“Жолооны шар үнэмлэхийн хугацаа бүрэн дууссан”

Хуучирсан мэдээ: 2020.05.13-нд нийтлэгдсэн

“Жолооны шар үнэмлэхийн хугацаа бүрэн дууссан”

ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Н.Пүрэвдоржоос жолооны үнэмлэхийн хэвлэлт болоод захиалгын асуудлаар тодрууллаа.


-УОК-ийн шийдвэрийн дагуу бүх шатны сургалтын төв, жолооны курсийн үйл ажиллагааг зогсоосон. Үүнээс гадна цар тахлын улмаас жолооны үнэмлэхийн бэлдэц саатаж хэвлэлт удаашралтай байгаа гэж сонссон?

-Засгийн газрын нэгдүгээр сарын 26-ны ээлжит бус хуралдаанаар шинэ төрлийн коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдүгээр сарын 27-ноос бүх төрлийн сургалтын байгууллагын үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын А109 тушаалаар тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэхтэй холбогдуулан бүх төрлийн сургалт болон шалгалт зохион байгуулах үйл ажиллагааг зогсоож, сургалтын бүртгэлийн программыг түр хаах арга шийдвэр гарсан.

ЦЕГ-ын бүртгэл хяналтын төвийн үйлчилгээний танхимаар өдөрт 500-800 хүн үйлчлүүлдэг байсан бол төвлөрөл үүсгэхгүйн тулд үйлчилгээний танхимын үйл ажиллагааг зогсоосон. Энэ хугацаанд Дүнжингарав болон Драгон төвд жолооны үнэмлэхийн захиалга авч байгаа. Өнгөрсөн жилүүдэд бид нээлттэй тендер зарлаж жолооны үнэмлэхийн бэлдэц худалдаж авдаг байсан бол энэ жилээс шууд худалдан авах зарчмаар үйлдвэр лүү нь захиалга өгч эхэлсэн. Бидний тооцоолсноор үнэмлэхийн бэлдэц гуравдугаар сарын 15-нд ирэх боломжтой байсан. Тэгтэл БНХАУ цар тахлын улмаас үйлдвэрүүдээ бүрэн зогсоосон. Харин одоо үйлдвэр нээгдсэн ч хагас хүчин чадлаар ажиллаж байгаа. Тиймээс манай захиалга хойшлогдсон. Өөрөөр хэлбэл, хөл хорионы үеэр жолооны курсийн ангилал ахиулах, эрх сэргээх үйл ажиллагаа бүрэн зогссон юм.

-Одоо хэчнээн иргэдийн үнэмлэх хүлээгдэж байгаа юм бэ?

-ЦЕГ-ын бүртгэл хяналтын төвд одоогоор 5000 орчим иргэдийн үнэмлэх хэвлэгдээгүй хүлээгдэж байна. Эдгээр үнэмлэх нь энэ оны гуравдугаар сарын 20-ноос өнөөдрийг хүртэлх хугацаанд үнэмлэх захиалсан, эсвэл сунгуулах хүсэлтэй иргэдийн үнэмлэх байгаа юм. Харин дээрх хугацаанаас өмнө буюу нэгдүгээр сарын 27-ноос өмнө жолооны шалгалтаа өгөөд тэнцсэн иргэдийн үнэмлэх эздэдээ очсон. Үнэмлэх хэвлэлтийн бэлдэц огт байхгүй биш байгаа. Гэхдээ зөвхөн нэн шаардлагатай тохиолдолд цөөн иргэдээс хүсэлтийг авч үнэмлэхийг олгож байна.

Өмнө нь жолооны үнэмлэх захиалсан иргэдэд түр үнэмлэх өгдөг байсан. Тэгвэл энэ жилээс түр үнэмлэх хэвлэхээ больсон. Хэрвээ үнэмлэхний хугацаа нь дууссан, эсвэл хаяж гээсэн бол тухайн жолооч Дүнжингарав, Драгон төвд очоод захиалгаа заавал өгөх ёстой.

Тухайн иргэний захиалга өгсөн мэдээлэл цагдаагийн байгууллагад очдог. Ингэснээр цагдаа зогсоосон тохиолдолд тухайн иргэний үнэмлэх захиалсан мэдээллийг багажаараа харчихна шүү дээ.

-Дээрх 5000 үнэмлэх хэзээнээс хэвлэгдэж эхлэх вэ?

-Бид шууд худалдан авах ажиллагааг нэг компаниар дамжуулан захиалсан. Гэрээний нөхцөлд цар тахал, гал түймрийн гамшгийн үед гэрээ сунгагдана гэсэн заалттай. Тэгэхээр цаад компаниас зургадугаар сарын сүүлээр бэлдэц ирэх магадлалтай гэсэн чиглэл өгсөн. Тиймээс иргэдийн үнэмлэх зургадугаар сарын сүүлээр хэвлэгдэх байх.

-Жилд дунджаар хэчнээн жолооны үнэмлэх хэвлэгддэг юм бол? 

-Монгол Улсад 1.3 сая жолооч бий. Жилдээ 180-230 мянган үнэмлэх хэвлэдэг. Үүнээс 70 мянга нь нөхөн олголт, хаясан гээсэн хүмүүсийн захиалга байдаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд жолооны үнэмлэх арван жилийн хүчинтэй хугацаатай гэж заасан байдаг. Тэгэхээр 2010 онд жолооны курс төгссөн хүмүүсийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа энэ жил дуусгавар болох ёстой. Гол нь хугацаа нь дууссан үнэмлэхтэй явж байгаа хүнийг цагдаа торгох үндэслэлтэй. Тиймээс үнэмлэх хэвлэгдэхгүй байгаа ч гэсэн хугацаа нь дууссан бол заавал захиалга өгөх хэрэгтэй.

Харин шар үнэмлэхийн хугацаа нь бүрэн дууссан. Үнэмлэх солиулахад тийм хүндрэлтэй биш. ЦЕГ-ын бүртгэл хяналтын төвд солиулах үнэмлэхээ авчраад, 12500 төгрөгийг банкинд тушаахад болно. Анхаарах зүйл нь тухайн торгуульгүй байх ёстой. Хэрвээ торгуулсан бол торгуулиа төлсөн байх ёстой. Ингэснээр тухайн хүний материал цагдаагийн мэдээллийн санд бүртгэгдсэнээр тэр хүн жолоо барих бүрэн эрхтэй болчхож байгаа юм.

Ер нь жилд 60-70 мянган хүн шинээр жолооч болдог. Мөн 30-40 мянга орчим хүн ангилал ахиулдаг бол 20-30 мянган хүн эрхээ хасуулаад буцааж сэргээдэг юм.

Сургалтын төв хаагдсанаар хэчнээн хүн жолооны шалгалтаа өгөхөөр хүлээж байна вэ?

-Нийтдээ 20 мянган хүн шалгалт өгөхөөр хүлээгдэж байгаа. Үүний 9800 нь Улаанбаатар хотод үлдсэн 10 мянга гаруй нь орон нутагт гэсэн тооцоо байгаа. Эдгээр хүмүүсийн шалгалтыг жолооны курс нээгдсэнээр авч эхэлнэ.

ЦЕГ-ын бүртгэл хяналтын төвд цахим шалгалтын танхим гэж байдаг. Ариутгал халдваргүйжүүлэлт талаас нь бодох юм бол нэг удаад бид 10-12 хүний шалгалтыг авах боломжтой. Энэ шалгалт сургалтын төвүүд нээгдсэнээр явагдана.

Мөн нэгдүгээр сарын 27-ноос сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулаад тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон, эрх нь хасагдаад хугацаа нь дууссан, зөрчлийн оноо нь дууссан хүмүүс сургалтад хамрагдаж чадахгүй болохоор эрх нь сэргээгдэж чадахгүй байгаа. Дээрх хүмүүс хөдөлгөөнд оролцвол цагдаагийн байгууллагаас зөрчлийн тухай хуулийн дагуу 200 нэгж буюу 200 мянгаар торгох үндэслэлтэй. Харин сургалтын төвүүд нээгдсэнээр эрхээ хасуулсан хүмүүсийн эрх сэргээгдэх байх.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж