Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт энэ сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ. Уг нэмэлт өөрчлөлтийн 39 дүгээр зүйлийн нэгдүгээр хэсэгт "Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно" хэмээн заасан нь маргаан дагуулаад байгаа билээ. Тодруулбал, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар эрхзүйн чадамжгүй болж, огцрох ёстой гэж зарим хуульчид удаа дараа мэдэгдсэн.
Тэгвэл уг зохицуулалтыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар зохицуулна гэж эрх баригчид тайлбарлаж байв. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар батална. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өчигдөр /2020.05.12/ дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой Засгийн газрын хуулийг 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдах парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн өдрөөс дагаж мөрдөнө гэсэн заалт байнгын хороогоор дэмжигдсэн юм.
Тиймээс энэ долоо хоногийн VS буландаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх, хуульч Ч.Өнөрбаяр нарын байр суурийг хүргэж байна.
Хуульч Ч.Өнөрбаяр:
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн тухай хууль тавдугаар сарын 25-аас эхлэн мөрдөгдөнө. Энэ нэмэлт өөрчлөлтөөр олон заалт хэрэгжиж эхэлсэн. Үүний нэг нь Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай юм. Ерөнхий сайд Засгийн газрын кабинетын гишүүдээ УИХ-д танилцуулж, тангараг өргөнө. Ерөнхий сайд Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлыг тавдугаар сарын 25-аас өмнө УИХ-д оруулах ёстой. Одоогийн Засгийн газрын гишүүд 100 хувь давхар дээлтэй байгаа.
Тавдугаар сарын 25-аас Ерөнхий сайдаас гадна дөрвөн гишүүн л давхар дээлтэй байж болно. Тэгэхээр хэнийгээ давхар дээлтэй үлдээх вэ гэдгээ шийдэх нь МАН-ын дотоод асуудал. Үндсэн хуулийн зарчим хэрэгжих ёстой. Хэрэв зөрчвөл Засгийн газраас гаргаж байгаа шийдвэр, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ Үндсэн хуулийн бус болж, хууль зөрчинө. Үндсэн хуульд нийцүүлэхээс өөр арга байхгүй. Хуулийг дээдлэх нь төр засгийн үүрэг. Үндсэн хуулийнхаа дээгүүр давж гардаг ямар ч том албан тушаалтан байх ёсгүй. Бэлтгэл хангасан уу гэдэг эргэлзээтэй байгаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
Хуульч нар маргаантай зүйл яриад байгаа юм. Сонгууль дөхсөн учраас зарим хүн улстөржүүлж байгаа. Засгийн газрын тухай хууль өргөн баригдсан. Сонгууль болохоос нэг сарын өмнө Засгийн газраа солиод яах ч юм билээ, амьдрал дээр бодсон ч тэр. Хуульдаа заалт нь бий. УИХ ямар шийдвэр гаргана түүнийг нь Засгийн газар дагаж мөрдөх ёстой. УИХ дээр шийдвэрлэгдэх асуудал.
Холбоотой мэдээ