Визгүй зорчихыг үргэлжлүүлэхгүй

Хуучирсан мэдээ: 2015.12.10-нд нийтлэгдсэн

Визгүй зорчихыг үргэлжлүүлэхгүй

Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог Сайдын цаг уулзалтад Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцлоо.

Тэрбээр “Энэ салбарыг урт хугацаанд тогтвортой явуулах талаас нь анхаарч байна. Мөн Гадаад бодлогыг нэг цонхоор явуулах ёстой. Эдгээр зорилгыг хэрэгжүүлэх үүднээс хуулийн төсөл боловсруулж батлуулахаар ажиллаж байна.

Олон улсын гэрээний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага гарсан. Өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэж батлах байх. Мөн Төрийн ёслолыг цэгцтэй, хялбаршуулсан байдлаар явуулах ёстой. Энэ оны долдугаар сард батлуулсан. Гадаад харилцааны яам бол төрийн нарийн мэргэжил. Тиймээс мэргэжлийн онцлогт таарсан хүмүүсийг сонгон шалгаруулдаг журмыг батлах ёстой. Энэ утгаараа ГХЯ-нд сонгон шалгаруулах журмыг шинэчилж гурван заалт оруулсан” гэсэн юм.

Энэхүү мэдээллийн дараа сэтгүүлчид асуулт асуулаа.

-Монгол Улс төвийг сахих бодлого хэрэгжүүлэхээр зорьж байна. Гэтэл Орос, Хятад дургүйцэх болов уу гэсэн таамаг байгаа юм. Энэ тал дээр таны байр суурь?

-Төвийг сахих бодлого боловсруулахдаа маш олон талаас судалгаа хийсэн. Энэ судалгааны үндсэн дээр Ерөнхийлөгчийн санаачилсан улсынхаа ашиг сонирхлыг тэргүүн зэрэгт хамгаалж чадах бодлого бол Төвийг сахих бодлого юм. Энэ бодлогыг хоёр улс мэдээгүй, мэддэггүй асуудал биш. 1990 оноос хойш явуулсан гадаад бодлогын албан ёсны хувилбар гэж хэлж болно. Төвийг сахих статус нь дэлхий нийтэд гар хөлөө бариулж байгаа асуудал биш 100 хувь дотоодын хуулиар зохицуулдаг, өөрийн бодлогоор шийддэг зүйл.

-2016 оны төсөв хэлэлцэж байх үед эдийн засгийн хямралтай байхад гадаад томилолтын зардал нэмэгдсэн байна гэж шүүмжлэл дагуулж байсан. Өмнө жил хэдэн төгрөгөөр баталж байсан төсөв энэ жил хэдэн төгрөг болсон бэ?

-Төсөв хүнд байхад гадаад томилолтыг аль болох бага тусгасан. Мэдээж шаардлагатай арга хэмжээнд оролцохоос өөр аргагүй. Тиймээс нэмэгдсэн зүйл байхгүй. Бид шилэн дансаа хөтөлж байгаа. Та бүхэн харж болно. Гадаад хэргийн яам гэдэг бол төрийн тусгай алба. Тиймээс гадаад бодлогыг байнга нээлттэй байлгаж болдоггүй. Мэдээж одоогийн байдлаар шилэн дансны хөтлөлт дээр бүгдийг тодорхой тусгаж байгаа. Цаашид энэ нь зөв үү, буруу юу гэдгийг эргэж харах ёстой.

-Орос улс руу визгүй зөрчдөг болоод нэг жил гаруйн болж байна. Үүнээс үүдэн гарч байгаа эерэг болон сөрөг зүйл юу байна вэ?

-Үүн дээр муу талаас илүү сайн тал нь их байна. Худалдаа наймаа нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Нэг жилийн хугацаанд хоёр талаас зорчигчдын тоо 30 хувиар нэмэгдсэн. Харин саар мэдээ бол хэрэгт төвөгт холбогдох явдал их байна.

-АСЕМ-ын уулзалтын эх орондоо зохион байгуулна. Энэ үеэр аюулгүй байдлыг хэрхэн анхаарч ажиллах вэ. Бэлтгэл ажил хийж байгаа юу?

-Дэлхийн нөхцөл байдал нэлээд хэцүү байдалтай байна. Маш сайн харуул хамгаалалттай улсууд ч халдлагад өртөж байгаа тохиолдол гарлаа. Тиймээс бид АСЕМ-ийн уулзалтыг амжилттай хийхийн тулд анхаарч байна.

-Манай улс руу визгүй зорчдог орны тоог цөөлж байгаа. Энэ талаар тодруулмаар байна.

-42 орон визгүй зорчдог байсан. Өнгөрсөн жил гэрээний хугацаа дууссан. Тиймээс бид үргэлжлүүлэхгүй үүгээр дуусгавар болгож байгаа юм. Учир нь, аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байсан учир ийм шийдвэр гаргасан. Үүнээс гадна визгүй зорчоод ороод ирж болж байгаа юм чинь эргээд манай иргэдэд хөнгөлөлт үзүүлээч гэдэг асуудлыг бид тавьсан. Харамсалтай нь ахиц гараагүй. Ихэнх орон хариу бариагүй. Тиймээс хугацаатай хөтөлбөрөө дуусгасан. Дээр нь Турк улсын иргэд манайд ирэхдээ виз авдаг болж байгаа юм. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын тооноос харахад визгүй болгосон ч нэмэгдсэн хандлага ажиглагдаагүй. Энэ шийдвэрийн талаар есдүгээр сард 42 оронд зарласан.

Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж