"Майдар хотод 300 орчим их наяд төгрөг шаардлагатай"

Хуучирсан мэдээ: 2020.05.12-нд нийтлэгдсэн

"Майдар хотод 300 орчим их наяд төгрөг шаардлагатай"

"Майдар хотод 300 орчим их наяд төгрөг шаардлагатай"

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2020.05.12/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, асуулт, тодруулга авах гишүүн байгаагүй учраас хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы хуралдаанд шилжүүлсэн юм. Үүний дараа Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. Тухайлбал,

УИХ-ЫН ГИШҮҮН М.ЭНХБОЛД:

-Хуулийн төслийг ажлын хэсэг дээр ярьж байхад хуулийг дагаж мөрдөх журамтай холбоотой хэрэгжих хугацаа эцэслэн тогтоох талаар санал гаргасан. Хугацааг хэрхэн тусгасан бэ.

УИХ-ЫН ГИШҮҮН, БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА С.БЯМБАЦОГТ:

-Засгийн газрын тухай хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ гэдэг дээр нийгэмд олон тайлбар явж байгаа. Үндсэн хуульд нийцүүлж, хууль тогтоол өөрчлөх хүртэл өнөөдөр хүчин төгөлдөр хууль үйлчилнэ гэсэн. Үүний дагуу Засгийн газрын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хэрэгжиж эхэлнэ. УИХ-ын тухай хууль УИХ-ын анхдугаар чуулган эхлэх өдрөөс хүчин төгөлдөр болно. Харин Засгийн газрын тухай хууль УИХ-ын ээлжит сонгуулиар байгуулагдсан УИХ-ын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн өдрөөс дагаж мөрдөнө гэж тусгасан байгаа.

Байнгын хорооны хуралдаанаар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг хийлээ.


"Д.ЛҮНДЭЭЖАНЦАН АЕРОСИТИ ХОТЫГ ТУЛУЙ ГЭЖ НЭРЛЭХ САНАЛАА БУЦААЖ ТАТАВ"

Мөн байнгын хорооны хуралдаанаар Хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсөлтэй холбогдуулан

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ХАЯНХЯРВАА:

-Хот байгуулах ажил нь ажлын хэсэг байгуулах шатандаа явж байна уу эсвэл хот байгуулах тооцоо, судалгаа үндэслэл дээр суурилж байна уу. Бид хот байгуулна гээд өмнө нь ярьж байсан. Одоо Дархан, Эрдэнэтийг хот болгох асуудлыг шийдэх ёстой. Өмнөх ажил хэрэг болгож чадаагүй байж нэмээд хот байгуулахаар цаасан дээр төлөвлөж, зардал гаргаад явах нь зөв үү. Хот байгуулахад зардал ямар байх вэ. Аеросити, Майдар хот байгуулах гээд бүх судалгааг хийсэн гэж байна. Энэ судалгаануудад ойролцоогоор хэдийн хэмжээний зардал мөнгө зарцуулагдах тооцоо гарсан бэ.

БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ДЭД САЙД Б.МӨНХБААТАР:

-Хот байгуулах шийдвэрийг өргөн барьж байгаа нь сүүлийн 30 гаруй жил өргөн баригдаагүй. Хотын хүн амын өсөлт нэмэгдсэн, төвлөрөлтэй холбогдуулан зайлшгүй шинэ хотуудыг байгуулах шаардлага үүсч, тооцоо судалгаа хийгдээд оруулж ирж байна. Хот байгуулахдаа эдийн засаг, дэд бүтэц, ус гээд олон талаас нь боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Цаашид хот байгуулахтай холбоотойгоор хэд хэдэн хуулиуд УИХ-аар томилуулахаар хүлээгдэж байгаа. Аеросити дээр 32 их наяд төгрөгийн тооцоолол гаргасан. Үүнээс эхний ээлжинд 1,7 их наяд төгрөг шаардлагатай байгаа юм. Ажлын байрыг дагаж хотын төвлөрөл бий болдог. Майдар хот дээр 40 тэрбум евро, эхний ээлжинд 3,2 их наяд төгрөг төлөвлөж байгаа. Хот төлөвлөлтийн ажил гарсан шийдвэрийн дагуу үе шаттай олон жилээр төлөвлөж байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: 

Шинээр байгуулах гэж байгаа хот Аэросити гэдэг гадаад нэртэй байх нь зохимжгүй юм. Төв аймаг бол олон алдартны өлгий. Чингис хаан отгон хүү Тулуйдаа одоогийн Монгол Улсын газар нутгийг өвлүүлсэн. Тулуй бол хаадын аав. Монгол Улсын гал голомтыг сахисан. Түүний удмын хамгийн сүүлчийн Түшээт хан Төв аймгийн хүн юм.  Чухал билэг дэмбэрэлтэй нэр учраас Төв аймгийнхан энэ нэрнээс бэргээд байх шаардлагагүй. Тулуй гэдэг үгнээс Төв аймгийнхан бэргэж байгаа нь ааваасаа урваж байгаа хэрэг. Тулуй бол уугуул Монгол Улсаа манаж үлдсэн Чингис хааны отгон хүү.  Гаднаас ирэхэд “20 минутын дараа Тулуй хотын Чингис хаан нисэх онгоцны буудалд буух гэж байна” гэж хэлбэл ямар байх вэ. Энэ бол Төв аймагт маш их ач холбогдолтой зүйл юм. Тулуй хаан гэдэг нэрийг хүлээж авбал өлзийтэй, билэг дэмбэрэлтэй зүйл болно гэдгийг анхаарах хэрэгтэй.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:

-Хуулийн төсөлтэй холбоотойгоор хотуудын нэрийг өөрчлөх асуудал яригдаж байна. Тэгэхээр хотын нэрийг өөрчлөх саналаа эргүүлэн татаж, орон нутаг бусад олон талын байр суурийг нэгтгэж байж өөрчлөх ёстой болов уу.

УИХ-ЫН ГИШҮҮН М.ЭНХБОЛД:

-Майдар гэдэг хотын нэрийг шууд өөрчлөх нь зөв болов уу. Майдар хотын төлөвлөлтийн хүрээнд олон улсын байгууллага Майдар гээд өгчихсөн юм билээ. Олон улсын байгууллага хот төлөвлөлтийн хувьд эко хот байх нь гэж үзээд Майдар хот гэдгээр нь сертификат олгосон. Тэгэхээр Майдар хот гэдэг нэрийг нь өөрчлөх нь зөв болов уу.

Ингээд Аеросити хотын нэрийг Шинэ зуун мод болгох горимын саналыг УИХ-ын гишүүн М.Энхболд, Н.Энхболд нар гаргаж, санал хураав. Шинэ зуун мод гэдэг нэр нь 2008 оноос яригдаж ирсэн гэдгийг санал гаргасан гишүүд онцолсон юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН:

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр аймгийн төв, Улаанбаатар, Дархан-Уул, Эрдэнэтийг хот болгоно гэж зохицуулалт хийсэн. Засгийн газраас өргөн барьсан хот байгуулах гэдэг тогтоол орж ирж байгаа учраас дөрвөн том аймгаа хот болгох заалт оруулж өгөөч гэсэн зарчмын зөрүүтэй санал оруулж байна.

БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА С.БЯМБАЦОГТ:

-Засгийн газар Дархан, Эрдэнэтийг хот болгохыг 2020 оны долоон сарын эхний хагаст багтаана гэж заасан байгаа учраас энэ дагуу зарчмын зөрүүтэй саналаа гаргаж болно.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТОГТОХСҮРЭН:

-Л.Энх-Амгалан гишүүний саналыг дэмжихгүй байна. Хот байгуулах тогтоол бол Аеросити, Майдар хотыг байгуулах л асуудал. Тэгэхээр Дархан, Эрдэнэтийг хот болгохыг Засгийн газар тусдаа оруулж ирэх ёстой.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:

-УИХ-ын бүрэн эрхэд УИХ хот байгуулах чиглэлээр шинээр байгуулах, татан буулгах чиглэлээр гаргаж болно гэж заасан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт тавдугаар сарын 25-ны  өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Энэ хоёр хот байгуулагдаж байгаа учраас хотуудыг холбогдох хуулийн дагуу хот байгуулах арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай гээд тусгаж болно.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу Дархан, Эрдэнэт, аймгийн төвүүдийг хот болгох асуудлыг Засгийн газар үе шаттай зохион байгуулахыг үүрэг болголоо гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргав. Ингээд тогтоолын төслийг дэмжив.


ЦАР ТАХЛЫН ҮЕД ХЯНАЛТ ТАВИХ ТҮР ХОРОО БАЙГУУЛАВ

Үүний дараа байнгын хорооны хуралдаанаар Коронавирусийн халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтэд хяналт тавих түр хороо байгуулах асуудлыг хэлэлцлээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Энхболд “Одоо хаврын чуулган хаалтаа хийнэ, тэгээд сонгууль болно. Гэтэл энэ түр хороо юу хийж амжих вэ. Хэн санаачилж байгаа түр хороо вэ” гэсэн асуултад  байнгын хорооны дарга С.Бямбацогт “Чуулганаар цар тахалтай холбоотой түр хууль баталсан. Онцгой үед Засгийн газраас шаардлагатай арга хэмжээ авах, тодорхой төсөв зардлын хэмжээг нь зохицуулах, өөрчлөлт хийх, олон хуулиудтай зохицуулалт хийх эрхийг Онцгой комисст шилжүүлсэн. Үүнд хяналт тавих, хуулийн хүрээнд явах эсэх Түр хороо байгуулна гэж хууль байгуулсан юм. Хуулийг хэрэгжүүлэх зорилгоор түр хороо байгуулж байгаа. Бүх байнгын хорооны дарга нар, УИХ дахь намуудын төлөөлөл орж байгаа түр хороо” гэв.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж