Хотын төвд орших “Жуулчны” гудамж нэртэй “Урт цагаан” хэмээх навсгар байшинг нийслэлчүүд андахгүй. Тэнд алт мөнгөний ченж, дархан, үсчин, гоо сайханч, гуталчин, оёдолчин, цаг засварчин, цайны газар, ломбард, худалдаа арилжаа гээд зүсэн бүрийн үйлчилгээ үзүүлнэ. Жаран жилийн өмнө баригдсан уг гаднаасаа ч, дотроосоо ч нурж, нийслэлийн өнгө үзэмжийг "гундаасаар". Стандартын шаардлага хангахгүй энэ барилгыг түрээсэлж, олон хүн амьжиргаагаа залгуулдаг ч нөгөө талаасаа тэдний аюулгүй орчин ажиллах эрх зөрчигдөж буй юм. Учир нь тус барилга хэзээ мөдгүй нурах аюултай гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд гаргажээ. Гэхдээ энэ дүгнэлт саяхан гарсан юм биш аль арван жилийн өмнө мэргэжлийнхэн ийм "анхааруулга" өгч байв.
Гэвч, энэ хугацаанд тус барилгад ямар нэг засвар үйлчилгээ, хүчитгэл хийх бүрт түрээслэгчид, түрээслүүлэгчид нь бослого гаргаж ирсэн. Энэ удаад нийслэлийн өмчөө мэдэж уг барилгыг буулгахаар болсон нь зөв шийдвэр.
Тиймээс “Урт цагаан”-ыг буулгах, шинээр барих ажил ямар явцтай байгааг сурвалжиллаа.
Барилгын гадна талыг ажиглавал ханын өнгөлгөөний хавтан нурж, хуучин тоосгон өрлөг нь ил гарчээ. Дотогшоо орвол хана таазнаас дусдаг нь илт, будаг нь халзарч шарлаж харагдав. Олон жил болсон хуучны барилгаас үнэртдэг чийгний нэвширсэн муухай үнэр хамар цоргино. Тэнд хүмүүс яаж, ажиллаж, яаж хооллодог юм бол доо гэмээр.
“Хувцасны хог түүгч авах уу” гэсээр архи үнэртүүлсэн халамцуу эрэгтэй "Урт цагаан" бараадан амьдардаг бололтой, нөхөд нь байшингийн буланд архины мөнгө босгохоор ярилцах нь сонсогдов. Энэ нь тэр хэвийн өдөр тутмын үзэгдэл бололтой, тоож байгаа хүн ч алга.
Анх 1958 онд хоршоологчдын хөрөнгөөр баригдаж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн тус барилга нийтдээ 8000 метр квадрат талбайтай ажээ. Уг барилгад үйл ажиллагаа явуулахаар 30 аж ахуйн нэгж Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газартай гэрээ хийсэн ч тэд 200 гаруй иргэнд дамлан түрээслэдэг аж. “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилга ашиглалтын шаардлага хангахаа больсон тул үйл ажиллагааг нь зогсоосон ч цөөн тооны алт мөнгөний ченж, дархан, үсчин, гуталчин, оёдолчин нар ажиллаж байсан юм.
Тус үйлчилгээний төвд түрээсээр үйл ажиллагаа явуулж байсан иргэдэд Нийслэлийн өмчийн дөрөвдүгээр байр буюу Улаанбаатар шилэн банкны нэг, хоёрдугаар давхарт ажлын байр гаргаж өгсөн талаараа албаныхан хэллээ.
ЖДҮ, БИЗНЕС ЭРХЛЭГЧ НАРЫГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАНА
Барилгыг шинэчилснээр олон хүн ажлын байраа алдах нь гэсэн болгоомжлол бий. Ялангуяа тус барилгыг түрээсэлж амьдардаг жижиг үйлчилгээ эрхлэгчид хаачих вэ гэсэн асуулттай нүүр тулж буй нь худлаа биш. Тиймээс энэ асуудлыг хэрхэн зохицуулж буйг Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбатаас тодруулахад “Урт цагаан төвийн үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 21-ны өдрийн захирамжаар үйл ажиллагааг нь зогсоосон. Үүнтэй холбоотой Нийслэлийн өмч ашиглалтын удирдлагын газарт дан түрээсэлдэг иргэдийг хохироохгүй ажлын байраар хангана гэдэг чиглэл өгсөн. Бид энэ чиглэлд ажиллан “Урт цагаан”-ы оёдол эсгүүр, бүх төрлийн үйлчилгээ эрхэлдэг иргэдийг эхнээс нь ажлын байраар хангаж байна. Эмийн сан, хоёр оёдлын цех, цайны газар, Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороо, “Монголын барилгачдын нэгдсэн холбоо”зэрэг газрууд нүүсэн. “Урт цагаан”-ы үйлдвэрчний эвлэлийн холбоо байгуулагдсанаар бидэнтэй хамтарч ажиллаж байна.
Өөрөөр хэлбэл, дээрх иргэдийг Нийслэлийн засаг захиргааны дөрөвдүгээр байранд талбай чөлөөлж байршуулан шат дараатай алхам хийж байна. Нийслэлээс барьж буй бодлого бол ЖДҮ, бизнес эрхлэгч нарыг ажлын байраар хангана, гэхдээ шат дараатай шийднэ гэдгийг онцолмоор байна.
Нийслэлийн өмч ашиглалтын газартай 30 иргэн түрээсийн гэрээ байгуулсан. Дээрх түрээслэгчид эхнээсээ нийслэлийн өмчийн байрыг албан ёсоор хүлээлгэж өгч байна. Тэд төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгэнэ хэмээн бидэнд мэдэгдсэн. “Урт цагаан” үйлчилгээний төвд дам түрээсэлж ажил амьдралаа залгуулж байсан 200-300 иргэнийг нэгийг нь ч үлдээлгүйгээр ажлын байраар хангах, буцаад “Урт цагаан” төвдөө ирж ажиллах нөхцөл боломж бүрдүүлэхээр ажиллаж байна” гэв.
Мөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн энэ сарын 12-ны өдрийн ээлжит хурлаар ашиглалтын шаардлага хангахаа больсон “Урт цагаан” үйлчилгээний төвийн нэгдүгээр корпус болох 1,584.0 м2 талбай бүхий барилгыг акталж, нийслэлийн өмчөөс хассан байна. Улмаар “Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх ажлыг яаралтай эхлүүлэхээр болж, энэ хүрээнд барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг дөрөвдүгээр сарын 20-ний өдрөөс тавдугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд зарлажээ. Олон нийтээс хамгийн их санал авсан цорын ганц бүтээлээр “Урт цагаан” үйлчилгээний барилгыг сэргээн засварлах аж.
Одоо харин “Урт цагаан” “Өндөр цагаан” болж мэдэхээр болжээ. Ингэснээр хамгийн гол нь Жуулчны гудамжнаас жуулчид зугтахаа болих юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ