8744 иргэнээ авчирлаа, цаашид яах вэ?

Хуучирсан мэдээ: 2020.05.14-нд нийтлэгдсэн

8744 иргэнээ авчирлаа, цаашид яах вэ?

8744 иргэнээ авчирлаа, цаашид яах вэ?

Дэлхийн 215 улсад тархсан коронавирусийн халдвар одоо ч намжих болоогүй, хүн төрөлхтнийг “айдас”-т автуулсаар байна. Цар тахлын улмаас улс орнууд хилээ хааж, хөл хорио тогтоосон нь манай улсын иргэдэд хүндхэн тусч буй. Тиймээс ч эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа юм. Гадаад харилцааны яамны мэдээлсээр энэ сарын 12-ны өдрийн байдлаар дэлхийн 46 улсаас 10.836 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргажээ.

ЧАРТЕР НИСЛЭГЭЭР 8744 ИРГЭН ЭХ ОРОНДОО ИРЖЭЭ

Гадаадад гацсан иргэдээ эх оронд нь татан авчрахад төрөөс багагүй анхаарч тусгай үүргийн нислэгийг үе шаттайгаар зохион байгуулж буй.  Өнгөрсөн хугацаанд Монгол Улс дэлхийн 30 гаруй орноос нийт 8744 иргэнээ  татан авч 12 удаагийн нислэг үйлджээ. Хамгийн анхны нислэгээр буюу хоёрдугаар сарын 1-нд БНХАУ-ын Ухань хотоос 31 оюутнаа авчирч байв. Үүнээс хойш Сөүл, Токио, Берлин-Москва, Франкурт, Истанбул чиглэлд 11 удаагийн нислэг үйлдсэн байдаг. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 30-нд транзит нислэгээр Инчеон онгоцны буудлаас АНУ, Зүүн өмнөд Ази, Европт байсан   273 иргэнийг эх орондоо татан авсан бол тавдугаар сарын 3-нд  Франкфуртын нислэгээр нийт 13 улсаас 263 иргэн Монголдоо ирж, тусгаарлагдсан билээ. Тусгай үүргийн нислэгийг үргэлжлүүлж ОХУ, Турк, Энэтхэгээс иргэдээ татан авах ажлыг эхлүүлээд байна.

ОХУ, ТУРК, ЭНЭТХЭГ УЛСААС ИРГЭДЭЭ ӨНӨӨ МАРГААШГҮЙ ТАТНА

Тодруулбал, ОХУ-аас 1000 оюутнаа татан авчрах асуудал яригдаж байгаа бол Истанбул хотоос 170, Энэтхэг улсаас 480 гаруй иргэн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирнэ. Өчигдөр /2020.05.13/ Истанбул руу  тусгай үүргийн онгоц хөөрсөн бөгөөд өнөөдөр 174 иргэн эх орондоо гэдэг мэдээллийг албаныхан өгөөд буй.  Ингэхдээ Европт ажиллаж, амьдарч байсан монгол иргэд  ирэх юм байна. Мөн өдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудалд  13.30 цагт Цэргийн тусгай гурван онгоц газардсныг албаны эх сурвалж мэдээлсэн ба ОХУ-д суралцдаг 346 сонсогч эх орондоо ирсэн юм. Эдгээр сонсогчийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Бага баян” амралтын газар, “Тоёоко инн” зочид буудалд тусгаарлажээ.

Энэ удаагийн нислэгээр  шинэ коронавирусийн халдвар өвчтөнтэй ойр байсан, мөн халдвар авч өвдөөд эдгэрсэн оюутнууд ирж байгаа гэдгийг Эрүүл мэндийн яам мэдээлсэн. Ойрын хугацаанд ч бас үлдсэн 660 оюутныг авчрах асуудал яригдаж байгаа юм. Сануулахад, дөрөвдүгээр сарын 11-нд Алтанбулагийн боомтоор 80 гаруй оюутан хил нэвтрэхэд ХӨСҮТ-ийн тандалтын алба 32 оюутныг эрсдэлтэй гэж үзсэн байдаг.

Эрсдэлт бүлэгт хамрагдсан эдгээр оюутны 21-д нь коронавирусийн халдвар илэрсэн билээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Сүүлийн долоо хоногт дөрвөн тохиолдол Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн. Ингэснээр нийтдээ 42 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна. Энэ тохиолдлууд эх орондоо ирээд 2-13 хоногийн дараа 1-6 удаагийн шинжилгээгээр батлагдаж байна. Нийт батлагдсан тохиолдлуудын 60 орчим хувь нь ОХУ-аас, бусад нь 11 улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Хүйсийн хувьд 45 хувь нь эрэгтэй, 65 хувь нь эмэгтэй. Насны хувьд 11-65 насны хүмүүс байна. Дундаж наслалт нь 30 настай хүмүүс эмчлэгдэж байна” гэсэн юм.

Тусгай үүргийн нислэгээс гадна Авто замын боомтоор өнөөдөр Улаан-Үд хотоос 202 иргэнийг татан авах бол тавдугаар сарын 15-нд Эрхүү орчмоос 200 орчим оюутан Монголд ирнэ. Харин Энэтхэг улс руу  тавдугаар сарын 18-нд тусгай үүргийн онгоц хөөрч, тус улсын Дели хотоос эхний ээлжинд 160 орчим иргэн маргааш эх орондоо ирэх юм. Гадаад харилцааны яамны мэдээлснээр тус улсад суралцдаг ламхай нар Дели хотоос 2000 км-ийн зайтай газар шавилан суудаг тул ойрын хугацаанд татан авчрах асуудлыг судалж байгаа юм.  Хэдийгээр улс орнууд хилээ хааж, нислэгээ зогсоосон ч Засгийн газар, Улсын онцгой комиссоос гадаад дахь иргэдээ татан авах ажлыг тасалдуулахгүйгээр чартер нислэгийг үргэлжлүүлнэ гэдгийг мэдэгдээд байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж