АНУ, Хятадын харилцаа "хүйтэн дайн"-ы түвшинд хүрч байна

Хуучирсан мэдээ: 2020.05.14-нд нийтлэгдсэн

АНУ, Хятадын харилцаа "хүйтэн дайн"-ы түвшинд хүрч байна

АНУ, Хятадын харилцаа "хүйтэн дайн"-ы түвшинд хүрч байна

Худалдааны маргаанаас болж хавцлын ирмэг дээр ирээд байсан АНУ, Хятад гэх хоёр их гүрний харилцааг коронавируст цар тахал гарч улам хөндийрүүлэв. Бээжин ба Вашингтоны хоорондох дайсагнасан байдал нь цар тахлын улмаас бүр ч хүндэрч, хоёр улс бараг л “шинэ хүйтэн дайн”-ыг эхлүүлж байна гэж олон улсын эрдэмтэн судлаачид үзжээ. Мөн дэлхий нийтийг нөмрөөд буй цар тахлыг ялан дийлэхэд энэ хоёр улсын эв найрамдалт харилцаа маш чухал үүрэгтэйг онцолж байна.

“Их  гүрнүүдийн ийм харилцаа нь цар, тахал өвчнийг улам удаашруулж, үүнтэй холбоотой эдийн засгийн хямралыг авчраад зогсохгүй энэ бүхнийг даван туулах дэлхий нийтийн хичээл зүтгэлийг сулруулах аюултай. АНУ, Хятадын хоёр тийш болсны үр дүнд дэлхийн эдийн засаг маш ноцтой гэмтэх болно” гэж Азийн Нийгэмлэгийн АНУ-Хятад харилцаа судлалын төвийн захирал Орвилл Шелл ярьсан байна.

“Хүйтэн дайн гэдэг зүйрлэл хэтэрхий хатуудаж байж болох ч одоогийн АНУ, Хятадын харилцаанд системийн хэлбэрийн өрсөлдөөн өсөн нэмэгдэж, цэргийн армийн хүчин чадлаа бэхжүүлэх, эдийн засгийн хувьд дарамт шахалт үзүүлэх зэрэг хүйтэн дайнтай төстэй элементүүд ажиглагдаж байгаа юм” хэмээн АНУ-ын Гадаад харилцааны зөвлөлийн Ази судлалын захирал Элезабет Экономи хэлжээ.

“Үнэндээ бодит байдал үнэхээр хурцадмал болж байна. Хэлэхэд эвгүй ч энэ бол шинэ хүйтэн дайны эхлэл. Хэрэв аль аль нь анхаарлаа хандуулахгүй бол бүх зүйл үүнээс ч дор болж мэднэ” хэмээн өнгөрсөн жил Трампын засаг захиргааг орхисон, Цагаан ордны худалдааны хэлэлцээрийн төлөөлөгч Клет Уиллемс хэлсэн байна.

БУСАД УЛС ОРНУУД АЛЬ НЭГИЙГ НЬ СОНГОХ ХЭЦҮҮХЭН СОРИЛТТОЙ ТУЛГАРНА

Огт өөр нийгэмтэй, нийтлэг байдал багатай ч энэ хоёр улс хамгийн нягт харилцаа холбоотой улсууд юм. Ялангуяа эдийн засгийн түвшинд. Коронавирусийн тахалаас өмнө АНУ Хятад улсад 1,09 их наяд долларын өртэй байсан ба энэ үзүүлэлтээрээ Японы дараа хоёрдугаарт жагсч байв.

“Хүйтэн дайны үеийн ЗХУ ба өнөөгийн Хятад хоёрын хоорондох нэг том ялгаа байна. Хүйтэн дайны төгсгөлийн үед АНУ нь ЗХУ-аас 200 сая ам.долларын үнэтэй бараа бүтээгдэхүүн импортолж байсан бол 2018 оны байдлаар Хятад улс АНУ-д доод тал нь 500 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ хоёр улс эдийн засгийн хувьд илүү нягт уялдаа холбоотой бөгөөд 21-р зууны геополитикийн харилцааг энэ хоёр улс тодорхойлж байгаа нь илүү эрсдэлтэй" гэж Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр CNN телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

АНУ-Зөвлөлтийн Хүйтэн дайн нь дэлхийн хэмжээнд үзэл суртлын, цэрэг, улс төрийн асар их зөрчлийг бий болгосон бөгөөд үүнийг Их Британийн Ерөнхий сайд асан Уинстон Черчилль "Төмөр хөшиг" хэмээн нэрлэжээ. Вашингтон, Москва хоорондын үл итгэх байдал, эдийн засаг, цэрэг, технологийн манлайллын төлөөх хэт өрсөлдөөн нь хоёр улсыг хүйтэн дайн хийхэд хүргэсэн. Өнөөгийн Вашингтон, Бээжингийн дайсагнал дэлхийг үүнтэй төстэй хуваагдалд хүргэж болзошгүй байгаа юм.

Худалдааны дайн нь дуусаагүй байж байтал гэнэт тахал өвчин дэгдэж байдлыг бүр л хүндрүүлэв. Үүнээс үүдэн цар тахалд Хятадыг буруутгах үзэл газар авч, худалдааны дайны үед бие биедээ харилцан татвар ногдуулж, хатуурхаж байсан хоёр улс коронавирусын вакциныг бий болгохын төлөөх өрсөлдөөн рүү нэгэнт орсон нь АНУ, Зөвлөлтийн хоорондох сансрыг эзэгнэх өрсөлдөөнийг санагдуулам.

Хоёр гүрний маргаан хэвлэл мэдээлийн салбарт нөлөөлж, Трамп АНУ дахь Хятадын төрийн мэдлийн таван мэдээллийн байгууллагад ажиллах хятад иргэдийн тоонд хязгаарлалт тавьсны дараа Хятад улс АНУ-ын хамгийн нэр хүнд бүхий гурван сонинд ажиллаж байсан Америк сэтгүүлчдийг эх орноосоо хөөн зайлуулав. Энэ бүх байдлаас үүдэн хоёр улсын ард иргэдийн дунд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, үндсэрхэг үзэл газар авч байна.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж