О.Орхон: ҮХЦ-ээс болж 8 хувийн зээл зогслоо

Хуучирсан мэдээ: 2015.12.10-нд нийтлэгдсэн

О.Орхон: ҮХЦ-ээс болж 8 хувийн зээл зогслоо

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар өчигдөр Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн асуудлыг хэлэлцсэн. Ингээд дээрх хуулийн зарим зүйл заалт Үндсэн хуультай зөрчилдсөн гэж үзлээ. Учир нь Үндсэн хуулийн Цэц өмнө нь дунд суудлын хуралдаанаараа Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хуулийн зүйл заалттай зөрчилдөж байна гэж үзээд байсан. Уг шийдвэрийг УИХ хүлээж авахгүй гэж үзээд байсан юм. Харин өчигдөр хуралдсан Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар эл асуудлыг дахин хэлэлцэж, өмнөх шийдвэрээ дахин баталгаажуулсан. Уг асуудлаас үүдэн өнөөдөр 12 цагаас эхлэн арилжааны банкны удирдлагууд хуралдаж шийдвэрт хүрсэн талаар Монголын банкны холбооны дарга О.Орхоноос тодрууллаа.

-Өчигдөр Үндсэн хуулийн Цэцийн зүгээс өмнөх шийдвэрээ баталгаажуулсан шийдвэрийг гаргалаа. Өнөөдөр банкны удирдлагууд хуралдсан байх. Ямар шийдвэр гаргасан бэ?

-Монголын арилжааны банкуудад энэ бол маш халгаатай асуудал боллоо. Орон сууцны найман хувийн зээл ингээд хууль эрх зүйн орчингүй болж байгаа учир иргэдийг болон банкуудыг эрсдэлд оруулахгүйн тулд бид орон сууцны найман хувийн зээлийг Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс үүдэн зогсоож байна. Энэ бол өнөөдрийг хүртэл олон хүний хөөцөлдөж хэрэгжүүлсэн ажлыг нурааж байна гэсэн үг. Банк өөрөө ч эрсдэлд орж байна.

-Тэгэхээр найман хувийн зээлтэй болон хөөцөлдөж буй иргэдийн дунд хүлээлт үүсчихлээ шүү дээ?

-Зээлтэй иргэдийн хувьд өмнөх хуулиараа явах учир ямар нэг эрсдэл үүсэхгүй. Харин хамрагдахаар хүлээж байгаа иргэдийн хувьд хүнд байдал бий болж байна. Ямар ч байсан бид энэ асуудлыг холбогдох бүх шатанд нь хөөцөлдөж, хэлэлцүүлэх болно. Хэрвээ ирэх долоо хоногт УИХ-аар хүлээж аваад батлачихвал зээл хэвийн явагдаж эхэлнэ.

Э.БҮҮВЭЙ

ЭХ СУРВАЛЖ: WWW.MEDEE.MN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж