АНУ-ын Дээд шүүхэд Трампын эсрэг зарга үүсгэв

Хуучирсан мэдээ: 2020.05.13-нд нийтлэгдсэн

АНУ-ын Дээд шүүхэд Трампын эсрэг зарга үүсгэв

АНУ-ын Дээд шүүхэд Трампын эсрэг зарга үүсгэв

АНУ-ын дээд шүүхэд Мягмар гаригт (2020.5.12) ерөнхийлөгч Дональд Трампыг эрх мэдлээ хэтрүүлсэн гэх маргааны хэлэлцүүлгийг хийлээ. АНУ-ын Конгрессын тэргүүлэх хороо болон Нью-Йорк хотын прокурорын газраас Дональд Трампыг санхүүгийн тайлан мэдээллийг нь авахад саад учруулсан хэргээр маргаан үүсгэсэн аж. АНУ-ын төлөөлөгчдийн танхимын хорооноос Дональд Трампыг дээрх банкуудад мөнгө угаасан, мөн хуучин хувийн өмгөөлөгчийнх нь мэдээлснээр татвараас зайлсхийхийн тулд зарим үл хөдлөхийн баримтаа зассан эсэхийг шалгахын тулд санхүүгийн тайланг нь авахыг хүсчээ. Улмаар Дээд шүүхийн есөн шүүгч Дональд Трампын эсрэг гурван маргаанд татвар, санхүүгийн мэдээллээ нууцлах эрхтэй эсэхийг шүүн хэлэлцэх болов.

АНУ-ын ерөнхийлөгч, сонгуульд нэр дэвшигч нар олон нийтэд нээлттэйгээр санхүүгийн тайлангаа мэдүүлсээр ирсэн уламжлалтай ч Дональд Трамп үүнийг зөрчжээ. Тэрбээр өөрийн “Mazars LLP” нягтлан бодохын фирм болон “Deutsche Bank” ба “Capital One” гэх хоёр банкнаас санхүүгийн мэдээлэл, татварын тайланг нь шалгах хууль хяналтынхны оролдлогыг таслан зогсоожээ.

АНУ-ын өмнөх ерөнхийлөгч нарыг бодвол Дональд Трамп татварын тайлан болон бусад санхүүгийн мэдээллээ дэлгэхээс татгалздаг. Эдгээр мэдээллээр Дональд Трампын хөрөнгийн хэмжээ болон түүний гэр бүлийн компанийн үйл ажиллагааг мэдэх боломжтой юм. Өмнө нь түүнийг Хятадын төрийн өмчийн "Bank of China” банкнаас 2012 онд Трамп цамхагтай холбоотойгоор 211 сая ам.долларыг зээлсэн бөгөөд эргэн төлөлт 2022 оноос хийгдэх ёстой талаар мэдээлсэн.

Трампын өмгөөлөгчдийн зүгээс Конгресс болон прокуророос Дональд Трампыг  шалгах, мөрдөн байцаах боломжийг хязгаарласан Ерөнхийлөгчийн эрх мэдлийн өргөн хүрээг баталгаажуулахыг Дээд шүүхээс хүсчээ. Түүнчлэн өмгөөлөгчдийн зүгээс Үндсэн хуулийн дор Дональд Трамп нь аливаа гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанаас хамгаалагдах халдашгүй эрхтэй хэмээн маргажээ. Тэр ч бүү хэл Дональд Трамп Нью-Йоркийн тавдугаар өргөн чөлөөнд хүн буудсан байсан ч прокуророос түүнийг ерөнхийлөгчийн албанд байхад нь шалгах эрх зүйн чадамжгүй гэж өмгөөлөгч нь жишээ татан ярьсан байна.

Нью-Йорк болон Вашингтон хотын Доод шатны шүүхийн шийдвэрүүд Дональд Трампын талд гарсан. Харин Дээд шүүхийн есөн шүүгчийн тавыг нь Ерөнхийлөгч томилдог. Тиймдээ ч Дональд Трамп өөрийнх нь эсрэг үүсгэсэн олон хэргээс амжилттай мултарчээ. Тухайлбал, цагаачлалын бодлогыг чангатгасан шийдвэрийг нь эсэргүүцэн Дээд шүүхэд гомдол гаргасан ч шийдвэр Дональд Трампын талд гарч хэд хэдэн орон аяллын хар жагсаалтад орсон. Гэхдээ АНУ-ын хүн амын тооллоготой холбоотой хэрэгт Дональд Трамп ялагдал хүлээсэн нь гэнэтийн зүйл байв.

Ирэх арваннэгдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд улиран нэр дэвшихээр шийдсэн Дональд Трамп ард түмнээсээ санхүүгийн мэдээллээ нууж байгаа нь анхаарал татаж байна. Түүний эсрэг шүүхийн маргаан коронавирусийн халдварт өвчний эсрэг хязгаарлалт, хоригоос шалтгаалан хэдэн долоо хоног үргэлжлэх магадлалтай байна. Цар тахлаас шалтгаалан шүүх хурал биечлэн бус теле хурал маягаар явагдаж байгаа аж. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн жилд энэ мэт шүүхийн маргаан олон гардаг байна. Тухайлбал, 1997 онд ерөнхийлөгч нь албан үүргээс гадуур үйл ажиллагаа явуулсан хэргээр яллагдах боломжтой гэж шийдэж байсан. Улмаар ерөнхийлөгч асан Билл Клинтоныг ижил хүйстнүүдийн эсрэг хүчирхийллийн хэргийг саатуулсан хэргээр шүүж байжээ.

Ердөө гурван сарын өмнө Дональд Трамп албан тушаалаас нь огцруулахын төлөөх АНУ-ын Сенатын танхимын итгэл үзүүлэх эсэх санал хураалтад тэсч үлдсэн билээ. Түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж өрсөлдөгчөө зайлуулахыг оролдсон, Конгрессийн үйл ажиллагаанд саад учруулсан гэх хоёр үндэслэлээр буруутгасан юм. Улмаар итгэл үзүүлэх эсэх /импичмент/ асуудал Сенатын танхимаар хоёр долоо хоногийн турш хэлэлцэгдсэн. АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп гэм буруугаа дэнслүүлсэн Нэгдсэн улсын гурав дахь төрийн тэргүүн болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж