ОХУ-д коронавирусийн халдвар нэмэгдсээр байгаа ч Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар хөл хориог өнөөдөр (2020.5.12)-өөс эхлэн зөөлрүүлжээ. Тус улсад шинэ тохиолдол хоногт 11 мянга 656 хүнээр нэмэгдэж, 221 мянган 344-д хүрсэн байна. ОХУ-д бүх нийтийн амралт зарлаж, зургаан долоо хоногийн хугацаанд ажил, бизнесийн үйл ажиллагаа зогссон байв.
Хөл хориог зөөлрүүлснээр эдийн засгийн бүх салбарын үйл ажиллагаа эргэн сэргэх бөгөөд эн тэргүүнд барилга, газар тариалан, хөдөө аж ахуйн салбарыг онцолжээ. Гэхдээ олон нийтийг хамарсан аливаа арга хэмжээг хориглож, байгууллага, албан газрууд ариутгал халдваргүйжүүлэлтийн заавар зөвлөгөөг чанд баримтлах ёстой.
Мөн оршин суугчид дэлгүүр орох, нохойгоо салхилуулах зэрэг зайлшгүй шаардлагагүй бол гадуур гарах хориотой хэвээр бөгөөд аялахаар бол цахимаар зөвшөөрөл авах аж. Харин шаардлагатай гэж үзвэл муж, хотын захирагч нар хатуу хязгаарлалтаа үргэлжлүүлж болох юм байна. Тухайлбал, нийслэл Москва хотын даргын захирамжаар хөл хориог тавдугаар сарын 31-нийг хүртэл сунгажээ.
Албан ёсны мэдээллээр ОХУ-д коронавирусийн халдвараар 2009 хүн нас бараад байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ