БИЕ ДААГЧИД: Ямбыг нь эдлэх ч ялыг нь үүрэхгүй

Хуучирсан мэдээ: 2020.05.12-нд нийтлэгдсэн

БИЕ ДААГЧИД: Ямбыг нь эдлэх ч ялыг нь үүрэхгүй

БИЕ ДААГЧИД: Ямбыг нь эдлэх ч ялыг нь үүрэхгүй

УИХ-д 208 хүн бие дааж, нэр дэвшиж буй нь 2020 оны сонгуулийн гол үзэгдэл болж байна. Өмнөх долоон удаагийн сонгуульд ийм олон хүн бие дааж байгаагүй бөгөөд өнгөрсөн 2016 онд 69 хүн бие даасантай харьцуулбал энэ нь гурав дахин олон тоо юм.

Авлига, албан тушаалын хэрэгт ял шийтгүүлж байгаагүй, шүүх, арбитрын шийдвэрээр тогтоосон өр төлбөргүй хэн ч сонгох, сонгогдох эрхийнхээ дагуу улс төрийн сонгуульд өрсөлдөж болно. Гэхдээ заавал 801 хүний гарын үсгийг цуглуулсан байх ёстой. Үндсэн хуульд заасан эрхээ эдлэхээр гомдогсод, гологдогсод, уйлдаг, дуулдаг, барилддаг, дэвдэг, зурдаг, жагсдаг, тэмцдэг, ардчиллыг хараадаг, ерөөдөг гээд зүсэн бүрийн хүмүүс бие дааж, улс төрийн сонгуульд өрсөлдөхөөр 801 хүний гарын үсэг цуглуулж эхэлжээ. Бүр зарим нь алаагүй баавгайн арьсыг хуваана гэгчээр “Бие даагчдын зөвлөл” хүртэл байгуулчихаж.

Эндээс хэд нь 801 хүний “итгэл”-ийг авч чадахгүй анхан шатны шалгуурт “бүдэрч унах”-ыг мэдэхгүй ч нэрсийг нь харахад замын дундаас буцах хүн олон. Заримд нь төрийн ордонд төвхнөх нь “гоё” санагдаж, зарим нь улс төрийн захиалга, зорилготойгоор УИХ-ын сонгуульд бие дааж ч байгаа байх. Гэхдээ УИХ-д горилогчийн тоо нийтдээ 700 гаруй, парламентын суудал 76. Тэгэхээр бие даасан болгон ялалт байгуулж чадахгүй. Гэхдээ томсгосон тойрог дээр хэн их популизм хийнэ, тэр ялах магадлал өндөр. Ялангуяа танихгүй бурханаас таньдаг чөтгөрөө дугуйлах сонгогч олон.

Монгол Улсад ардчилсан сонгууль долоон удаа явагдсанаас бие даан нэр дэвшиж, ялалт байгуулсан 10 хүн бий. Хамгийн сүүлд 2016 онд дуучин С.Жавхлан бие дааж, Баянзүрх дүүрэгт нэр дэвшээд сонгогдсон ч УИХ-ын гишүүний хувьд нэг ч хууль санаачлан батлуулалгүйгээр “хаалтаа” хийж байна. Үүний өмнөх парламентад Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар бие дааж, ялалт байгуулсан. Гэсэн ч өнөөдөр гурвуулаа нам, намын хаяа бараадаад явж байна. Тэднийг хоёр том намд “биеэ үнэллээ” гэсэн хардлага тойрдоггүй байсан, тийм ч биз, үгүй ч биз.

 Бие даагчид биеэ даасан үзэл бодолтой байж болох ч бие даасан бодлого, шийдвэр хэрэгжүүлэх ямар ч бололцоогүй, аливаа улс төрийн бодлого шийдвэрүүд намаар дамжиж гардаг,  хэрэгждэг. Аль нэг нам ялалт байгуулах нь ямбаа ч эдэлнэ, ялаа ч үүрнэ гэсэн үг.

Бие даагчид бол “бие даасан” улстөрч болохоос институцийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж чадахгүй. Учир нь тэд тус тусын мөрийн хөтөлбөртэй, өөр өөрийн үнэт зүйлтэй, эрх ашигтайгаар сонгуульд оролцож байгаа тул үзэл санааны хувьд ч, засаглалын хувьд ч нэгдсэн бодлого дор эвлэлдэн нэгдэх боломжгүй. Л.Өнөрчимэг, Ц.Хулан, М.Ичинноров, Г.Уянга, М.Нара нар боловсролын хувьд ч, үзэл санааны хувьд ч тэс өөр хүмүүс. Тэд нэгдэж, нэг бүлэг болоод явлаа гэхэд үнэт зүйл, үзэл санаа  нэгдэхгүй. Мэдээж, 208 хүн дотор мэдлэг боловсролтой, мэргэшсэн залуус өндөр. Парламентад байх ёстой, хууль батлалцах чадвартай хүмүүс ч бий. Гэхдээ  парламентад баахан бие даагч гарч ирвэл тус, тусдаа “бие, биеэ” даасан гишүүдтэй л болно.

УИХ-ын даргаа сонгохоос эхлээд Засгийн газраа эмхэтгэхэд асуудал, бэрхшээл үүсэхийг үгүйсгэхгүй. Гүйцэтгэх засаглалын тогтвортой байдалд ч сөргөөр нөлөөлнө.

Тавдугаар сарын 25-наас хэрэгжих шинэ Үндсэн хуульд зааснаар 30 хоногийн хугацаанд Ерөнхий сайдаа томилж чадахгүй бол УИХ-ыг Ерөнхийлөгч тараах зохицуулалттай. Энэ тохиолдолд үндэсний аюулгүй байдалд ч асуудал гарч ирнэ.

Засаглалыг хэрэгжүүлэх гол институци бол улс төрийн нам байдаг. Эсрэгээрээ бие даагчид хувийн “тоглолт” хийхээс цаашилдаггүйг өнгөрсөн парламентын бие даагч С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, энэ парламентын цорын ганц бие даагч С.Жавхлангийн үг, үйлдлээс жишээлж болно.

Бие даагчдын бас сул тал нь  үндэсний хэмжээнд биш тойргийнхоо хэмжээнд л үйл ажиллагаа явуулж таарна. Мөрийн хөтөлбөр нь үндэсний хэмжээнд биш тойргийн хэмжээнд боловсруулагдсан. Хэнтийд бие даагч Завханы сонгогчдын өмнө хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Монголчууд төрөө сонгох гэж байгаа болохоос айл гэр болж тоглох гээгүй.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
18
ЗөвЗөв
8
ХахаХаха
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж