Хоёр дахь цахим мөнгө гарахаар “дуншиж” эхэллээ | News.MN

Хоёр дахь цахим мөнгө гарахаар “дуншиж” эхэллээ

Хоёр дахь цахим мөнгө гарахаар “дуншиж” эхэллээ

Хоёр дахь цахим мөнгө гарахаар “дуншиж” эхэллээ

Монголын хамгийн анхны цахим мөнгө болох Candy гарснаас хойш хоёр жил орчмын дараа хоёр дахь цахим мөнгө гарахаар дуншиж буй талаар Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг сэтгүүлчдэд мэдээллээ. Унгар улсын нийслэл Будапешт хотоос эдийн засгийн сэтгүүлчидтэй хийсэн цахим уулзалтын үеэр тэрбээр “Бид өнгөрсөн есдүгээр сард цахим мөнгөний зөвшөөрөл авахаар Монголбанкинд холбогдох бичиг баримтуудаа бүрдүүлээд өгсөн. Одоо тун удахгүй уг зөвшөөрөл гарна. Бид СЗХ-ны 2010 онд баталсан Цахим мөнгөний үйлчилгээний журмын дагуу банкинд байршуулсан мөнгөө Ард апп-аар дамжуулан иргэддээ зээл олгож ирсэн. Харин Монголбанкны цахим мөнгөний зөвшөөрөл гарч ирснээр бид илүү өргөн хүрээнд иргэддээ хүрч ажиллах боломжийг бүрдүүлнэ” хэмээсэн юм.

Монгол Улс одоогоос яг гурван жилийн өмнө Үндэсний төлбөрийн системийн тухай хууль баталснаар цахим мөнгө гэх шинэ ойлголт гарч, төлбөр тооцоонд хэрэглэх бодит боломж бүрдсэн юм. Улмаар 2018 оноос цахим мөнгөний үйлчилгээний журам батлагдаж, тэр дагуу хамгийн анхны цахим мөнгөний зөвшөөрөл авсан байгууллага бол “Мобифинанс” ББСБ бөгөөд Candy цахим мөнгийг гаргасан. Уг журмаар цахим мөнгөний ханш 1:1 харьцаатай, цахим мөнгө нь төгрөгт, төгрөг нь цахим мөнгө болж хөрвөх чадвартай байх ёстой юм. Түүнчлэн цахим мөнгө гаргагч нь нийт цахим мөнгөтэй ижил хэмжээний мөнгөн хөрөнгийг банкны дансанд баталгаа хэлбэрээр байршуулах ёстой бөгөөд төлбөр тооцоо цахим хэтэвчээр үйлдэгдэх зохицуулалттай.

Тун удахгүй хоёр дахь цахим мөнгө гарснаар санхүүгийн салбарт хамгийн сайн либералчлал хийж буй Ард Санхүүгийн Нэгдлийн 7,000 орчим хувьцаа эзэмшигч төдийгүй ухаалаг утас хэрэглэдэг хүн бүр “Ард” апп-аар дамжуулан зээл авах, онлайн худалдаа хийх, гадагшаа гүйлгээ хийх, гадаадад байгаа монголчууд мөн ар гэртээ түргэн шуурхай мөнгө гуйвуулах зэрэг төлбөр тооцооны өргөн бөгөөд хямд, хүртээмжтэй боломжууд нээгдэх юм.

Үүнээс гадна дэлхий дахины төдийгүй манай улсын цахим шилжилтийг түргэсгэж буй Covid-19 цар тахлын үед Монголбанк финтекүүдээ дэмжсэнээр бэлэн мөнгөний дутагдалд орсон бизнесүүд, аж ахуйн нэгжүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, хувь хүмүүс санхүүгийн хэрэгцээгээ хямд эх үүсвэрээр хангах, хүү багатай, уян хатан нөхцөлтэй зээлийн үйлчилгээ авах, санхүүгийн харилцаанд итгэлцлийг улам бэхжүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм. Ард Санхүүгийн Нэгдэл нь даатгал, зээл, онлайн худалдаа, үнэт цаасны төлбөр тооцоо гэх мэт санхүүгийн бүхий л үйл ажиллагааг цахимжуулсан томоохон нэгдэл юм. Тиймээс ч Covid-19 цар тахлын хөл хорио тус байгууллагын бизнест тун бага нөлөөлж буй бөгөөд ажилчид нь цалингаа цагтаа авч, ажлын байрны цомхтгол хийгээгүй байгаа аж. Мөн энэ онд төлөвлөсөн хөрөнгө оруулалтын ажлуудаа хэвийн үргэлжлүүлнэ гэдгээ Ч.Ганхуяг захирал мэдээлсэн юм.

Covid-19 цар тахлын хөл хорионы улмаас царцаад буй бизнес, эдийн засгийн амьдралаа дэмжихийн тулд Засгийн газар, Монголбанк, СЗХ зээлийн хүүгийн дарамтыг бууруулах шат дараатай арга хэмжээ авч, бодлогын хүүг хоёр нэгж хувиар, банкуудын заавал байлгах нөөцийг бууруулсан. Тиймээс шинэ мянганд хүртээмжтэй өсөлт бий болгоход чухал байр суурь эзэлж буй финтекүүдээ дэмжсэнээр төр засгийн зүгээс хэрэгжүүлж буй дээрх арга хэмжээнүүд иргэд, хувь хүмүүст илүү хүрэх давуу тал үүсэх юм. Ч.Ганхуяг захирлын онцолсноор Монгол Улс FATF байгууллагын саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа эзэмшигчдийн орлогын эх үүсвэрийг хууль зөрчөөгүй гэдгийг нарийн шалгаж, баталгаажуулахаар Монголбанк ажиллаад дуусаж буй аж.

З.ГЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Шимэгч хорхой 2020-05-12 66.181.177.77

Хумуусээ иймэрхуу шимэгч хорхойнуудыг битгий тэжээж бай.

Avatar

а 2020-05-12 103.229.122.69

Ганхуяг гэж хулхи с** өмнө нь биткойн гэж өчнөөн хүнийг уруу татаж шатаагаа биз дээ. Одоо бас юугаа солиороод ард түмнийг мунхруулж хулхидах гээд байгаа юм бэ? Ард түмэн энэ новшоос хол явбал дээр шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж