“ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргыг хамгаалалтад авч болно”

Хуучирсан мэдээ: 2020.05.13-нд нийтлэгдсэн

Live“ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргыг хамгаалалтад авч болно”

Posted by News.mn on Tuesday, May 12, 2020

12 : 58
2020-5-13

“ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргыг хамгаалалтад авч болно”

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсан.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго бүр Монгол хүний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн “Монгол Улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон болох” Алсын хараанд төвлөрсөн 9 зорилгыг тодорхойлжээ.

Тухайлбал, эдийн засаг – “ДНБ-ий 6.1 дахин нэмэгдэж, нэг хүнд ногдох ДНБ 3.6 дахин өсөж, 15.000ам.долларт хүрч, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын босгыг давна” Улаанбаатар ба дагуул хот – “Амьдрах таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй хот болгон хөгжүүлнэ, . Хүний хөгжил – “Монгол Улсын хүний хөгжлийн индексийг 0.9-д хүргэж, аз жаргалын индексээр дэлхийн эхний 10 орны тоонд багтана гэж тусгажээ.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь дээрх 9 суурь зорилго, хөгжлийн 50 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2020-2030 он, 2031-2040 он, 2041-2050 он гэсэн 3 үе шаттайгаар зорилт тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг төлөвлөжээ.

Үргэлжлүүлэн Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж холбогдох байнгын хороонд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

 Төрийн гурван өндөрлөг төрийн тусгай хамгаалалтад байх нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэж ойлгож байгаа. Олон улсын жишигт ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга гэж бий. Энэ хүн ҮАБЗ-ийн бүх нууцыг мэддэг. Сүүлийн 30 жил энэ албан тушаалыг хэчнээн хүн авав, мөн явав. Цаашдаа ҮАБЗ болон төрийн гурван өндөрлөгтэй холбоотой бүх зүйлийг мэддэг цорын ганц хүн ямар ч хамгаалалтгүй мэт надад харагддаг. Энэ асуудлаар мэдээлэл өгөөч. Японд гэхэд ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга байсан хүнийг бүх насаар нь цагдаагийн хамгаалалтад авдаг. Энэ нь зөв. Манайд нөхцөл байдал ямар байдаг талаар мэдээлэл өгөөч.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

ҮАБЗ өөрийн гэсэн бие даасан хуультай. ҮАБЗ  Тагнуулын байгууллага биш болж байгаа, энэ байгууллага төрийн гурван өндөрлөг, ҮАБЗ-ийн хуралдах орчин УИХ, Төрийн ордон, Засгийн газар, яамд, Засгийн газрын тусгай газруудын аюулгүй байдлын хамгаалалтыг хариуцдаг байгууллага. Гүйцэтгэх ажиллагаа явуулж тагнаж, чагнадаг ажил хийхгүй гэсэн үг. ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Тагнуулын байгууллагын байнгын хяналт дор насан туршдаа байх учиртай.  Тэгэхээр ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргатай холбоотой асуудлууд  бие даасан ҮАБЗ-ийн хуулиар нь зохицуулагддаг.

Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, хурандаа П.Батаа:

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд Монгол Улсын албан тушаалтныг шаардлагатай тохиолдолд хамгаалалтад авч болно гэж заасан байдаг. ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргыг хамгаалалтад авах шаардлагатай гэж үзээд Засгийн газраар шийдвэрлүүлснээр манайхаас хамгаалалтад авах боломжтой.

Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Эл асуудлыг хэлэлцсэнээр өнөөдрийн чуулганы хуралдааныг хаалаа.

11 : 38
2020-5-13

Засгийн газрын тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүний тангараг өргөх журам батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа. Төслийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх үүднээс төслийн 2 дугаар зүйл буюу 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг Улсын Их Хурал тогтооно” гэсний дараа “Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чиг шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж нэмэхээр тогтсон.

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Уг хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль, тогтоомжуудыг нийцүүлэх ажлын хүрээнд уг хуулийн төслийг боловсруулан хэлэлцэж байгаа бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар төсөвт ямар нэг нэмэлт зардал шаардагдахгүй бөгөөд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт бодитоор хэрэгжиж, Засгийн газар тогтвортой ажиллах, гүйцэтгэх засаглалын эрх хэмжээ, үйл ажиллагааны чадавх дээшлэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.

Хуулийг 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.

Төсөлд:

– Сонгуулийн дүнгээр аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй тохиолдолд улс төрийн нам, эвсэл заавал олонх бүрдүүлж Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх шаардлагыг Засгийн газрыг эмхлэн байгуулах үндэслэл, журам хэсэгт,

– Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, зөвшилцөж чадаагүй тохиолдолд өөрөө өргөн мэдүүлэх,

– Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь Улсын Их Хурлын гишүүн байж болох зохицуулалтыг,

– Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг УИХ тогтоохоор,

– Ерөнхий сайд Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах зохицуулалтыг,

– Ерөнхий сайдыг огцруулах, Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох талаарх зохицуулалтыг,

– Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр, Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцохоор, тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцох зохицуулалтыг тус тус нэмэхээр тусгажээ. Мөн Засгийн газар гэсэн нэршил, Засгийн газрын бэлгэдлийг иргэн, хуулийн этгээд хэрэглэхийг хориглох заалт нэмсэн байна.

11 : 11
2020-5-13

Хотын нэршлийг эргэж харахаар болов

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлөөс шалтгаалан бий болсон агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн эдийн засгийн тодорхой салбаруудыг хөгжүүлэх, хүн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нийслэлийн дагуул болон бусад хотуудыг байгуулж, хүн амын төвлөрлийг сааруулах үүднээс Аэросити, Майдар хотыг шинээр байгуулахаар тогтоолын төсөлд тусгажээ.

Тогтоолын төсөлд тусгасан хотын нэршлийн талаар өчигдөр байнгын хорооноос санал гаргаж байр сууриа илэрхийлсэн.Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт  “Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан төсөлд тусгагдсан “Аэросити” гэсэн нэршлийг “Тулуй” гэж, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд “Шинэ Зуунмод” гэж өөрчлөх санал гаргасан ч дэмжигдээгүй юм. Гэхдээ орон нутгийн удирдлага болон иргэдийн саналыг авсны дараа нь байнгын хороогоор нэрийг эцсийн байдлаар өгөх чиглэл өгөхийг УИХ-ын даргаас хүслээ.

Тиймээс нэрийг эцсийн хэлэлцүүлэг дээр анхаарахыг УИХ-ын дарга чиглэл өглөө.

УИХ-ын гишүүн Н.Энхболд “Шинэ Зуунмод” гэж өөрчлөх саналыг  орон нутгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, иргэдээс бичиг ирсэн.Уг саналд  хотын нэршлийг  “Шинэ Зуунмод” гэж өөрчлөх санал гаргасан тул уг хүсэлтийг нь эцсийн хэлэлцүүлэг дээр гишүүд дэмжиж, анхаарч өгнө үү.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Аэросити” гэсэн нэршлийг “Тулуй” гэж өөрчлөх саналаа мөн илэрхийлж иргэдээс санал авахгүйгээр байнгын хороо дээр нэршлийг эцсийн байдлаар шийдвэрлэх нь зөв. Түүх уламжлалаа бодсон нэр өгөх нь чухал”  гэсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Байнгын хороогоор дэмжээгүй саналаар санал хураалт явуулахгүй. УИХ, Засгийн газрын чиг үүрэгт хамаарах хотуудын нэрийг боловсруулж, танилцуулах асуудлаар мэтгэлцээн явуулах нь зохимжгүй. Үндсэн хуулийн зарчим, Хот байгуулалтын тухай хуулийн холбогдох шаардлагад нийцүүлэн “Аэросити” буюу олон улсын нисэх буудлыг түшиглэн байгуулж буй хотын оноосон нэршлийг орон нутгийн санал санаачилгаар боловсруулж үе шаттай шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан. Нэршлүүдийг судлаад шийдвэр гаргах асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэн шийдвэрлэхийг чиглэл болгож байна.

Үүгээр зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж дууссанаар “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг холбогдох байнгын хороонд эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Үргэлжлүүлэн “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтэд хяналт тавих тогтоолыг баталлаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

10 : 18
2020-5-13

Л.Оюун-Эрдэнэ: "Эрдэнэт" үйлдвэрийн ноцтой мэдээллийг ил болгох шаардлагатай байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

1.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
2.“Засгийн газрын гишүүний тангараг өргөх журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
3.Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
4.““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
5.“Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
6.“Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтэд хяналт тавих/;
7.“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
8.Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
9.Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
10.Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
11.Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
12.Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

Чуулган завсарлахаас өмнө "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүдэд танилцуулга хийх зайлшгүй шаардлага байна. Трейдер компаниудтай холбоотой асуудал шалгалтын дүнгээр тогтоогдсон. Үүнийг олон нийт ил болгох шаардлагатай гэж Засгийн газар үзсэн. Өмнө нь  УИХ-ын гишүүдэд танилцуулчихмаар байгаа юм. Чуулган хаахаас өмнө энэ асуудалд УИХ-ын дарга анхаарал хандуулна уу. Эсвэл харьяаллын байнгын хороодод танилцуулах ёстой юм уу, Засгийн газраас нээлттэй болгох юм уу. Энэ саналыг би гурав дахь удаагаа хэлж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

Цаг гарвал Баасан гаригийн чуулганы хуралдааны мэдээллийн цагийн үеэр "Эрдэнэт" үйлдвэрийн асуудлыг сонсох эсэх асуудлыг УИХ-ын Тамгын газар ярилцаад хариу өгье.

Үүгээр хэлэлцэх асуудалдаа орлоо. “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх дэмжлээ. 

Үргэлжлүүлэн Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж