Шадар сайд болгох саналыг Ч.Сайханбилэг тавьсан гэв

Хуучирсан мэдээ: 2015.12.10-нд нийтлэгдсэн

Шадар сайд болгох саналыг Ч.Сайханбилэг тавьсан гэв

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдорж, Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян нар мэдээлэл хийлээ.

“МАХН-ын нарийн бичгийн дарга нар өчигдөр орой зөвлөлдсөн. Үүнээс гарсан шийдвэрийг өнөө өглөө Гүйцэтгэх товчоогоор оруулан хэлэлцэж Н.Энхбаярыг Шадар сайд болгох, Ц.Оюунбаатарыг Шадар сайдын үүрэгт ажлаас чөлөөлж, Эрүүл мэнд, спортын сайд болгох хүсэлтийг өргөн барилаа. Энэ шийдвэрийг хэдэн хоногийн өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө энэ тухай санал тавьсан” гэж МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдорж хэллээ.

Энэ мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Н.Энхбаяр дарга төрийн албан тушаалд очих эрх нээгдсэн юм уу?

-Өршөөл үзүүлэх тухай хуулиар нэмэгдэл ял буюу ялтайд тооцох хугацаа өршөөгдсөн. Тиймээс ямар ч асуудал байхгүй.

-АН энэ саналыг тавьсан уу эсвэл МАХН өөрөө гаргаж байгаа юм уу?

-Манай намын зүгээс ямар нэгэн саналыг тавиагүй. Анх нэлээд хэд хоногийн өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг санаачилгыг гаргасан. Бид нам дээрээ энэ асуудлыг бодож байгаад эцсийн шийдвэрийг албан ёсны байгууллагуудаар дамжуулан гаргаж байгаа юм.

-Н.Энхбаярыг Шадар сайд болгох шалтгаан нь юу вэ?

-Яагаад болдоггүй юм. Ямар ч албан тушаал дээр МАХН-ын дарга Н.Энхбаяр ажиллах бүрэн боломжтой хүн. Урьд нь ямар албан тушаал эрхэлж байсныг бүгд мэднэ. Тиймээс харшлах зүйлгүй болов уу гэж бодож байна.

-Ц.Оюунбаатар Шадар сайдын ажлаа хийж чадахгүй байв уу. Яагаад Шадар сайдаас чөлөөлж Эрүүл мэнд, спортын сайд болгох хүсэлт гаргаж байна вэ?

-Ц.Оюунбаатар Шадар сайд өөрөө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт тавьсан.

-МҮАН-тай зөвшилцсөн юм уу?

-МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн албан ёсны хүсэлт УИХ-д очсон. Тиймээс МҮАН-тай санал нэгтэйгээр шийдвэрт хүрсэн гэж үзэж болно.

-Э.Энхбаяр анх Солонгосоос ирэхдээ Шадар сайд хийхгүй гэж мэдэгдэж байсан. Гэтэл яагаад санаагаа өөрчилсөн юм бол?

-Энэ асуудлыг би мэдэхгүй байна.

Үүний дараа МАХН нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян дэлгэрүүлж мэдээлэл өглөө.

“Манай намын нарийн бичгийн дарга нарын хурлаар энэ асуудлыг хэлэлцсэн. Тухайн намын хамгийн сайн хүн сонгууль удирдаж ордог. Тиймээс Н.Энхбаяр дарга өөрөө хүсэж байгаа эсэх нь чухал биш. Энэ бол намын гишүүдийн байр суурь. Анх 2012 онд яригдаж байсан. Тиймээс гайхаад байх асуудал биш. Засагт хамтарч байгаа л юм чинь намын дарга нар өөрсдөө Засагт орж ажиллах ёстой гэдэг байр суурьтай байна” гэлээ.

-Шадар сайд Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд, спортын яам руу явуулж байгаагаас харахад танай нам хүний нөөцийн дутагдалтай байна гэж ойлгож болох уу?

-Манай нам олон боловсон хүчинтэй. Хамгийн том албан тушаал бол Шадар сайд байдаг. Энэ дээр намын даргаа тавих ёстой. Гайхаад байх асуудал биш.

-Өршөөлийн хуульд хамрагдаагүй гэж яригдаад байсан…?

-2012 онд Ерөнхийлөгчийн зарлигаар өршөөгдсөн. Одоо ялгүй байгаа.

Т.ДАВААНЯМ 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж