НЭМЭЛТ: 12.10 цаг
Улсын Онцгой комисс /УОК/-ын шуурхай штабаас мэдээлэл хийж байна. Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “УОК-оос өгсөн үүргийн дагуу гадаадаас иргэдээ үе шаттай авч байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улсаас 10836 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна. Эдгээр иргэдийг бүсчлээд тоон мэдээлэл болон хүндэтгэх үзэх шалтгаанаар нь ангилсан. Ойрын хугацаанд Турк болон Энэтхэг улсаас иргэдээ татан авна. Тодруулбал, маргааш /2020.05.13/ МИАТ компани Туркийн Истанбул хотоос 170 орчим иргэнээ татан авахаар боллоо.Онгоц энэ сарын 14-нд буюу нөгөөдөр Улаанбаатарт газардана. Мөн ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй оюутнуудыг татан авна. Энэ сарын 14-ний өдөр Улаан-Үд орчмоос 202 иргэнийг татан авах бол тавдугаар сарын 15-нд Эрхүү орчмоос 200 орчим оюутан, иргэнийг татан авахаар шийдвэрлэсэн. Улаан-Үд, Эрхүүгийн Консулын газарт бүртгүүлсэн иргэд Алтанбулагийн боомтоор орж ирэх боломжтой. ОХУ-ын бусад бүс нутагт байгаа иргэдийг ойрын хугацаанд татан авна.
"Маргааш Истанбул руу нислэг үйлдэж, 170 иргэнээ авчирна" https://news.mn/r/2298992/
Posted by News.mn on Monday, May 11, 2020
ЛАМХАЙ НАРЫН ХУВЬД ДЕЛИ ХОТООС 2000 КМ-ИЙН ЗАЙТАЙ ГАЗАР ШАВИЛАН СУУДАГ
Харин ламхай нарын хувьд Дели хотоос 2000 км-ийн зайтай газар шавилан суудаг. Эдгээр иргэдийг 2000 км газар өвчний тархалт өндөр бүс нутгуудаар дамжуулж Дели хотод авчрах нь өөрөө эрсдэлтэй байгаа юм.
Нэмж хэлэхэд ОХУ-д байгаа 1000 гаруй оюутныг шат дараатай авах асуудал яригдаж байна. Учир нь тавдугаар сарын 12-оос эхлэн ОХУ-ын Боловсролын яамны харьяа их дээд сургуулиуд хичээлээ цахим хувилбарт шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор ОХУ-д суралцаж байгаа манай оюутнууд нутаг буцах зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Эрүүл мэндийн яамнаас тавьж байгаа коронавирусийн халдварын шинжилгээ хийлгэх шаардлагыг тавьж байгаа боловч тухайн улсын нөхцөл байдлаас шалтгаалан зарим тохиолдолд шинжилгээ хийлгэх боломжгүй байдаг. Олон улсын эрүүл мэндийн дүрмээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнуудад байгаа иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ гэхэд дотоод, гадаад иргэн байхаас үл хамааран үнэ төлбөргүй эмчилж оношилж эмчлэх ёстой. Монгол Улс ч энэ жишгээр гадаадын иргэнийг үнэгүй эмчилж нутагт нь буцаасан.
Токио дахь Элчин сайдын яамнаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн мэдээллийг тухай бүрт нь өгч байгаа. Эх орондоо ирэх хүсэлтэй хүний тоо 1000-д хүрээд байна. Токио руу хоёр ч удаагийн тусгай нислэг үйлдсэн. Дэлхийн 46 улсаас 10836 иргэн байна. Энэ тоог гаргахдаа өмнөх эх орондоо ирсэн иргэдийн тоог хасаад гаргасан дүн юм. Нэг хэсэг зөвхөн БНСУ-руу нисээд байна гэсэн шүүмжлэл иргэдийн зүгээс гарсан учраас Европ руу хүртэл нислэг үйлдсэн. Тиймээс Токио руу нислэг үйлдэх асуудлыг дараа дараагийн нислэг үйлдэх төлөвлөгөөнд багтаахын тулд ажиллаж байна.
Казакстанд 1097 түр хугацаагаар оршин суудаг иргэд болон оюутнууд эх орондоо ирэх хүсэлт гаргасан.Эдгээр хүмүүсээ авахын тулд ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжаад Казакстаны Цагаан нуур боомтоор авах боломж байгаа эсэхийг судалж байна.
Коронавирусийн халдварын улмаас улс орнууд хөл хорио тогтоосон хилийн хязгаарлалт хийсэн энэ цаг үед тусгай нилэг үйлдэх амаргүй байна. Аль ч улсад байгаа иргэдийг орхигдуулаагүй гэдгийг онцолж хэлмээр байна. Шуурхай штаб дээр дараа, дараагийн нислэг үйлдэх төлөвлөгөөг тусгаарлах байрны нөөцөөс шалтгаалан төлөвлөж байгаа. Тусгаарлах байрны хүрэлцээг нэмэхээр ажиллаж байгаа ч эрүүл ахуйн шаардлага хангасан байрны олдоц муу байна.
МАЛАЙЗ, СИНГАПУР, ТАЙЛАНД, ФИЛИППИНД БАЙГАА ИРГЭДЭЭ ШУУД НИСЛЭГ ҮҮ ТРАНЗИТ ТЭЭВРЭЭР АВАХ ЭСЭХ НЬ СУДЛАГДАЖ БАЙНА
Филиппинд байгаа монгол иргэдийн асуудлыг Сингапур дахь элчин сайдын яам хариуцдаг. Тус яамнаас мэдээллийг авахад манай иргэдийн 50 хувь нь аялал жуулчлал болон богино хугацааны сургалтад очсон хүмүүс бий. Зүүн өмнөд Азиас иргэдийн хэрхэн татаж авах судалгаа хийгдээд эхэлсэн. Учир нь зарим улс орнууд агаарын хилээ хаасан учраас нэг газар монгол иргэдийг төвлөрүүлэх боломжгүй болоод байна. Тэгэхээр Малайз, Сингапур, Тайланд, Филиппинд байгаа иргэдээ шууд нислэг үү транзит тээврээр авах эсэх нь судлагдаж байна. БНСУ-т байгаа монголчууд суулт зарласан тохиолдол гарсан. Иргэд аль болох тайван байх хэрэгтэй. Өлсгөлөн зарласнаар шууд нислэг үйлдээд иргэдийг татаж авах боломжгүй. МИАТ компанийг үйлдэхдээ нэг талдаа хоосон зорчигчгүй явдаг. Агаарын тээвэр өртөг өндөртэй салбар гэдгийг хүн бүхэн мэднэ. Тэр утгаараа ашиг олохоос илүүтэй нислэгийн зардлаа бүрэн нөхөх хэмжээний мөнгөөр тийзээ иргэдэд зарж байгаа. Хоёрдугаар сарын 1-нд БНХАУ-ын Ухань хот руу үйлдсэн нислэгээс хойш өнөөдрийг хүртэл хийгдсэн нислэгүүд иргэдийг эх орондоо авчрахад л чиглэж ирсэн” гэв.
МХЕГ: ОРЖ ГАРСАН ГАЗРУУДАА ГҮЙЦЭД БӨГЛӨХ ХЭРЭГТЭЙ
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын /МХЕГ/ дэд дарга Г.Сугарбат зорчигчдын мэдвэл зохих дараах зүйлсийн талаар анхаарууллаа. Тэрбээр "Нэгдүгээрт, Турк, Энэтхэгийн болон дараагийн нислэгээр эх орондоо ирэх иргэд эрүүл мэндийн үзлэгийн хуудсаа үнэн зөв бөглөхийг анхааралдаа аваарай. Уг мэдээлэлд үндэслэн Монголд ирээд тухайн хүнийг тусгаарлан ажиглах байрны алинд нь, хаана хуваарилахыг шийддэг. Мөн орж гарсан газруудаа гүйцэд бөглөх хэрэгтэй. Тусгай үүргийн онгоцонд МХЕГ-ын харьяа Хилийн хяналтын улсын хоёр байцаагч /эмч мэргэжилтэй/ иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж ажиллана. Арав орчим цагийн нислэг тул хувь хүмүүс бэлтгэлээ сайтар хангахыг хүсэж байна. Тухайлбал,
- Онгоцонд N95 маск зүүвэл халдвараас сэргийлэх магадлал өндөр
- Суудлаа солихгүй, шилжилт хөдөлгөөн хийхгүй байх
- Идэж, уух зүйлээ тохируулах
- Эмчийн тавьсан шаардлагыг хангах
- Бага насны хүүхэдтэй хүмүүс хүүхдийнхээ хоол ундны бэлтгэлийг хангах
- Эрүүл мэндийн хуудсан дээр суудлынхаа дугаар, явсан орноо заавал бичих" гэв.
Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/ өнгөрсөн гуравдугаар сард коронавирусийн халдвараас сэргийлэн бүх олон улсын нислэгээ цуцалж, хөл хорио тогтоосон билээ. Тус улсаас эх орондоо ирэхээр Монгол Улсын 480 гаруй иргэн хүсэлтээ гаргасан байна. Эдгээр иргэдийн 21 нь эрүүл мэндийн шалтгаантай, 164 нь оюутан, 260 нь насанд хүрээгүй хүүхэд, 44 нь бусад шалтгаантай иргэд аж. Энэ долоо хоногт Энэтхэг улс руу захиалгат нислэг үйлдэхээр болсон талаар Улсын Онцгой комиссоос өнөөдөр /2020.05.12/ 12.00 цагт мэдээлэл хийхээр болжээ.
Дашрамд дурдахад, дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 1-нд БНСУ, тавдугаар сарын 3-нд Франкфуртын нислэгээр нийт 800 гаруй иргэн ирсэн билээ. Эдгээр иргэдээс 40 гаруй хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзээд тусгаарласнаас гурван хүнээс коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад бүртгэгдсэн халдварын тоо 42-т хүрчээ. Эрүүл мэндийн яамны мэдээллээр, өнгөрсөн хугацаанд нийт 14 хүн эдгэрч, ХӨСҮТ-ээс гарсан бол 28 хүн эмчлүүлж байгаа аж.
Э.БУРАМ