УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хот байгуулах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Аэросити, Майдар хотуудыг байгуулахтай холбогдуулан Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хэрэгцээ, шаардлагагыг тандан судалж дээрх тогтоолын төслийг боловсруулжээ. Тогтоолын төсөл боловсруулсан ажлын хэсгээс хотын нэрсийг Аэросити, Майдар хэмээн оруулж ирсэн байна.
Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Аэросити хотын нэрийг “Тулуй” хэмээн өөрчлөх горимын санал гаргав. Тэрбээр энэ талаар “Би энэ хотод монгол нэр өгөх ёстой гэж санал хэлснийхээ дараа нэлээн бодсон, бас судалсан. Чингис хаан дөрвөн хүүтэй байсан. Отгон хүү Тулуйдаа одоогийн Монгол Улсын газар нутгийг хуваарилан өгсөн. Тулуй бол хаадын аав, Монгол Улсын гал голомтыг сахисан хүн. Улаан тэнгисээс нааш улсынхан Чингис хаан олон улсын нисэх буудалд буухдаа "Энэ хотыг Хүлэг хааны аавын нэрээр нэрлэсэн хот юм байна".
АНУ, Азийн улс орны иргэд буухдаа "Энэ бол Хубилай хааны аавын нэрээр нэрлэсэн хот юм байна", европчууд буухдаа "Энэ бол Мөнх хааны аавын нэрээр нэрлэсэн хот юм байна" гэж ярьцгаах болно. Өөрөөр хэлбэл, энэ нэр нь дотоод, гадаад аль ч талдаа утга төгөлдөр гэж бодсон юм” хэмээн тайлбарласан юм. Гэвч уг горимын саналаар санал хураалт явуулсан ч дэмжигдсэнгүй.
Байнгын хорооны гишүүдийн дунд шинэ хотын нэртэй холбоотой маргаан үүссэн учраас энэ асуудлыг эцсийн хэлэлцүүлгээр шийдэх нь зүйтэй хэмээн санал нэгдсэн юм.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ