ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.
Posted by News.mn on Tuesday, May 12, 2020
НЭМЭЛТ:
ОХУ-ын Цэргийн сургуульд суралцдаг 346 сонсогч эх орондоо ирлээ. Цэргийн тусгай гурван онгоц өнөөдөр 13.30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өмнө нь ОХУ-ын Цэргийн сургуульд суралцдаг монгол сонсогчдыг эх орондоо ирэхэд нь тусалцаа үзүүлэхийг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгугаас хүссэн. Ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэдэг хүсэлт тавьж байсан нь ийн ажил хэрэг боллоо.
Эдгээр сонсогчийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Бага баян” амралтын газар, “Тоёоко инн” зочид буудалд авна. Энэхүү нислэгээр шинэ коронавирусийн халдвар өвчтөнтэй ойр байсан, мөн халдвар авч өвдөөд эдгэрсэн оюутнууд ирж байгаа гэдгийг Эрүүл мэндийн яам мэдээлсэн.
ОХУ-д байгаа 1000 гаруй оюутныг шат дараатай авах асуудал яригдаж байна. Учир нь, тавдугаар сарын 12-оос эхлэн ОХУ-ын Боловсролын яамны харьяа их, дээд сургуулиуд хичээлээ цахим хувилбарт шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор ОХУ-д суралцаж байгаа манай оюутнууд нутаг буцах зайлшгүй шаардлагатай тулгарч байна гэдгийг Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлж байв.
А.Амбасэлмаа: ОХУ-аас өнөөдөр өндөр эрсдэлтэй оюутнууд ирнэ
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн тархалттай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр албаныхан ОХУ-аас өнөөдөр өндөр эрсдэлтэй хүмүүс онгоцоор ирэх болсон тухай мэдэгдлээ.
ХӨСҮТ-ИЙН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЛБАНЫ ДАРГА А.АМБАСЭЛМАА:
-ОХУ-ын Цэргийн сургуульд суралцдаг 346 оюутан гурван онгоцоор өнөөдөр эх орондоо ирнэ. Одоо эхний онгоц Монгол руу хөөрч байгаа болов уу. Эдгээр оюутнаа бид ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Бага баян” амралтын газар, “Тоёоко инн” зочид буудалд авахаар бэлдэж байна. ОХУ-д цар тахлын халдвар өндөр байгаа. Энэ удаагийн онгоцоор халдварын хавьтал болсон хүүхдүүд ирж байгаа гэх судалгаа байна. Өвдөөд эдгэрсэн хүүхдүүд ч бий. Бүгдийг нь тусгаарлаж авна. Мөн шинэ коронавирусийн халдвар ямар нэгэн шинж тэмдэггүй явж байгаад илэрч байгаа учраас өнөө шөнөдөө багтаж, 346 оюутнаасаа шинжилгээ авна. Шинжилгээг очиж авах лаборантуудыг бэлдэж байна. Шуурхай хариу арга хэмжээний дөрвөн баг ажиллана. Маргааш бол халдвартай, халдваргүйгээр нь ялгах ажлыг зохион байгуулна.
Бид 2020 оны нэгдүгээр сарын 7-ноос хойш нийт 316 сэжигтэй тохиолдлыг илрүүлэн тусгаарлаж, ХӨСҮТ-д оношилсон. Эдгээрээс коронавирусийн халдвар илрээгүй бөгөөд 78 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шинж тэмдэгтэй байсан. Сүүлийн долоо хоногт дөрвөн тохиолдол Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн. Ингэснээр нийтдээ 42 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна. Энэ тохиолдлууд эх орондоо ирээд 2-13 хоногийн дараа 1-6 удаагийн шинжилгээгээр батлагдаж байна. Нийт батлагдсан тохиолдлуудын 60 орчим хувь нь ОХУ-аас, бусад нь 11 улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Хүйсийн хувьд 45 хувь нь эрэгтэй, 65 хувь нь эмэгтэй. Насны хувьд 11-65 насны хүмүүс байна. Дундаж наслалт нь 30 настай хүмүүс эмчлэгдэж байна. Мөн 15 наснаас доош хоёр, 50-аас дээш насны долоон хүн байсан байна. Эмнэлзүйн явцын хувьд 40 хувь нь хөнгөн, 35.7 хувь дунд, 17 хувь хүндэвтэр, 7.3 хувь нь хүнд буюу маш хүнд явцтай ХӨСҮТ-д эмчлэгдсэн. Сүүлд ирсэн гурав, дөрвөн тохиолдол биеийн байдал хүндэвтэр шинж тэмдэгтэй ирсэн. Тодруулбал, нэлээд ядрангуй, ханиалгасан, хоолонд дургүй, бөөлжих, нус гоожих зэрэг шинж тэмдэгтэй ирсэн. Зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлуудын 15 нь эдгэсэн. Одоо ХӨСҮТ-д 27 хүн эмчлэгдэж байна. Эдгэрсэн хүмүүс сувилалд 14 хоног ажиглалтад байж, хоёр удаа шинжилгээ хийлгэнэ. Хэрэв шинжилгээ нь сөрөг гарсан бол гэрээр өрхийн эмчийн хяналтад дахин 14 хоног байна. Энэ хугацаандаа бас шинжилгээ хийлгэнэ. Одоогийн байдлаар эдгэрсэн таван хүн сувилалд, хоёр хүн ХӨСҮТ-д, нэг хүн гэрийн ажиглалтад, долоон хүний ажиглалт, гэрийн хяналт бүрэн дууссан. Эдгээр хүмүүс гуравдугаар сарын 15, 16, 17-ны тусгай үүргийн онгоцоор ирж, эмчлэгдсэн. Нэг хүний биеийн байдал сайжирч, удахгүй эдгэрнэ. Өнөөдрийг хүртэл вирус судлалын лабораторид 11 мянга гаруй шинжилгээ хийгээд байна. Монгол Улсын хэмжээнд вирус судлалын зургаан лаборатори бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Тээврийн 600 гаруй жолоочид шинжилгээ хийсэн өнөөдрийг хүртэл вирус илрээгүй. Мөн 5000 орчим хүнд тандалт судалгаа, шинжилгээ хийсэн.
ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:
Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторит нийт 266 хүний шинжилгээг хийхэд коронавирус илрээгүй. Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан долоо, ажиглах байранд тусгаарлагдсан 242 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан таван хүний шинжилгээнд вирус илрээгүй. Тандалтын зорилгоор шинжилгээ авахдаа Хан-Уул, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс тус тус сорьц авсан.
Алтанбулаг боомтоор орж ирсэн 12 тээврийн жолоочийн шинжилгээг Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторит хийхэд вирус илрээгүй. Бид одоо ОХУ-аас оюутнуудыг хүлээн авахаар бэлтгэл ажлыг зохион байгуулж байна. Өндөр эрсдэлтэй хүмүүс ирж байгаа учраас онцгой анхаарч ажиллана.
Өчигдрийн байдлаар нийт 66 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Алтанбулаг боомтоор орж ирсэн 12 тээврийн жолоочоор вирус илрээгүй. Бид ОХУ-аас ирэх оюутнуудыг хүлээн авахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Өндөр эрсдэлтэй хүмүүс ирнэ.
Холбоотой мэдээ