Монгол Улс НҮБ-ын АНДЭЗНК-ын чуулганы даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө

Хуучирсан мэдээ: 2020.05.13-нд нийтлэгдсэн

Монгол Улс НҮБ-ын АНДЭЗНК-ын чуулганы даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө

Монгол Улс НҮБ-ын АНДЭЗНК-ын чуулганы даргын  үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/ нь бүс нутагт эдийн засгийн хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулах, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад учирч буй бэрхшээл сорилтыг даван туулах, шинэлэг арга замыг олж хэрэгжүүлэх талаар гишүүн орнуудад стратегийн дүн шинжилгээ хийж, бодлогын санал боловсруулж, техникийн хамтын ажиллагаа хөгжүүлэх замаар дэмжлэг үзүүлдэг байгууллага юм.

53 гишүүн болон 9 хавсарга гишүүнтэй АНДЭЗНК нь 1947 онд Ази, Алс Дорнодын эдийн засгийн комисс нэртэйгээр байгуулагдаж, 1974 онд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс болж өргөжсөн.

АНДЭЗНК-ын эрх барих дээд байгууллага нь жил бүр чуулдаг чуулган юм. Чуулган нь ахлах албан тушаалтнууд, сайд нарын хуралдаан гэсэн хоёр хэсгээс бүрддэг бөгөөд чуулганаар бүс нутгийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийн асуудал, мөн өөрийн салбар бүтэц болох хороодоос гаргасан санал, зөвлөмжийг хэлэлцэж, холбогдох шийдвэр гаргадаг.

Монгол Улс АНДЭЗНК-ын гишүүнээр 1961 онд элссэнээс хойш худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, статистик, ядуурлыг бууруулах, эрчим хүч, гамшгийн эрсдлийг бууруулах транзит тээвэр, худалдааг хөнгөвчлөх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байна.

Манай Засгийн газрын төлөөлөгчид комиссын ээлжит чуулган, хороодын хурал, зөвлөгөөнд тогтмол оролцож, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулж, бүс нутгийн хамтын ажиллагааны тулгамдсан асуудлаар саналаа илэрхийлж, ач холбогдол өгдөг зарим асуудлаар тогтоол санаачлан батлуулж ирсэн.

Түүнчлэн, АНДЭЗНК-ын 45 дугаар чуулганыг /1989-1990 онд/ Гадаад явдлын яамны орлогч сайд Х.Олзвой, 55 дугаар чуулганыг /1999-2000 онд/ Гадаад харилцааны сайд Н.Туяа нар даргалж байсан. Үүнээс 20 жилийн дараа буюу 2019-2020 онд АНДЭЗНК-ын 75 дугаар чуулганыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар даргалж байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын даргалж буй 75 дугаар чуулганаар Монгол Улс Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлын төгсгөлийн баримт бичиг болон далайд гарцгүй хөгжиж буй орнуудын худалдааг хөнгөвчлөх, дамжин өнгөрөх тээврийн асуудлаарх Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн асуудлаарх тогтоолыг тус тус санаачилан батлуулсан. Түүнчлэн, манай улс Ази, Номхон далайн статистикийн хүрээлэнгийн Удирдах зөвлөл болон Гамшгийн мэдээллийн менежментийг хөгжүүлэх Ази, Номхон далайн төвийн Удирдах зөвлөлийн 2019-2022 оны гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байна. Мөн Д.Цогтбаатар сайдын хүсэлтийн дагуу АНДЭЗНК болон Гадаад харилцааны яамны дэргэд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын судалгааны төвийн хооронд хамтын ажиллагааг эхлүүлээд байна. Тэрээр худалдааг хөнгөвчлөх асуудлаарх Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр /АПТА/-т нэгдэн орох асуудлыг урагшлуулж, хуулийн төслийг 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлсний үр дүнд 2019 оны 12 дугаар сард хуулийн төслийг УИХ соёрхон баталсан.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 21-ний өдөр цахим хэлбэрээр болох НҮБ-ын АНДЭЗНК-ын 76 дугаар чуулганыг нээлтийн үйл ажиллагааг удирдах бөгөөд нээлтийн дараа чуулганы даргын үүрэгт ажлыг Бангладеш Улсад хүлээлгэн өгөх юм.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж