Майкрософтыг үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтс 2016 онд удахгүй дэлхийд аймшигт тахал дэгдэж болзошгүй хэмээн Трампад анхааруулсан бөгөөд анхааруулахаас илүүг хийж чадаагүйдээ одоо маш их харамсаж байна гэдгээ ярьжээ.
Тэрбээр “Би дэлхий тойроод Европ, АНУ зэрэг гүрнүүдийн удирдагчидтай уулзах бүрдээ тахлын эрсдэлийн тухай үргэлж анхааруулдаг байсан. 2016 онд Трамп цамхагт Ерөнхийлөгчтэй уулзахдаа ч анхааруулсан. Одоо надад аймшигтай санагдаж байна. Уг нь би удирдагч нар эрсдлийг тооцож, бэлтгэлтэй байгаасай гэж хүссэн. Харин одоо би өөрөө ярихаас илүүг хийгээгүйдээ их харамсаж байна” хэмээн энэ долоо хоногт Wall Street сэтгүүлд ярьжээ.
Билл Гейтсийн хэлж буйгаар удирдагчид түүний хэлсэнтэй санал нийлсэн ч арга хэмжээ авахдаа хойрго ханддаг байжээ. “Гэвч хэрвээ хөл хорио зарлавал сургуулиудыг хэрхэх, ард иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хэрхэн хязгаарлах, амны хаалт тустай юу, үгүй юу зэрэг олон асуулт асуулт хэвээрээ үлдсэн” хэмээн Билл Гейтс ярьсан байна.
2000 оноос хойш Билл болон Мелинда Гейтсийн сан дэлхийд дэгдэж буй Эбола, Зика зэрэг халдварт өвчнүүдийн тоо баримтыг судлан, анхаарлаа хандуулж иржээ. Тус сан өдгөө Covid-19 өвчний талаар ч гэсэн хичээнгүйлэн судалж, тахалтай тэмцэх ажилд 250 сая ам.доллар хандивласан юм.
Тэрбээр “Би өдөр бүр л бүх зүйл зүгээр байгаа эсэхийг, хуруу шил дуусчихвал яах вэ гэдгийг эргэцүүлэн боддог. Сонин зүйл бодож байгаа юм шиг санагдах ч өмнө нь хэн ч долоон тэрбум вакцин үйлдвэрлэж байгаагүй шүү дээ” хэмээн хэлжээ.
Билл Гейтсийг олон хүн шүүмжилж, нөхцөл байдалд хэтэрхий сүржин хандаж байна гэх байр суурьтай байгаа юм. Харин хариуд нь Билл Гейтс “Би ердөө л өөрийнхөө мөнгийг үрж, хажуугаар нь үзэл бодлоо илэрхийлж байна. Эцэст нь би та бүхний амьдралд нөлөөлөх шийдвэр гаргах шатны хүн биш” хэмээжээ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ