Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад 11,9 их наяд төгрөгийн хохирол учирсан тухай Авлигатай тэмцэх газар/АТГ/ өнгөрсөн онд мэдээлсэн бол Аудитын байгууллагаас төсвийн бүх шатны захирагчийг хамруулан 2019 оны санхүүгийн тайланд шалгалт хийхэд 9.5 их наяд төгрөгийн зөрчил илэрчээ.
Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийнхэн нь хуруу хумсаа хуйхлах шахам байж, төсөвт орлого төвлөрүүлдэг ч төрийн байгууллага нь зориулалт бусаар зарцуулдаг гэсэн үг.
Зөвхөн төсвийн байгууллагынх нь санхүүгийн зөрчил улсынхаа нэг жилийн төсөвтэй тэнцэх шахам байхад Европын холбооны хар жагсаалтад орохоос ч яалтай. Зах зээлд эргэлддэг бохир мөнгөнд тавих хяналтаа чангатгаж, хариуцлага тооцохгүй бол FATF-ын саарал жагсаалтаас гарахад амаргүй шүү гэдэг анхааруулгыг өгөөд буй нь ийм л учиртай.
Мөн анхаарал татсан бас нэг асуудал нь хууль бусаар ажлаасаа чөлөөлөгдсөн хүмүүсийн нөхөн төлбөрийг дарга нар төсвөөс гаргаж, том толгойлсон явдал юм.
УИХ-аас баталсан Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр чөлөөлсөн тохиолдолд тухайн шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтан нь хохирлыг нөхөн төлнө. Татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулж болохгүй гэдэг үндэслэлээр УИХ-дахь 65-ын бүлэг дээрх заалтыг Төрийн албаны тухай хуульд оруулсан ч доод шатанд нь хэрэгжүүлээгүй байгаа юм.
Тодруулбал, АТГ нийтийн албан тушаалтны хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр төрийн албанд хяналт тавих чиглэлийнхээ хүрээнд шалгалт хийхэд хууль бусаар төрийн албанаас чөлөөлөгдсөн хүмүүсийн нөхөн төлбөрт зориулж төсвөөс 1.3 тэрбум төгрөгийг зарцуулсан зөрчил илэрчээ.
Энэ нь 2017-2019 оны хооронд төрийн албанд ажиллаж байхдаа хууль бусаар халагдаж, буцаан томилогдохоор шүүхийн шийдвэр гаргасан 796 албан тушаалтанд ажилгүй байх хугацааны цалин, хөлс, нийгмийн даатгалын шимтгэлд нийт 4.094.000.000 /дөрвөн тэрбум ерэн дөрвөн сая төгрөг/ төгрөгийн нөхөн олговор олгох шүүхийн шийдвэр гарсныг хэрэгжүүлэх шатанд хийдүүлсэн нь энэ.
Иймээс гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг нөхөн төлүүлэх зөвлөмжийг АТГ Аудитын байгууллагад хүргүүлжээ. Гэвч хэрэгжих эсэх нь тодорхойгүй байгаа юм. Учир нь зөвлөмж өгдөг ч хэрэгждэггүй нь олон.
Нам эрх барьж байхад намайг хэн саах вэ гэж боддог уу, эсвэл төрийн албаны эрхтэн дархтнууд хуулиас дээгүүр гишгэдэг болсных нь баталгаа юу, хохирлыг төсвөөс буюу татвар төлөгчдийнхөө мөнгөөр л барагдуулчихдаг.
Тэр бүү хэл зарим албан тушаалтан буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх тухай Төрийн албаны тухай энэхүү заалтыг амьдралд хэрэгжих боломжгүй заалт гэж шүүмжилж суугаа бол зарим аймгийн Засаг дарга “Эхлээд төсвөөс гаргадаг юм байгаа биз дээ. Дараа нь төлчихнө” гэх агуулгатай зүйл ярин, луу унжиж сууна.
Шүүхийн шийдвэр эцсийнх, Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаас хойш жил гаруйн хугацаа өнгөрсөн ч хэрэгжүүлдэг эрхтэн дархтан ховорджээ. Үүнээс болж, зарим иргэн ажилдаа эргэн орж чадахгүй, засаг төр өөрчлөгдөхийг хүлээж суугаа бол зарим нь төрд ажилладаггүй хэрнээ үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн гэдэг шүүхийн шийдвэрийг үндэслэн цалин авч сууна.
Төрийн албыг мэргэжлийн, чадварлаг хүмүүсээр бүрдүүлж ажиллах тухай УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэр эцэстээ татвар төлөгчдийг холгосон бодлого л болж хэрэгжээд байна.
Үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөний цаад талд хэн нэг даргын хамаатан, садан, эсвэл танил тал, нутаг нугынх нь хүн ажилд ордог.
Нам, улстөрч нөлөөлдөггүй томилгоо байхгүй болсон гэхэд хэтрүүлсэн болохгүй. Эцэс сүүлдээ Элчин сайдад АТГ-т шалгуулж, яллагдагчаар татагдсан хүнийг нэр дэвшүүлэн томилдог болтлоо дампуурав.
Монголбанк нь МАН-ын улстөрчдийн хүүхэд ажилд ордог газар болж хувирсан. Монголын төр тэдэнд өртэй юм шиг л томилгоо хийдэг болоод байна. Гэтэл Төрийн албаны зөвлөл нь “шахаа”-гаар бус төрийн албанд ур чадвар, мэргэжил, ёс зүй, туршлагыг нь харгалзан ажилд шалгаруулж авдаг болсон гэдэг үлгэрээ ярьсаар. Харин энэ хооронд төсөвт учруулсан хохирол нь 1.3 тэрбум төгрөгт хүрэв. Хуулиа хэзээнээс мөрдөж, ажиллах вэ, эрх баригчид аа. Буруу шийдвэр гаргасан албан тушаалтнуудаас хохирлыг барагдуулж, ажиллахыг Аудитын байгууллагынхнаас давхар хүсье. Төсвийн мөнгө уйлах биш гээд суугаад байвал татвар төлөгчдийг л улам хүндрүүлнэ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ