Хойд Солонгостой хил залгаа Хятадын хотод хөл хорио тогтоосноор Пёньянд коронавирусийн халдвар тархсан гэх хардлага улам нэмэгдэв. Хятадын зүүн хойд хэсгийн Гирин мужийн 700 мянган оршин суугчтай Шулань хотын нийтийн тээврийг зогсоож, орох, гарах хөдөлгөөнийг хорьсон талаар төв телевизээр нь мэдээлжээ. Тус хотод коронавирусийн халдварын эрсдэл дунд зэрэг байсныг өндөр болгон нэмэгдүүлж, сургуулиудыг дахин хаасан байна. Гирин мужид одоогийн байдлаар дотооддоо халдварласан 105, импортолсон 19 тохиолдол илэрсэн бол Шулань хотод 11 хүн халдвар авчээ.
Хойд Солонгос нь өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Хятад улстай залгаа хилээ хааж, дотооддоо халдвар илрээгүй гэж мэлзсээр буй юм. Сөүл дэх АНУ-ын цэргийн командлалаас Хойд Солонгост халдвар тархаагүй гэдэг нь байж боломгүй хэмээн мэдэгджээ. Хятадтай залгаа бүс нутгаар Хойд Солонгосын иргэд хууль бусаар хар захын худалдаа наймааны бараа тээвэрлэх нь элбэг аж.
Үүний зэрэгцээ Хятадын дарга Ши Жиньпин өнгөрсөн амралтын өдрүүдээр коронавирусийн халдварт өвчний цар тахлын эсрэг Хойд Солонгост дэмжлэг, тусламж үзүүлэх санал тавьснаа мэдэгдсэн юм. Саналын хариуд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун коронавирусийг Хятадад амжилттай дарсанд Ши Жиньпинийг магтжээ. Түүнчлэн Хятадаас хөрш Хойд Солонгос руу коронавирусийг илрүүлэх оношлуур илгээсэн аж.
Эх сурвалж: THE TELEGRAPH
Холбоотой мэдээ