Хоёрдугаар дайн: Киргизүүдийн дурдагдаагүй гавьяа

Хуучирсан мэдээ: 2020.05.12-нд нийтлэгдсэн

Хоёрдугаар дайн: Киргизүүдийн дурдагдаагүй гавьяа

Хоёрдугаар дайн: Киргизүүдийн дурдагдаагүй гавьяа

ОХУ Бямба гариг /2020.05.09/-т Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойгоо цар тахлын улмаас даруухан тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү дайны үеэр Нацист Германы эсрэг тэмцэхэд Зөвлөлт Холбоот Улс 365,000 орчим киргиз цэргийг дайчилж байжээ.

ОХУ нь Нацист Герман, Гитлерийн фашист үзэл суртлын эсрэг тэмцэлд ялалт байгуулсан ч энэ дайнаас нөхөж баршгүй их хохирол амссан билээ. Хүмүүсийн хамгийн сайн мэддэг нь Сталинград, Ленинградын бүслэлт болж, Орос орны уудам том нутаг дэвсгэр тэр чигтээ дайны хөлд нэрвэгдсэн.

Москвагаас зүүн өмнө зүгт 3,000 километрын зайд байрлах Төв Азийн уулсын энгэрт орших өнөөгийн Киргизстан буюу тухайн үеийн Киргизийн Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах улс бол хоёрдугаар дайнд ЗХУ ялалт байгуулахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Дайн дуусах үед 70,000 киргиз цэрэг, 50,000 энгийн иргэн амь эрсэдсэн нь тус улсын нийт хүн амын бараг найман хувь нь байв.

Дайн дууссаны дараа Зөвлөлтийн хаа ч явсан эх оронч, баатарлаг эр зоригийг магтан дуулсан уриа лоозон өлгөсөн машинууд, гудамж талбай тэр чигтээ дайны ялалтыг тэмдэглэсэн зургуудаар дүүрсэн байдаг байж. Харин киргизүүд энэ дайнд гар бие оролцож, хамтдаа ялсан ч тэд гавьяагаа нүүр бардам зарлах боломжгүй байжээ.

Дайны эхний хэдэн жилүүдэд Киргизийн эрчүүдийг Зөвлөлтийн армид албадан элсүүлж, үүнээс өмнө 1916 онд Дэлхийн нэгдүгээр дайны үед ч Оросын армид алба хааж байсан киргиз цэргүүд бослого гаргаж байв. Зөвлөлтийн суртал ухуулгад киргизүүдийн баатарлаг сайн үйлсийг магтан дуулдаг ч тухайн үеийн бодит байдал дээр айлган сүрдүүлж эрчүүдийг нь дайнд албадан дайчилж байсан аж. Тэд Улаан армийн тэргүүн эгнээнд буюу үхлийн фронтод байлддаг байжээ.

Дайны эхний жилүүдэд Зөвлөлтийн армид хүнс нийлүүлсээр үр тариа, малын нөөц нь тогтворгүй болж, сүүлдээ хагас нүүдэлчин амьдралтай киргизүүд өлсгөлөнд нэрвэгдэж эхэлжээ.

Хэт алслагдмал газарзүйн байрлалтай, Германы фронтоос аюулгүй зайтай байсан учир ЗХУ Киргизстаныг дайны үед үйлдвэрлэлийн цөм бааз болгохоор сонгосон. Ерөнхийдөө тухайн үеийн Киргизстаны хувьд эдийн засаг, нийгмийн маш том өөрчлөлт, бас аж үйлдвэрийн багахан хувьсгал болсон гэж хэлж болно. Зөвлөлтийн хэдэн арван цэрэг армийн болон голлох үйлдвэрүүд Германы заналхийллээс зугтаан Киргизийн Бишкек (1926 оноос 1991 он хүртэл Фрунзе нэртэй байсан) болон Токмак хотууд руу нүүн иржээ. Гэхдээ үүний ачаар Бишкек нь өдгөө Киргизийн аж үйлдвэрийн тулгуур хот болон хөгжсөн. Тус хотод том машин механизм, металл боловсруулах үйлдвэрлэл өндөр хөгжсөн.

Дайн байлдаанд хамгийн их өртсөн Зөвлөлтийн баруун бүсээс аюулгүй газар хайн олон мянган хүн Киргизэд дүрвэн ирсэн. Холокост буюу хомроглон устгалаас зугтсан 45 мянга орчим еврей болон бусад үндэстэн энэ улсыг зорин иржээ.

1941 онд Бишкек хотод дүрвэгсдийг байрлуулах синагог байгуулсан ба тэднийг Улаан армид хоол хүнс нийлүүлдэг киргизүүдийн адил ажиллуулах болсон байна. Харин хожим эдгээр еврей дүрвэгчид шинээр байгуулагдсан Израил руу цагаачилсан юм.

Аугаа эх орны дайны үеэр 365,000 орчим киргиз дайчлагдсанаас 70,000 хүн дайны талбарт, 50,000 гаруй хүн хоол хүнсний хомсдолд орж нас барсан гэх тооцоо байдаг. Узбекистан зэрэг Төв Азийн зарим улсууд Орос хэв маягийн Ялалтын баярыг эсэргүүцэж, тавдугаар сарын 9-ний өдрийг баярын өдрийг "Дурсамж, хүндэтгэлийн өдөр" болгон тэмдэглэдэг бол Киргизийн эрх баригчид ОХУ-д харьцангуй нааштай хандаж, Ялалтын баярыг хамтдаа тэмдэглэдэг.

Киргизстан томоохон хэмжээний цэргийн жагсаал хийхээ больсон ч жил бүр тус улсын томоохон хотуудад дайнд оролцсон, эсвэл амиа алдсан хүмүүсийг дурсах дурсгалын жагсаалууд болдог. Киргизийн төрийн мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр зөвхөн Аугаа эх орны дайнд оролцсон дайчдаас өдгөө 251 нь амьд сэрүүн байгаа аж. Ялалтын 75 жилийн ойд зориулж энэ жил төв засгийн газраас ахмад дайчин бүрт 125 ам.доллар олгожээ. ЗХУ-ын баатар Чолпонбай Тулебердиевийн нэрэмжит Бишкек хотод дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг барьж байгуулах ажил сүүлийн үед Киргизийн дайчдыг дурсах нэг томоохон ажил болж байна.

Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж