Газрын тосны үнийн уналт үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2020.05.14-нд нийтлэгдсэн

Газрын тосны үнийн уналт үргэлжилнэ

Газрын тосны үнийн уналт үргэлжилнэ

Олон улсын зах зээлд газрын тосны үнэ байнга хэлбэлзэж байдаг. Цар тахлын хүндрэлтэй цаг үед ойр ойрхон хэлбэлзэх нь тодорхойг эдийн засагчид онцолж буй юм. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ огцом унаж хасах руу орсон. Оны эхэн үеэс хойш үнэ нь хоёр дахин хямдарч, хөрөнгө оруулагчид газрын тосыг орхих хөдөлгөөн давамгайлах болов. Гол олборлогчдын нэг Саудын Араб өнгөрсөн дөрөвдүгээр сард нийлүүлэлтээ түүхэн дээд түвшинд хүргэж, өдөрт 10 сая баррель олборлохоор төлөвлөсөн нь шатахууны үнэ хямдрах дохио өгсөн.

Олон Улсын валютын сангаас мэдээлснээр, олон улс оронд хөл хорио тогтоох арга хэмжээ авсны улмаас газрын тосны хэрэглээ буурчээ.

АНУ-ын түүхий эдийн зах зээлд арилжаалдаг хөнгөн чанарын WTI төрлийн газрын тосны үнэ хасах руу оров. Азийн улс орнуудад Ойрх Дорнодын газрын тос нийлүүлэгчдээс түүхий эдээ авах нь илүү хямд зардалтай. WTI газрын тосны тавдугаар сард нийлүүлэх түүхий тосны үнэ огцом буурсан ч зургадугаар сард нийлүүлэх үнэ аажим буурч байгаа аж.

Саудын Араб, ОХУ үнийн дайн эхлүүлсэн нь жижиг эдийн засагтай бусад олборлогчдод хүндрэл учруулж буй юм. Үүнтэй холбоотойгоор Иракийн Засгийн газар ОРЕС-ийн сайд нарын яаралтай хуралдаан зарлаж, үнэ тогтворжуулах хэлэлцээр дахин эхлүүлэх санал гаргасан бөгөөд бусад гишүүд хүлээж авах нь эргэлзээтэй байв.

"Goldman Sachs" дэлхийн газрын тосны эрэлт өдрийн 8 сая баррелиар буурсан гэж хамгийн сүүлийн тооцоондоо тусгасан. Ингэснээр брентийн үнэ оны хоёрдугаар улиралд 20 ам.доллар руу унана гэж тооцжээ.

"Хар алт"-ны үнийн уналт манайд таатай мэдээлэл бөгөөд уналт удаан хугацааны турш үргэлжилвэл ОХУ-тай хийж буй гадаад худалдааны алдагдал буурах нь. Өнөөдөр хойд хөршөөс импортолсон барааны 54.1 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлж байгаа билээ.  Энэ сард газрын тосны зах зээлийн үнийн уналт үргэлжлэхээр байгаа бол ирэх зургадугаар сараас үнэ нь сэргэж, 20 ам.долларт хүрэх таамгийг шинжээчид дэвшүүлжээ.

Газрын тосны үнийн уналтыг ашиглан АНУ стратегийн нөөцөд 75 сая баррель газрын тос худалдан авахаа мэдэгдэв. Газрын тосны үнийн уналт удаан хугацаанд үргэлжилсэн тохиолдолд манай улс багагүй хэмнэлт хийх боломжтой.

Түүнээс түр зуурын уналт шууд мэдрэгдэх нөлөө нь бидэнд бага болохыг эдийн засагчид онцолж байна.

Газрын тос, байгалийн хий бол стратегийн түүхий эд. Түүнийг тойрсон улс төр, аюулгүй байдал-геостратегийн шинэ тогтоц бий болж, шинэ сөргөлдөөнийг өдөөж буй. Энэ нь нэгд, гурван том нийлүүлэгч болох Саудын Араб-ОХУ-АНУ-ын хооронд “үнийн дайн” хэлбэрээр, хоёрт АНУ, БНХАУ хооронд “тарифын дайн” хэлбэрээр, гуравт, АНУ, ОХУ-ын хооронд хориг арга хэмжээ хэлбэрээр тус тус явагдаж байна.

Газрын тосны салбарт Саудын Араб-ОХУ-АНУ гэсэн гурван том нийлүүлэгчдийн дунд шинэ сөргөлдөөн өрнөж байна.  Тухайлбал, Саудын Араб, ОХУ-ын харилцаа муудаж газрын тосны үнэ огцом унасан. Үнэ огцом унаснаар АНУ-ын занарын тос, хийн үйлдвэрлэл ашиггүй болж, хүндрэлд орно. Ингэснээр аль аль нь хохирохоор байна. Саудын Араб улс АНУ-ын газрын тосны геостратегийн, Ойрх Дорнодын бүс нутгийн улс төр, цэрэг-техник, аюулгүй байдлын гол түнш бөгөөд тус хоёр улсын “тохиролцоо”-гоор дэлхийн зах зээлийн үнэ, нийлүүлэлтийн хэмжээг тогтоодог. Гэвч АНУ газрын тосны том экспортлогч болсноор хоёр орон өрсөлдөгчдийн сонирхлын зөрчилд орж, харилцаа нь ээдрээтэй болж эхэлжээ.

Хэдийгээр АНУ, Саудын Арабын харилцаа тааруухан боловч АНУ-ын Конгрессийн үзэж буйгаар харилцаагаа сайжруулах “стратегийн шинэ үндэслэл” бий болжээ. Хаан ширээ залгамжлах ханхүү Мухаммед бин Салман АНУ-д 2018 оны гуравдугаар сард айлчлахад ерөнхийлөгч Доналд Трамп эзэн хаан Абдул-Азиз Аль Сауд болон ханхүү бин Салманыг дэмжихээ илэрхийлсэн билээ. Харин Саудын Араб, ОХУ-ын харилцаа түүхэн явцад сайнгүй байсаар ирсэн. Тухайлбал, Ойрх Дорнод, Иран, Сирийн асуудлаар хоёр улс эсрэг байр суурьтай байдаг. Сүүлийн жилүүдэд харилцаа нь сайжирч Саудын Арабын эзэн хаан Салман ибн Абдул-Азиз Аль Сауд 2017 оны аравдугаар сард ОХУ-д анх удаа айлчилсан.

ОПЕК+ орнууд коронавирусийн тархалтаас үүдсэн хүндрэлийг даван туулах арга хэмжээний хүрээнд олборлолтыг цаашид өдөрт 3 сая баррель хүртэл хорогдуулах тухай Саудын Арабын саналыг ОХУ эсэргүүцэж, өнөөгийн хязгаарлалтыг хэвээр үлдээж, цаашид нэг жилээр сунгах санал тавьсан. Гэвч Саудын Араб хүлээж аваагүйн учраас дахин тохиролцоонд хүрч чадаагүй тул тус хэлэлцээрээс гарснаар харилцаа нь эрс муудсан.

Өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд газрын тосны үнэ 25 хувиар огцом унаж, Brent маркийн тос баррель нь 31,38 ам.доллар, WTI-ийн үнэ 27,9 ам доллар болсон. Үүнийг Блумберг агентлаг газрын тосны “үнийн дайн” хэмээн нэрлэсэн бол энэ нь АНУ-ын занарын тосны хувьд “аймшигтай хар хун” хэмээн Belpointe компанийн ахлах стратегич Дэвид Нелсон нэрлэжээ. Хэдийгээр үнэ бага зэрэг өссөн боловч зөрчлийн үндсэн шалтгаан арилаагүй, тохиролцоонд эргээд орох хүртэл хол тул сөрөг арга хэмжээ авсаар байгаа юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж