Covid-19 вирусийн цар тахлын нөлөөгөөр эдийн засагт учирч буй сорилтыг даван туулах арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Монголбанк хоёр багц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Цар тахлын улмаас хөл хорионд орж, орлогогүй болсон иргэдийн ипотекийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг зургаан сараар хойшлуулах шийдвэр гарч, иргэдийн хүсэлтийг дөрөвдүгээр сарын 30 хүртэл авч дууссан.
Харин ипотекийн зээлийн төлбөрөө хойшлуулаагүй, хуваарийн дагуу төлөлтөө хийж буй иргэдийг урамшуулж, гурван сарын хугацаанд найман хувийн хүүг нь зургаан хувь болгон бууруулах шийдвэр гарсан талаар Монголбанк, УИХ тухайн үедээ мэдэгдэж байв.
Эдгээр арга хэмжээг УИХ хуульчилж, дөрөвдүгээр сарын 29-нд коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан билээ.
Ийнхүү ипотекийн зээлээ хойшлуулаагүй иргэдийн дунд 8 хувийн хүүний төлбөр нь 6 хувь болох шийдвэр хэзээнээс хэрэгжих бол гэсэн хүлээлт бий болжээ. Энэ талаар арилжааны томоохон банкуудаас тодруулахад, тэдэнд ямар ч мэдээлэл ирээгүй байна гэх хариултыг өгсөн юм.
Харин Монголбанкны хэвлэл мэдээллийн ажилтанаас тодруулахад, энэ чиглэлд Засгийн газрын шийдвэр гарахаар хэрэгжих хугацаа нь тодорхой болно гэсэн юм.
УИХ коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль баталсан гэдгийг дээр дурдсан. Хачирхалтай нь, энэхүү хуульд зээлээ хуваарийн дагуу төлж буй иргэдийн 8 хувийн хүүг нь гурван сарын хугацаанд 6 хувь болгоно гэсэн эрх баригчдын амалж байсан шийдвэр нь гээгджээ. Уг нь УИХ-ын даргаасаа эхлээд энэ талаар ярьж, төв банкны зүгээс хэвлэлийн хурал хийх үеэрээ "Ипотекийн 8 хувийн зээлээ цаг хугацаандаа төлсөн тохиолдолд хүүг нь 6 хувь руу буулгаж, дэмжлэг үзүүлнэ" гэж мэдээлж байсан юм.
Одоо харин хуульд тусгаагүй гээд цар тахлын үед зээлийн төлбөрөө хойшлуулалгүй төлж буй иргэдийн 8 хувийн хүүг 6 болгон бууруулахгүй гээд орхих уу аль эсвэл Засгийн газар энэ заалтад тусгай журам гаргах уу гэдэг нь асуулт болж үлдэж байна.
Холбоотой мэдээ