ОХУ-ын “Роскосмос” сансрын агентлагаас ирэх намар хөөргөхөөр төлөвлөж буй “Союз МС” хөлгөөр АНУ-ын сансрын нисэгч хөөрөх гэнэ. Оросын “TASS” агентлагт мэдээлснээр АНУ-ын сансар судлалын агентлагтай (NASA) байгуулсан гэрээний дагуу олон улсын сансрын станц руу илгээх Союз хөлөгт америк нисэгч багтах болжээ. Гэхдээ эх сурвалжийн зүгээс гэрээний мөнгөн дүнг худалдааны нууц хэмээн мэдээлэхээс татгалзсан байна.
Өмнө нь ОХУ-ын сансрын хөлөгт суудал худалдан авахаар зөвлөлдөж байгаа тухайгаа АНУ-ын талаас мэдээлсэн юм. “NASA” агентлагийн гишүүн Стефани Шиэрхолцын мэдээлснээр Союз хөлгийн нэг суудлыг 90 сая гаруй ам.доллароор худалдан авахаар ярилцаж байсан аж.
ОХУ нь “Союз МС” хөлгийг ирэх аравдугаар сард хөөргөхөөр төлөвлөжээ.
АНУ нь сүүлд 2011 онд сансар руу нисэгчтэй хөлгөө хөөргөснөөс хойш 30 жил үргэлжилсэн “Space Shuttle” (сансрын онгоц) хөтөлбөрөө зогсоосон. Үүнээс хойш АНУ-ын сансрын нисэгчид Оросын “Союз” хөлгөөр олон улсын сансрын станц руу тээвэрлэгдэх болжээ. Одоогоор АНУ-ын олон компани нисэгчтэй сансрын хөлөг хөөргөх хөтөлбөрүүдийг хөгжүүлэхээр ажиллаж байна.
Эх сурвалж: Tass
Холбоотой мэдээ