэг олгох тал дээр зарцуулж, улмаар зардлыг бууруулах боломж байна гэж харж байна. Монгол Улсын хичнээн сумыг мобайл технологиор хангах шаардлага байна вэ? 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ: 

-154 нэгжид мобайл технологи нэвтрүүлсэн байна. Ирэх дөрвөн жилд бүх сумаа мобайл технологи хамруулах зорилттой байгаа. Гэрт нь эмнэлгийн тусламж үзүүлэх боломжтой. Анхан шатны тусламж үйлчилгээг урьчилсан сэргийлэх чиглэлд нэн түрүүнд анхаарах учиртай. Үүний тулд ААЖ-үүд иргэдээ заавал урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж ажиллахыг хуульчилж байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ:

-Асрагч, сувилагч нарын цалинг нэмж чадсанд баяр хүргье. Одоо хэд болж нэмэгдсэн бэ? Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж буй эмч, сувилагчдын мэргэжил дээшлүүлэх, тулж ажиллах шаардлагатай юм байна. Дэлхийн улс орнууд эрүүл мэнд, боловсролын салбартаа үнэхээр түлхүү анхаардагийг бид харж байна. Цөөн ортой эмнэлгүүдийг хуулийн зохицуулалтаар хязгаарлаж хаахаар байгаа юм уу? 

УИХ-ЫН ГИШҮҮН Д.САРАНГЭРЭЛ: 

-Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажилтнууддаа анхаарал хандуулж ажиллаж байна. Цалин мөнгө нэмэгдүүлснээс гадна даатгалаас санхүүжих, урамшууллыг нэмэгдүүлэх боломж олгосон. Цаашид орон нутгийн түвшинд анхаарах шаардлагатайг хэлэхийг хүсч байна. Цөөн ортой эмнэлгийн хувьд хэлэхэд төр засгаас анхаарч, эрүүл мэндийн байгууллагын байдал сайжирч байгаа. Үүнд ачааг таталцах нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд. Тэднийг бүрэн дүүрэн дэмжих ёстой гэж үздэг. Орны тооноос шалтгаалж үйл ажиллагааг нь хязгаарлах ёсгүй гэж бодож байна. 

2020 онд дахин 44 шинэ эмнэлэг ашиглалтад оруулахаар бид ажиллаж байна.

Call center байгуулаад, онлайнаар зөвлөгөө өгч, газар дээр нь яаралтай тусламж үзүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа. Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй нэг дэх саналын томъёоллоор санал хураахад 51 гишүүн оролцож, 42 нь дэмжиж,  82.4 хувийн саналаар дэмжигдлээ. Хоёр дахь зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураахад 51 гишүүн оролцож, 42 нь дэмжиж, 82.7 хувийн саналаар дэмжигдэв. Гурав дахь зарчмын зөрүүтэй саналаар санал хураахад 51 гишүүн оролцож, 42 нь дэмжиж, 82.4 хувийн саналаар дэмжлээ. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ГАРАМЖАВ:

-Нийгэмд хүлээгдэж буй асуудлуудыг шийдэж өгч байгаа нь сайн байна. Шинэ хуулиар харъяаллаар бус хүссэн газраасаа эмнэлгийн үйлчилгээ авах сайн хууль хуульчлагдаж орсон байна.  

Дөрөв дэх зарчмын зөрүүтэй санал 80.7 хувийн саналаар, тав дахь нь 80.4 хувийн саналаар дэмжигдлээ. Зургаа дахь зарчмын зөрүүтэй саналаар санал хураахад 82,7 хувиар, долоо дахь зарчмын зөрүүтэй санал 82.7 хувийн саналаар тус тус дэмжив. Найм дахь зарчмын зөрүүтэй санал 82.4 хувиар, ес дэх зарчмын зөрүүтэй саналын 82.4 хувиар дэмжигдлээ.

Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр НББСШ-ны байнгын хороонд шилжүүллээ. 

13 : 09
2020-5-14

Аэроситиг Шинэ Зуунмод хот гэж нэрлэхээр болов

Чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн Хот байгуулах тухай /Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулав.  Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР:

-Хот байгуулах тухай хуулийн төслийг дэмжиж байна. Дагуул хотуудыг байгуулах талаар хэрхэн тусгасан бэ? 

УИХ-ЫН ГИШҮҮН Л.МӨНХБААТАР:

-Шинээр хот байгуулах асуудлыг ажлын байртай уялдуулж бодож байгаа. Ирэх 20 жилд монгол Улсын хүн ам механик өсөлтөөр 5 сая болох юм байна. Хотуудыг эдийн засгийн хувьд төрөлжүүлэх шаардлагатай байгаа. Хот суурингуудыг шинэчлэх өргөтгөх асуудлыг судалж байна. Алсын хараа-25-д энэ бүхэн тусгагдсан. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж дууслаа. 

Байнгын хорооноос эцсийн хэлэлцүүлэгт гаргасан зарчмын зөрүүтэй санал буюу Аэросити нэрийг Шинэ 100 мод хот болгон өөрчлөх саналаар санал хураалт явуулахад 52 хувиар дэмжлээ. 

Тогтоолын төслийг 83.2 хувийн саналаар баталлаа.

12 : 35
2020-5-14

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг зөвшөөрөв

Чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ.  

Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр танилцуулж байна. 

Цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ. Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр танилцуулж байна. 

Цэцийн дүгнэлтийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулав. 

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БОЛОРЧУЛУУН: 

-Төмөр зам дээр УИХ анхаарч ажиллаж байгаа. Аливаа ажил үйлчилгээ нууцын зэрэглэлтэй гээд шийдвэр гаргаад явж байгаа. Түүний цаана шударга сайн ажиллах ёстой шүү. Чанартай сайн зам тавих ёстой. Төмөр зам олон жил болохгүй эвдэж сүйдэх вий. Санаа зовж байгааг сануулж хэлэх байна. Анх уаа Монгол Улс өргөн урт төмөр замыг зэвсэгт хүчиний болон төмөр замчын хүчээр дотоодын хүчээр тавьж байгаа. 

Байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хурааж дэмжиж тогтоолын төслийг баталлаа. 

12 : 21
2020-5-14

Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа

Чуулганы хуралдаанаар Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийв. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат нарын гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа.  Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг баталъя гэсэн санал хураалтад  49гишүүн оролцож, дэмжиж, 69.4 хувиар батлагдлаа. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

11 : 59
2020-5-14

Ч.Хүрэлбаатар: 8.5 их наяд төгрөгийн өр барагдуулсан

Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Байнгын хорооны Танилцуулгыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ:

-Дэлхийн банк зээл өгөх юм уу. Европын холбоо "хар жагсаалт"-д оруулах шийдвэрээ  ФАТФ-ын дүгнэлтийг 100 хувь харгалзаж гаргадаг. Хар жагсаалтад орлоо гээд Европ руу гарах визний асуудал, хөрөнгө оруулалтын асуудал хэцүү боллоо. "Хар жагсаалт"-тай холбоотойгоор Европын орнуудас ирэх зээл тусламж гацах асуудал үүсч байгаа юу? Энэ үед ямар төсөл, төлөвлөгөө боловсруулаад явж байгаа вэ? Нийт өрийн хэмжээ хэд байна вэ? 

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР: 

-Зээлийн хувьд дэлхийн банктай гэрээ хэлэлцээ хийгээд орж ирэхээр болж байгаа. Европын холбооны "хар жагсаалт"-д Монголыг оруулахаар төлөвлөөд байгаа гэсэн мэдээлэл бий. Албан бичгээр ирсэн мэдээлэл байхгүй байна. Европын сэргээн босгох банкны захирал тэргүүтэй хүмүүс Монгол Улсад үзүүлэх зээл тусламж хэвээр үргэлжилнэ гэдгийг илэрхийлсэн.

2016 онд өрийн хэмжээ УИХ-ын сонгуулийн дараа ДНБ-ий 79 хувьтай байсан бол өнөөдөр 20 функтээр буулгасан, 8.5 их наяд төгрөгийн өр барагдуулсан. 

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЭРДЭНЭБАТ:

-Зарчмын хувьд дэмжиж байна. Яаруу сандруу орж ирж байна. Эхний санхүүжилтийг 2012 онд авсан. Одоогийн санхүүжилт дээр анхаарал татаж буй хэд хэдэн асуудал байна. Шөнийн халаагуур хийхэд 5.6 сая төгрөг зарцуулна гэдэг асуудал. Нийт мөнгөний 50 хувь энэ рүү явах нь ээ. Төр ингэж холилдохоо болих хэрэгтэй.

Ажлын хэсгээс шөнийн халаагууртай холбоотой төсөл нь тусдаа төсөл байгааг хэлэв. 

Байнгын хорооны саналаар санал хураахад 42 гишүүн оролцсоноос 39 дэмжиж хуулийн төсөл батлагдлаа.

Хуулийн эцсийн найруулга дээр санал хэлэх гишүүн байсангүй. 

10 : 24
2020-5-14

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдөр /2020.05.14/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

1.Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 03 дугаар дүгнэлт;
2.Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 04 дүгээр дүгнэлт;
3.Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл, Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
4.Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Тогтвортой амьжиргаа – 3 төслийн нэмэлт санхүүжилт, Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
5.Монгол Улсын засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
6.“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
7.Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
8.Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
9.Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
10.“Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
11.Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
12.Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/.

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ. Гишүүд Засгийн газраас 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг зайлшгүй батлах хэрэгцээ шаардлага байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарт шинэчлэлт хийгдэх хууль болно хэмээн онцоллоо.

Чуулганы хуралдааны эхэнд Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа танилцууллаа. Санал дүгнэлттэй холбоотойгоор асуулт асуух гишүүн байсангүй.

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг дэмжих саналын томъёоллоор санал хурааж гишүүд дэмжлээ. Тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалтад 46 гишүүн оролцож, 92.5 хувиар тогтоолын төсөл батлагдлаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж