Монгол геном төсөл шинэ үеийг эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.05.12-нд нийтлэгдсэн

Монгол геном төсөл шинэ үеийг эхлүүллээ

Монгол геном төсөл шинэ үеийг эхлүүллээ

2017 онд БНХАУ-д 175 монгол хүний геномын кодыг задлан шинжилж нийтэлсэн билээ. Үүнд Монгол улсын иргэд сайн дураараа оролцжээ. Энэ өдрөөс хойш бид хүний генийг бүтэн унших технологийг Монгол улсад яаралтай нэвтрүүлэх шаардлагатай гэж үзсэн  юм. Улмаар өнгөрсөн 3 жилийн турш энэхүү технологийг нэвтрүүлэх, дэд бүтэц, хүний нөөц, шаардлагатай тоног төхөөрөмж, програм хангамж зэргийг бүрдүүлж, 2019 оны 11-р сараас үе шаттайгаар судалгаагаа эхлүүлсэн билээ.

Энэ технологийг эзэмшихийн тулд 99 үе шат бүхий 255 үйлдлийг алдаагүй зөв хийх шаардлагатай байсан ба эдгээр үйл явцыг амжилттай хийж гүйцэтгэн өнөөдөр Монгол эрдэмтэд, эх орондоо Монгол хүний удмын мэдээллийг бүрэн унших чадамжтай болсныг бахархалтайгаар зарлаж байна.

Энэ технологи нь Монгол улсын шинжлэх ухааны салбарт цоо шинэ үеийг эхлүүлж буй юм.

МОНГОЛ ГЕНОМ ТӨСЛИЙН СУДЛААЧИЙН БАГ БҮРЭЛДЭХҮҮН:

  • Төслийн санаачлагч, удирдагч:
    • Оточ Манрамба Их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, Монгол Угсаатны Удмын Сан Судлалын төв хүрээлэнгийн тэргүүн, Монгол геном төслийн удирдагч, Анагаах ухааны доктор, дэд профессор Жазагийн АМАРСАНАА
  • Гишүүд
    • Г.Одонцэцэг Оточ Манрамба Их сургуулийн Дэд захирал, АУ-ын доктор, дэд профееор
    • Г.Эрдэнэбаяр, ЭША, Биологич, МУУССТ хүрээлэн, Докторант
    • Б.Төрболд, ЭША, Молекул биологич, МУУССТ хүрээлэн
    • Д.Энхтуяа, ЭША, МУУССТ хүрээлэн
    • Б.Нямсүрэн, ЭША, МУУССТ хүрээлэн
    • Д.Ившинхорол, ЭША, МУУССТ хүрээлэн
    • Н.Лхаасүрэн, ЭША, Зүрхний төв, АУ-ны магистр
    • А.Дэлгэр-Очир, ЭША, МУУССТ хүрээлэн

МОНГОЛ ГЕНОМ ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧ:

  • Эрүүл Монгол хүний төлөө уриатай “Хаппи Веритас” эмнэлэг

Тус технологийн ач холбогдол нь асар их бөгөөд зүйрлэвэл Монгол хүн дахин сансарт нисэхтэй харьцуулж болох юм. Гэхдээ дээшээ тэнгэрлүү биш дотогшоо эсийн гүнрүүгээ сансарт нисч байгаа хэрэг юм.

Ач холбогдлын тоймловол:

  1. 6000 гаруй удамшлын өвчин, төрөлхийн гажигуудыг оношлох, зарим өвчнийг нь эмчлэх боломж бүрдлэнэ
  2. Хорт хавдрын генийн 6 төрөлд хуваагдах 44.752.996 өөрчлөлтийг тодорхойлох боломж нээгдэнэ. Одоогоор манай улс 100 доторх өөрчлөлтийг илрүүлж байна.
  3. Хорт хавдрын эмчилгээний сонголт хийх боломжийг бүрдүүлнэ
  4. Монгол улсад дархлааны эсээр хорт хавдрыг эмчлэхэд шаардагдах тулгуур технологиудын нэг бий болно.
  5. Хувь хүнд тохирсон анагаах ухааныг хөгжүүлэх суурь бүрдэнэ
  6. Монгол хүний гарал үүслийг тодорхойлоход томоохон хувь нэмэр оруулна.
  7. Чингис хаан судлалд генетикийн аргаар шинэ баримт, нотолгоо бий болгоно
  8. Монгол улсын хэмжээнд тулгамдсан асуудал болоод цус ойртолтыг маш өндөр нарийвчлалтайгаар тодорхойлж эхэлнэ.
  9. Хувь хүний бодисын солилцооны онцлог, оюуны болон бие мах бодийн биологийн чадамжууд, дархлааны онцлог, өвчлөл, стресс даах чадвар гэх мэт олон шинж чанарыг нарийн тодорхойлох боломжтой болно
  10. Эпигенетикийн шинжлэх ухааныг Монгол улсад хөгжих суурь тавигдана.
  11. Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг таних, илрүүлэх боломж бүрдэнэ.
  12. Нэн ховор, ховор амьтан, ургамалыг геномийн мэдээллийг уншиж тогтоох, хадгалах боломжтой болно. Жишээ нь мазаалай, ирвэс, монгол бөхөн, тахь, хавтай, алтан гагнуур, зүүн гарын гоёо зэрэг амьтан ургамлын ген фонд бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
  13. Хурдан морь, ямаа, малын үүлдэр угсааг судлах, сайжруулахад хувь нэмэр оруулна
  14. Гэмт хэргийн илрүүлэлт, шүүх эмнэлгийн зарим асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ.
  15. Цар тахал, хоруу чанартай вирус, бактерийн мөн чанарыг таньж, оношилгоо, эмчилгээг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулна. БНХАУ шинэ коронавирусийн геномын дарааллыг тодорхойлоход энэ технологийг ашигласан болно.

МОНГОЛ ГЕНОМ ТӨСЛИЙН ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХ САЛБАРУУД:

  1. Анагаах ухаан, хавдар судлал
  2. Биологи, генетик
  3. Байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээх
  4. Хүн судлал, Чингис хаан судлал
  5. Газар тариалан, мал аж ахуй
  6. Хүнс судлал
  7. Хуулзүй
  8. Вирус судлал, микробиологи
  9. Түүх

 

Хөгжингүй орнуудад 1970-аад оноос эрч авч эхэлсэн удамзүйн зөвлөгөө өгөх алба (Genetic Counsiling), генийн сорил (Gene Probe or Gene Test) зэрэг аргууд нь эрүүл мэндийн байгууллагуудын өдөр тутмын ердийн үйл ажиллагаа болох эхлэл тавигдан хэмээн харж байна. Мөн хүн бүр өөрт тохирсон цорын ганц эмчилгээг авах боломж нээгдэх юм.

2000 оны 6-р сарын 26-нд АНУ-д төвлөрсөн АНУ-ын Эрчим хүчний яам, Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн толгойлсон АНУ, Англи, ХБНГУ, Франц, Япон, БНХАУ-ын 16 хүрээлэн хамтарсан "Хүний геномын консорциум" болон АНУ-ын "Celera Genomics" компанийн эрдэмтэд хүний геномын нуклеотидын бүрэн дарааллыг бүрэн тодорхойлсноо зарласан. Үүнээс хойш 20 жил өнгөрөхөд Манай улсын шинжлэх ухааны салбар төдийлөн хурдацтай хөгжиж чадахгүй Монгол хүний геномын нуклеотидийн дарааллыг эх орондоо тогтоож чадалгүй өнөөдрийг хүрсэн билээ.

Мөн  Чингис хааны хромосомыг илрүүлэх судалгааг Герман, Япон, БНХАУ, ОХУ зэрэг орны эрдэмтэд идэвхтэй хийж байна. Бид дэлхийн шинжлэх ухааны хөгжилтэй хөл нийлүүлэн алхах цаг хэдийнээ болсон хэмээн харж байна.

Бид энэхүү төслийг амжилттай эхлүүлэхэд багагүй хөрөнгийг зарцуулсан хэдий ч цаашид судалгааны ажлыг үргэлжлүүлэхэд санхүүгийн дэмжлэг туслалцаа шаардлагатай байна.

Тиймээс эх орондоо хайртай, үндэсний бахархалдаа хайртай элэг нэгт монголчууд, төр болон хувийн хэвшлийн байгууллагууд та бүхнийг манай төсөлтэй хамтран ажиллахыг уриалж байна.

МОНГОЛ ГЕНОМ ТӨСЛИЙН БАГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж