Ц.Сандуй, А.Ганбаатар нар буруутай юу, эсвэл Доржзодов уу?

Хуучирсан мэдээ: 2020.05.12-нд нийтлэгдсэн

Ц.Сандуй, А.Ганбаатар нар буруутай юу, эсвэл Доржзодов уу?

Ц.Сандуй, А.Ганбаатар нар буруутай юу, эсвэл Доржзодов уу?

Энэ долоо хоногт “60 тэрбум”-ын гэх хэргийн шүүх хурлын тов зарлагдах мэдээлэл байгаа юм. НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэрэгт өмгөөлөгчөөр М.Ариунболд, Б.Мэргэн, Э.Хашчулуун, Г.Мөнхбат, Т.Дэлгэрбаяр, Д.Дашбямба нар ажиллаж буй. Тус хэрэгт прокурор 2002 оны Эрүүгийн хуулийн 82.1 дүгээр зүйл буюу "Төрийн эрхийг хууль бусаар авах" гэсэн зүйлчлэлтэй яллах дүгнэлт үйлдсэн.

Өмгөөлөгч Б.Мэргэн “Хуулийг буцаан хэрэглэхдээ гэмт хэрэгт холбогдсон этгээдэд эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хууль хэрэглэдэг. Гэмт хэрэг байж байгаад хэргийг шийдвэрлэх үед гэмт хэрэг биш болсон тохиолдолд хуучин гэмт хэрэг байсан зохицуулалтаар яллаж болохгүй” хэмээн хэлсэн билээ. Учир нь энэ хэрэгт одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуульд байхгүй зүйл заалт хэрэглэжээ. Тодруулбал, 2002 оны Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйл (Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах) 821 дүгээр зүйл. Сонгуулийг будлиантуулж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах, 821.1.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан бол таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн заалтаар прокурор яллах дүгнэлт үйлджээ. Тиймээс өмгөөлөгчдийн зүгээс Ц.Сандуй, А.Ганбаатарт нарт холбогдох хэргийг бүрэн нээлттэй явуулах хүсэлт хүргүүлэхээр төлөвлөж буйгаа дуулгалаа. Мөн прокурор Эрүүгийн хуульд огт байхгүй заалтаар ялласан гэх энэ хэрэгт Г.Доржзодов, Ц.Сандуй, А.Ганбаатар нар буруутай юу, эсвэл бүр өөр хүмүүс буруутай юу гэдгийг бүгд хараг хэмээн хүсч буй аж.

Өмгөөлөгч Б.Мэргэн “60 тэрбум”-ын гэх энэ хэрэг төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг яагаад ч биш. 2014 онд ярьсан ярианд хүч хэрэглэх тухай огт байгаагүй. УИХ-ын эрх мэдлийг авахтай холбоотой асуудал байгаагүй. Хэрвээ ялсан бол ялсан нам нь төрийн тодорхой албан тушаалуудад гүйцэтгэх эрх мэдлийг 60 тэрбумаар томилох тухай асуудал байсан. Энэ нь сонгуулийг будлиантуулаад, УИХ-ын эрх мэдлийг авах тухай байгаагүй. 2014 онд хэрэгжиж байсан 2002 оны хуулиар ял өгч болохоор байсныг үгүйсгэхгүй. Гэтэл хэргийг шийдэх хугацаа нь 2019 он болчихсон байгаа учраас шүүгдэгчид ашигтай байдлыг харгалзаад, шинэ хуулиа ашиглахад энэ гэмт хэрэг биш болчихож байгаа юм.

Шүүх хуралд оролцсон өмгөөлөгчид “Энэ бол төрийн байгууллагын дээд эрх мэдлийг авах гэмт хэрэг биш юм гэдгээр мэтгэлцсэн бүх үндэслэлүүдээ гаргаж ирсэн. Гэтэл шүүх шийдвэрээ гаргахдаа төрийн эрх барих байгууллагын дээд эрх мэдлийг авах гэсэн гэмт хэрэг биш байна, гэхдээ энэ бол сонгуулийг будлиантуулахад бэлтгэсэн гэсэн гэмт хэрэг. Тиймээс зүйлчлэлийг солиод ял өгсөн” хэмээн ярьсан юм.

Иргэд эл хэргийн шүүх хуралд гэрчээр оролцсон Г.Доржзодов энэ гэмт хэргийг зохион байгуулахад оролцсон мөртлөө яагаад ял өгсөнгүй вэ гэдэгт хариулт нэхдэг. Энэ талаар өмгөөлөгч Б.Мэргэн хэлэхдээ “Эрүүгийн хуулийн 82.1 дотроо тайлбартай. Тус тайлбарт “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулахад оролцсон боловч гэмт үйлдэл эхлэхээс өмнө энэ тухай төрийн зохих байгууллага, албан тушаалтанд сайн дураараа мэдэгдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж бий. Мөрдөгчөөс Г.Доржзодовыг яллагдагчаар татах гэдэг санал оруулсан. Гэтэл прокуророос хэргээ сайн дураараа илчилж байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэдэг байдлаар яллагдагчаар татаагүй.

Давж заалдах шатны шүүхээс Г.Доржзодовыг яллагдагчаар татаад шүүхэд шилжүүл гэсэн шийдвэр гарсан. Гэвч яллагдагчаар татаж хэсэг шалгаснаа өмгөөлөгч нь өмгөөлөх эрхгүй юм шиг байна гээд яллагдагчаар татсан тогтоолоо хүчингүй болгосон. Тэгвэл бусад бүх мэдүүлэг нь ч хүчингүй болмоор юм.

Энэ гэмт хэргийн мэдээллийг 2016 онд АН, МАХН-аас өгснөөс хойш Г.Доржзодовыг сайн дураар нь биш баривчилж авчирсан байдаг. Дараа нь 2017 оны наймдугаар сарын 8-ны өдөр түүнд байсан бичлэгийг хурааж авсан. Хурааж авна гэдэг сайн дураар илчилсэн асуудал биш. Тэгэхээр сайн дураараа илчилсэн хүн хэргийн материалаа гаргаж өгөхгүй, зугтах уу" хэмээн ярьсан юм.

Энэ хэргийн хувьд 2-8 жилийн ялтай учраас хөөн хэлэлцэх хугацаа нь таван жил. Прокурор өөрийнхөө цуглуулсан нотлох баримт хэргийн материалд байгаа мэдээллүүддээ үндэслээд энэ хэргийг 2014 оны долдугаар сараас есөн сарын хооронд үргэлжилсэн учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хэрэгсэхгүй болгоно хэмээн үзжээ.

Эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд урьдчилсан хэлэлцүүлэг, гэм буруугийн хурал, ялын хурал болдог. Гэм буруугийн хуралд прокурорууд төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн зүйлчлэлтэй орж ирсэн. Энэ нь өөрөө 12-20 жилийн ялтай учраас хөөн хэлэлцэх хугацаа нь болоогүй. Энэ зүйлээр зүйлчлэгдээд ял авсан бол прокурор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг санал өгөхгүй байсан аж.

Гэтэл зүйлчлэл нь өөрчлөгдөөд, 2-8 жилийн ялтай хэрэг ороод ирж буй учраас прокурорууд анх оруулж ирсэн саналаа өөрчлөөд, тухайн үеийн шийдвэрт нь нийцүүлэн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэсэн санал өгсөн байна. Энэ гэмт хэргийг олон нийт 2016 онд мэдсэн тул тэр үеэс хөөн хэлэлцэх хугацаа нь эхэлнэ гэж үзжээ. Хуулинд олон нийт мэдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэсэн заалт байдаггүй тул өмгөөлөгч болон прокурорыг гайхахад хүргэсэн аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж