АНУ-ын Жон Хопкинсийн их сургуулиас гаргасан тоо баримтаар шинэ төрлийн коронавируст цар тахал өнөөдрийн байдлаар /2020.05.14/ дэлхийн 213 улс оронд бүртгэгдэж, нийт 4,3 сая хүн уг өвчний халдварыг авч, 296 мянга гаруй хүн эндээд байна. Харин эдгэрсэн хүний тоо 1,6 сая давжээ.
ДЭМБ-ийн коронавируст цар тахлын талаарх өдөр тутмын ээлжит хувлэлийн хурлын үеэр тус байгууллагын дэд захирал Майк Райн энэхүү шинэ вирус магадгүй хэзээ ч алга болохгүй байж мэдэх, коронавирусийн эсрэг вакцин бүтээсэн ч дэлхий нийт энэ өвчнийг бүрэн хяналтдаа авахын тулд асар их хүчин чармайлт гаргах шаардлагатай болохыг анхаарууллаа. Түүнийхээр бол коронавирус нь жил бүр олон мянган хүний амийг авч оддог ХДХВ, улаан бурхан зэрэг бусад өвчнүүдийн адил бүр мөсөн арилахгүй үлдэх магадлалтай гэнэ.
Цар тахалд хамгийн их өртөөд буй АНУ-ын хувьд хоногт 21 мянга гаруй шинэ тохиолдол, 1,747 нас баралт бүртгэгджээ. Тус улсад одоогоор нийт нас барагсдын тоо 83 мянгад хүрээд байгаа ба энэ байдлаараа үргэлжилбэл наймдугаар сар гэхэд 147 мянган америк хүн уг вирусийн улмаас амь насаа алдах тооцоолол гарчээ.
ОХУ-д сүүлийн 24 цагт 10,028 шинэ тохиолдол 96 нас баралт бүртгэгдсэн ба тус улсад ийнхүү 11 хоног дараалан хоногт 10 мянгаас дээш шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа нь энэ юм. Харин халдвар дахин сэргээд буй Өмнөд Солонгост Итэвон дүүргийн шөнийн клубуудтэй холбоотой халдварын тохиолдлын тоо 120 орчим болж нэмэгдсэн байна.
Халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж буй өөр нэг улс бол Бразил. Тус улсад хоногт 11 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 189 мянга давжээ. Харин нас барагсдын тоо 754-өөр нэмэгдэж 13,158-д хүрсэн байна.
Бельги улс энэ сарын 18-наас зарим сургуулиуд болон музейг нээхээр төлөвлөж байгаа бол Турк улс сар гаруй үргэлжилсэн хөл хорионы дараа 14-өөс доош насны хүүхдүүдийг харгалзах хүнтэйгээр өглөөний 11.00 цагаас өдрийн 15.00 цаг хүртэл гэрээсээ гарахыг зөвшөөрч байна. Мөн Канад улс зургадугаар сар дуустал АНУ-тай хиллэдэг хилээ нээхгүй байх тухайгаа зарлажээ.
Эх сурвалж: WORLDOMETERS, JOHN HOPKINS UNIVERSITY, BBC
Холбоотой мэдээ