“Есдүгээр сард хичээл хойшлуулах эсэхийг УОК шийднэ ”

Хуучирсан мэдээ: 2020.05.13-нд нийтлэгдсэн

“Есдүгээр сард хичээл хойшлуулах эсэхийг УОК шийднэ ”

“Есдүгээр сард хичээл хойшлуулах эсэхийг УОК шийднэ ”

Нийслэлийн боловсролын газрын /НБГ/ Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуулаас теле хичээлийн талаар тодрууллаа.


-Хүүхдүүдэд теле хичээл ороод нэлээд хугацаа өнгөрсөн байна. Энэ хичээлийн үр дүн, хамрагдалт хэр байгаа вэ?

-Дэлхий даяар коронавирус тархсантай холбоотойгоор танхимын сургалтын үйл ажиллагаа хаагдсан. Ингэснээр сурагчдын сургалтын хөтөлбөрийг нөхөх зорилгоор улсын хэмжээнд теле хичээлийг зохион байгуулж байна.

Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар сард нийт сурагчдын 80 хувь нь теле хичээлд хамрагдсан бол гуравдугаар сард 89 хувь, дөрөвдүгээр сард 84 хувь нь хамрагдсан.

Жишээ татвал, дөрөвдүгээр сард давтагдсан тоогоор 251 мянга 733 багш хүүхдүүдэд зөвлөгөө мэдээлэл өгч, ажиллажээ. Мөн давтагдсан тоогоор таван сая нэг зуу гаруй хүүхэд хөл хорионы үеэр теле хичээлд хамрагдсан байна.

Теле хичээлийн агуулга тухайн хичээлийн судлагдахууны 50-60 орчим хувийг хангаж байгаа. Үлдсэн хичээлийн агуулгыг яаж зохицуулж байна гэхээр анги удирдсан багш нар хичээлийг давтуулж байна.  Эцэг, эхчүүдээс гомдол ирсний дагуу хүүхдүүдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, багш нарын ачааллыг зохицуулах журмаар сургуулийн захирлуудад үүрэг өгсөн. Энэ нь багш нарын өгч буй хичээлийн программыг теле хичээлтэй уялдуулаад жигд байлгах чиглэлийг өгсөн юм.

Нөгөө талаар дөрөвдүгээр сарын эхний хоёр долоо хоногт хүүхдүүдийн хамрагдах хувь буурсан. Энэ нь сурагчдын жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын дүнгээр гаргана гэсэн шийдвэртэй холбоотой. Яамнаас сурагчдын жилийн эцсийн дүнг гаргахдаа теле хичээлийн оролцоо, багш нарын үнэлгээг нэмж тооцно, гэхдээ өмнөх үнэлгээг бууруулахгүй гэсэн чиглэлийг бүх сургуулиудад хүргэсэн. Ингэснээр хүүхдүүдийн идэвх оролцоо нэмэгдсэн. Үүнээс гадна эцэг, эхчүүдийн оролцоог нэмэх шаардлагатай. Энэ дагуу уриалга гаргаж, эцэг, эхчүүдэд дүүргийн боловсролын хэлтсээр дамжуулсан хүргүүлсэн.

-Теле хичээлийг зохион байгуулснаар ямар ач холбогдолтой байна вэ. Багш сурагчдын цахим орчин дах оролцоо нэмэгдсэн байх?

-Теле хичээлийг зохион байгуулснаар багш сурагчид цахим орчинд ажиллаж, хүүхдүүд бие дааж сурч байна. Түүнчлэн сурагчид анги удирдсан багштайгаа нэг группд орж, судлахуйг хариуцсан багш нартайгаа хүүхдүүд шууд холбогдоод хичээл даалгавраа шалгуулаад явж байна.

-Теле хичээлийн хүртээмж, агуулга муу байгаа талаар эцэг, эхчүүдээс санал хүсэлт хэр их ирж байна вэ?

-Эцэг, эхчүүдийн хувьд яривал хуучин сургуульд бүх асуудлаа даатгадаг байсан. НБГ-аас эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор теле хичээлд хамрагдах, багш нартай хамтарч ажиллах оролцоогоо нэмэгдүүлэх  чиглэл тавьж байна.

Өмнө нь танхимын сургалтын явцад багш хичээл заасны дараа хүүхдүүд дутуу дулимаг ойлгосон зүйлээ багшаасаа асуугаад тэр дор нь нөхөөд явчихдаг байсан. Гэтэл теле хичээл бол маш богино хугацаанд хүүхдийг уйдаахгүйн тулд агуулгыг шахаад үндсэн агуулгаа л өгч байгаа. Эцэг, эхчүүд юун дээр анхаарах вэ гэвэл хүүхдийнхээ сурах бичгийг үзээд, теле хичээл дээр аль хичээлийг зааж өгөв, ямар дасгал ажил хийх ёстой юм зэргээр багштай нь  нарийн нягт хамтарч ажиллах хэрэгтэй. Тэгж байж үр дүн гарна. Дан ганц телевизээр үзээд бүх юм болчихгүй. Мөн эцэг, эхчүүд ажилтай байгаа учраас тэр болгон хүүхдэдээ цаг гаргах боломжгүй. Тэгэхээр БСШУСЯ-ны сайт руу хандаад бүх теле хичээлийг нөхөөд үзэх боломжтой.

-Цар тахал есдүгээр сар хүртэл үргэлжилбэл яах вэ. Ирэх намрын теле хичээлийг бэлтгэж байгаа гэсэн асуудал яригдаж байна. Энэ бодитой мэдээлэл үү?

-БСШУС-ын сайдын тушаалаар бидэнд хаврын элсэлтийг ирэх наймдугаар сарын 15-наас эхлэн зохион байгуул гэсэн чиглэл ирсэн. Есдүгээр сарын 1-нээс хойших асуудал УОК-ын шийдвэрээр тодорхой болно.

Ирэх намар энэ байдал үргэлжлэх юм бол багш нарыг бэлдэх чиглэл өгч ажиллах шаардлагатай болно. Гэхдээ тодорхой шийдвэр гарсны дараа хэрэгжүүлнэ.  Одоогоор бид сургууль сургууль дээрээ л зохих хэмжээний бэлтгэлээ хийж явна. 

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
67
ТэнэглэлТэнэглэл
61
ХарамсалтайХарамсалтай
34
БурууБуруу
18
ЗөвЗөв
11
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж