700 сая ам.долларын санхүүгийн дуулианд холбогдсон Малайзын ерөнхий сайд Нажиб Разак огцрохгүй гэдгээ мэдэгдлээ. Нажиб Разак Малайзын эрх барих Малай намын ассамблейн хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Санхүүгийн дуулианд би бууж өгөхгүй, бас нуугдахгүй” хэмээсэн байна.
Түүнчлэн “1MDB” компанийн 42 тэрбум ринггитийн өрийг хөрөнгийг нь худалдах замаар барагдуулсан гэж мэдэгджээ. Нажиб Разак 2009 онд сүр дуулиантайгаар байгуулсан Малайзын төрийн өмчийн “1MDB” хөрөнгө оруулалтын компанийн эргэлзээтэй олон гэрээний дагуу их хэмжээний хөрөнгө зувчуулж, компани өрөнд баригдсан тухай дуулиан Малайзад газар аваад буй юм.
Өмнө нь Нажиб Разакийн хувийн дансанд “1MDB” компанийн сангийн хөрөнгө оруулалтаар дамжин 700 сая ам.доллар орж ирсэн баримт өнгөрсөн долдугаар сард нийтэд дэлгэгджээ. Үүний дараа Малайзын ард түмэн түүнийг огцрохыг шаардаж жагсаал цуглаан хийжээ.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS