Олон Улсын Валютын Сан дэлхийн эдийн засгийн төлөв байдал гурван долоо хоногийн өмнөх үеэс дордсоныг мэдэгдээд, санхүүгийн зах зээлд цар тахлын нөлөөний хоёр дахь давлагаа үүсэх магадлалтайг анхааруулав. Тус сангийн Ахлах эдийн засагч Гита Гопинатын мэдээлснээр, энэхүү хямрал ойрын хугацаанд дуусахгүй, нөхцөл байдал дордох магадлалтай байгаа аж.
Шинэ төрлийн коронавирусийн тархалтын улмаас хамгийн их хохирол амсаж буй нь агаарын тээврийн салбар. Олон Улсын Агаарын тээвэрлэгчдийн холбооноос энэ чиглэлд үйлчилгээ эрхэлдэг компаниуд 2020 онд 252 тэрбум ам.долларын боломжит орлогоо алдана гэж тооцоолжээ. Бид энэ удаад “Дэлхийн эдийн засаг” буландаа “Covid-19” цар тахал агаарын тээврийн салбарт хэрхэн нөлөөлж буй талаар онцоллоо.
Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд эдийн засаг, бизнесүүдээ дэмжих далайцтай арга хэмжээ авч байгаа ч энэ салбарт өмнө тулгарч байгаагүй хямрал нүүрлээд байгааг онцолсоор буй юм. Агаарын тээврийн 290 компанийг эгнээндээ элсүүлсэн Олон Улсын Агаарын Тээвэрлэгчдийн Холбоо зорчигч тээврийн компаниудад 150-200 тэрбум ам.долларын дэмжлэг хэрэгтэй гэж өнгөрсөн гуравдугаар сарын 17-нд мэдэгдэж байв. Түүнчлэн 2020 онд агаарын тээвэр 40 хувиар буурах магадлалтайг онцолсон билээ.
Цар тахлын нөлөөний улмаас агаарын тээврийн компани дампуурч буйгаа зарлалаа. Тодруулбал, Колумбын агаарын тээврийн хамгийн том “Avianca” компани тахал өвчний улмаас дампуурлаа зарлаж буйгаа мэдэгдэв. Тус компаниас мэдээлснээр, коронавирусийн халдварын тархалт зорчигчдын урсгалыг бууруулжээ.
Нью-Йоркийн Өмнөд дүүргийн шүүхээс "2020 оны тавдугаар сарын 10-ны өдөр “Avianca Holdings SA” болон түүний зарим охин компани дампуурлаа зарлаж буйгаа мэдэгдэж, өргөдөл гаргасан" хэмээн мэдээлсэн байна.
“American Airlines Group”-ын хувьд ирэх долдугаар сарыг дуустал олон улсын зарим нислэгүүдээ цуцалжээ. Хэдийгээр зуны улиралд нислэгийн эрэлт өндөр байдаг ч коронавирусийн улмаас огцом саарсан нь ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн байна. “American Airlines Group” энэ жил нээх байсан шинэ чиглэлүүдээ нэг жилээр хойшлуулахаа мэдэгджээ.
Европын голлох томоохон нисэх буудлуудад нислэгийн тоо өнгөрсөн дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 90 орчим хувь цөөрснийг Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагаас мэдээлэв.
“General Electric”-ийн хувьд ойролцоогоор 13 мянган ажлын байраа цомхотгохоо мэдэгдсэн байна. Тус компанид шинэ төрлийн коронавирусийн улмаас агаарын тээврийн үйлчилгээ хумигдаж байгаа учир хөдөлгүүрийн үйлдвэрлэлээ танах шаардлага үүсчээ. Улмаар хувьцааны ханш нь оны эхний дөрвөн сард 42 хувиар унасан байна. Тус компанийн Нисэхийн салбар хариуцсан захирал Дэвид Жойс Урьдчилан тооцоолоогүй байсан гэнэтийн эрсдэл дэлхий хэмжээнд агаарын тээврийн салбарт нөлөөлж байгаа учир цаашдаа ч зардлаа танах шаардлага бий” хэмээн онцолжээ.
Улсдаа эхний гуравт жагсдаг “Air China”, “China Southern Airlines” болон “China Eastern Airlines” гэх авиа компани коронавирусийн дэгдэлт эрчимжиж эхэлснээс хойш дунджаар 7.5-9.5 тэрбум юанийн алдагдал хүлээсэн байж магадгүй талаар ажиглагчид онцолсон билээ. Тус улсын Тээврийн яамнаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, энэ жилийн Цагаан сарын баяраар Хятадын авиа компаниуд 38.3 сая зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 47.5 хувиар буурсан үзүүлэлт аж.
Хэрэв вирусийн тархалт тавдугаар сар гэхэд намжихгүй бол тус улсын агаарын тээврийн салбар 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын үе шиг хүндхэн байдалтай тулгарахаар байгааг мэдэгджээ.
“Covid-19”-ийн улмаас хамгийн их хохирлыг Хятад болон Ази-Номхон далайн бүс нутгийн агаарын тээврийн компаниуд амсах талаар ВВС мэдээлж байв. Ази-Номхон далайн бүс нутагт энэ 2020 онд агаарын тээврийн компаниуд 27.8 тэрбум ам.долларын орлогоо алдах бол Ази тивээс бусад бүс нутагт 1.5 тэрбум ам.долларын хохирол амсах таамаг бий. Тэр дундаа Хятад улсын нисэх компаниудын алдагдал зөвхөн дотооддоо гэхэд 12,8 тэрбум ам.долларын алдагдал хүлээх болжээ.
Монгол Улсын агаарын тээврийн салбарт ч “Covid-19” цар тахлын сөрөг нөлөө илэрч буй юм. 2020 оны эхний хоёр сард агаарын тээврээр 624.3 тонн ачаа тээвэрлэж, өмнөх оны мөн үеэс 183.7 (22.7%) тонноор буурсан үзүүлэлттэй байна. Мөн агаарын тээврээр тээсэн ачаа 2020 оны хоёрдугаар сард 182.7 болж өмнөх сараас 259.0 (58.6%) тонноор буурчээ. Агаарын тээврээр дотоодод тээсэн ачаа 2020 оны эхний хоёр сард 11.4 (1.8%) тонн болж, өмнөх оны мөн үеэс 1.5 (10.9%) тонн, олон улсад тээсэн ачаа 613.0 (98.2%) тонн болж, өмнөх оны мөн үеэс 182.3 (22.9%) тонноор тус тус буурсан байна.
Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: BLOOMBERG, TASS, FINANCE
Холбоотой мэдээ