Дарханы зам ашиглалтад орох эсэх нь хятад ажилчдаас хамаарна

Хуучирсан мэдээ: 2020.05.14-нд нийтлэгдсэн

Дарханы зам ашиглалтад орох эсэх нь хятад ажилчдаас хамаарна

Дарханы зам ашиглалтад орох эсэх нь хятад ажилчдаас хамаарна

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны есдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий авто зам болгон өргөтгөж шинэчлэх шийдвэрийг гаргасан. Төлөвлөгөө ёсоор зам засварын ажил 2019 оны арваннэгдүгээр сард дуусах байсан. Уг нь Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам нь Дархан, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл аймаг, олон улсын тээвэр хийдэг чухал ач холбогдолтой зам. Тиймээс зам өргөтгөх шинэчлэх ажил хэт удаашралтай байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлээд зогсохгүй, чухам энэ замаас болж олон иргэд эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсоор байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн зам “там” болоод арванхоёр сарын нүүрийг үзлээ. Салбарын сайд Б.Энх-Амгалан “2019 оны арваннэгдүгээр сард Дарханы зам ашиглалтад орчихно” хэмээн ам гарч байсан удаатай.  Гэхдээ тэрбээр Дарханы замын  хөдөлгөөнийг 2020 оны зургадугаар сард  нээнэ гэдгийг УИХ-ын чуулганы үеэр мэдэгдсэн билээ.

ТЭГВЭЛ  АВТО ЗАМЫН ЗАСВАРЫН АЖИЛ ЯМАР ШАТАНД ЯВНА ВЭ?

Улаанбаатар-Дархан  чиглэлийн авто замын тав дахь хэсэг буюу Дархан хотын тойргоос Хонгор сумын Цайдам хүртэлх 30,5 км авто замын байгууламжийн барилгын ажил дөрөвдүгээр сарын 4-ны өдрөөс эхэлсэн. Монгол Улсын зам барилгын гурван аж ахуй нэгж туслан гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа эхлүүлсэн бөгөөд таван багц ажил хийгдэхээс өнөөдрийн байдлаар 1, 3, 5-р багц дээр ажил явж байгаа бол 2, 4-р багцын ажил таг зогсчихсон байдалтай байгаа аж.

Учир нь, дээрх хоёр багц тус бүр дээр БНХАУ-ын 25 инженер, техникийн ажилтан операторууд ажиллах ёстой байсан ч коронавирусийн халдварын улмаас хөл хорионд ороод байгаа юм. Эдгээр хүмүүс ирэхгүй бол замын хучилтыг хийж чадахгүйд хүрэх аж.

Одоогийн байдлаар хэзээ БНХАУ-ын ажилчид орж ирэх нь тодорхойгүй байгаа учраас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам энэ ондоо багтаж ашиглалтад орох эсэх нь ч эргэлзээ дагуулж эхэллээ. УИХ-ын чуулганы үеэр нэг хэсэг Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалтад ажиллах БНХАУ-ын 105 ажиллах хүчнийг чартер нислэгээр татаж авах асуудал яригдсан ч дэмжигдээгүй юм.

БУСАД ГУРВАН БАГЦ АШИГЛАЛТАД ОРЛОО ГЭХЭД 2,4 БАГЦ НЬ ҮЛДЭЖ ТААРНА

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд хяналт тавьж байгаа “Ай Си Ти” консалтинг компанийн зөвлөх С.Очирбат:

-Одоогоор гурван багц дээр 380 орчим дотоодын ажилчид ажиллаж байна. Гуравдугаар сард түр замаа зассан. Дөрөвдүгээр сард Дархан талын 30 км, Улаанбаатар талаасаа 37 км замуудын гүүр хоолойны ажил болон далангийн өргөтгөл, дэд суурийн ажлыг хийсэн. Мөн туслах суурийн ажлыг хийнэ. Гүүр хоолой далангийн ажил тавдугаар сарын 20 гэхэд дуусна.Үлдэж байгаа дээд талын гурван үеийн хучилтыг БНХАУ-ын ажилчид хийнэ.

Гол хучилтын ажлыг тэд ирж хийхгүй бол туслан гүйцэтгэгч нар хийж чадахгүй. Уг нь эдгээр хүмүүс ороод ирвэл их дэм болох гээд байгаа юм. Хэрэв БНХАУ-ын ажилчид орж ирэхгүй бол Улаанбаатар-Дархан чиглэлийн зам ашиглалтад орох хугацаа нь улам л хойшилно.

Ер нь 2, 4 багц хүндрэлтэй байгаа. Бусад гурван багц ашиглалтад орлоо гэхэд 2, 4 багц нь үлдэж таарна. Одоогоор энэ хоёр багцын үндсэн замыг хариуцаж байгаа хүн байхгүй. БНХАУ-ын компани энэ хоёр багцыг хямд үнээр гүйцэтгэхээр авсан ч туслан гүйцэтгэгчээр ажиллах монгол компани үнээ голоод байгаа учраас  олдохгүй байгаа юм” гэв.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж