ОХУ-аас 500 оюутнаа татан авчрах асуудлыг дагасан "эрсдэл"

Хуучирсан мэдээ: 2020.05.12-нд нийтлэгдсэн

ОХУ-аас 500 оюутнаа татан авчрах асуудлыг дагасан "эрсдэл"

ОХУ-аас 500 оюутнаа татан авчрах асуудлыг дагасан "эрсдэл"

Монгол Улсад короанвирусийн батлагдсан 42 тохиолдол бүртгэгдээд буй. Эдгээр нь бүгд гаднаас зөөвөрлөгдсөн. Коронавирусийн батлагдсан тохиолдлуудын тал нь ОХУ-аас ирсэн оюутнууд. Москва хотоос нийт 32 оюутан эх орондоо ирснээс 20-иос нь халдвар илэрсэн. ХӨСҮТ-өөс ОХУ-аас ирсэн оюутнуудын биеийн байдал хэвийн болж, аюул ард хоцорсон гэдгийг мэдэгдсэн ч тайвшрах асуудал биш. Хойд хөршөөс дахин 500 оюутнаа татан авчрах тухай асуудал яригдаж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр ОХУ-аас 1800 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт өгснөөс эхний ээлжинд 500 оюутныг татан авахаар болжээ. Тэд энэ долоо хоногт багтаан эх орондоо ирэх юм байна. Сонсогчдыг ОХУ-ын талаас тусгай нисэх онгоцоор хүргэж өгөх аж. Тэднийг Сэлэнгэ болон Дархан-Уул аймагт тусгаарлана гэх мэдээлэл байна.

Гэсэн ч тусгаарлах байр, эмч нарын нөөц бололцоо гээд олон асуудал урган гарч буй. Тусгаарлах байрны нөөц боломж нь хязгаарлагдмал, хүрэлцэхгүй шахам ийм нөхцөлд муугаар бодоход халдварыг дотроосоо алдах ч аюултай. Магадгүй оюутнууд эх орондоо ирсэн тохиолдолд эрсдэлээ тооцож хөл хорио тогтоож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг ч хязгаарлаж болзошгүй. Ялангуяа Сэлэнгэ аймагт хөл хөдөлгөөнийг хязгаарлаж, хөл хориог чангаруулна гэх мэдээлэл ч чих дэлсэж буй. Тодруулбал, Сэлэнгэ аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг өчигдрөөс эхлэн энэ сарын 20-ныг хүртэл хаана гэх мэдээлэл цацагдсан. Тус аймагт тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах уу, ОХУ-аас ирэх 500 оюутныг тус аймагт тусгаарлах уу гэх асуудлыг тодруулахад тус аймгийн Засаг даргын Тамгын газраас эх орондоо ирэх оюутнуудтай холбоотойгоор аймгийн хэмжээнд хөл хорио тогтоож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаагүй гэх байр суурийг илэрхийлсэн юм.

ХАЛДВАРЫГ АЛДАХГҮЙ БАЙХЫН ТӨЛӨӨ Л ЗОРЬЖ АЖИЛЛАЖ БАЙНА

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.ОРГИЛ: 

-Дэлхий дахинд “зөөвөрлөгдсөн” коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлын хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлыг хангаад байна. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх цаг үеийн асуудлаар аймгийн Онцгой комисс хуралдлаа. Мөн Улсын онцгой комиссоос ажлын хэсэг ирж ажиллана. ОХУ-аас ирэх 500 оюутныг татан авчрах тухай асуудалд Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагаж мөрдөнө. Одоогоор тусгаарлах байрны талаар тооцоо, судалгааг гарган ажиллаж байна.Ерөнхийдөө Баян-буурал, Төв аймаг, Мандал сум, Дархан-Уул аймагт тусгаарлах болов уу. Өөрөөр хэлбэл, оюутнуудыг зөвхөн Сэлэнгэ аймагт тусгаарлана гэдэг ойлголт бол өрөөсгөл юм.

Эх орондоо ирж буй оюутнуудыг хаана тусгаарлах вэ гэдгийг Улсын онцгой комиссоос тодорхой шийдвэр гаргасны дагуу л бид заавар, журмыг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх байдлаар ажиллана.  Тиймээс энэ бол миний мэдлийн асуудал биш юм. ОХУ-аас ирэх 500 оюутнуудын тухайд халдвар “зөөвөрлөгдөх” өндөр эрсдэлтэй.

Тиймээс хилийн боомтоор оюутнуудаа нэвтрүүлэхэд нарийвчилсан асуумж судалгааг авахад анхаарч ажиллана. Мөн галын шугамд ажиллаж буй мэргэжлийн байгууллагын алба хаагчдынхаа аюулгүй байдлыг хангах тал дээр илүү их анхаарч бас сэтгэл зовж байна.  Ер нь бид бүхний хувьд халдварыг “алдахгүй” байх тал дээр өндөржүүлсэн бэлэн байдлын бэлтгэлийг хангаж гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байгаа. Гэхдээ Сэлэнгэ аймаг анх удаа хилийн боомтуудаар нэвтэрч буй иргэдээ хүлээн аваагүй, өмнө нь ч бас 280 гаруй иргэнээ хатуу хяналт, нарийн зохион байгуулалттайгаар нэвтрүүлж, тусгаарлах ажлыг зохион байгуулсан гэдгийг та бүхэн мэднэ. ОХУ-аас татан авчрах 500 оюутантай холбоотойгоор Сэлэнгэ аймгийн орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаагүй. Гэтэл “Ковид-19” цар тахлын  үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах сургуулийн үеэр гаргасан захирамжийг зарим хүмүүс гуйвуулсан байна билээ. Тиймээс иргэд мэдээллээ маш сайн нягталж үзэх хэрэгтэй гэлээ.

Энэ нь зөвхөн ОХУ-аас эх орондоо ирэх  500 оюутны тухай асуудал ч биш Засгийн газар, УОК-ын шийдвэрээр Энэтхэгээс тусгай үүргийн нислэгээр 480 гаруй иргэнээ татан авах асуудал ч яригдаж буй. Гэтэл тусгаарлалтад буй хүмүүс эмнэлгийн хяналтаас гарч амжаагүй байхад гадаадаас иргэдээ татан авсаар байвал халдварыг дотроо алдахгүй гэсэн баталгаа байхгүй. Эрсдэл ч өндөр.

"ОХУ-ААС ИРЭХ ОЮУТНУУД ХАЛДВАР ЗӨӨВӨРЛӨХ ЭРСДЭЛТЭЙ БАЙСАН Ч ЭМЧИЛНЭ"

Энэ асуудлаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас дараах зүйлийг тодрууллаа.

-Гадаад дахь иргэдээ татан авчрахын хэрээр халдвар “зөөвөрлөгдөх” өндөр эрсдэлийг дагуулна. Хамгийн сүүлийн мэдээллээр Энэтхэг улс руу энэ долоо хоногт багтаан тусгай үүргийн нислэг хөөргөж, 400 гаруй иргэнээ татан авах тухай яригдаж байна. Энэ тал дээр та бүхэн ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн газар, Улсын онцгой комисс өөрсдийн нөөц боломжид тулгуурлан гадаадаас иргэдээ татан авч байгаа. Эрүүл мэндийн байгууллага үүргээ л биелүүлж ажиллаж байна. Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг өмнө нь хүлээн авч байсан журмаар л хил нэвтрүүлж, тусгаарлана. Одоогоор Энэтхэг улсаас тусгай үүргийн онгоцоор иргэдээ татан авах тухай  үүрэг чиглэл бидэнд ирээгүй байна

-ОХУ-аас татан авчрах 500 оюутнаас гадна Энэтхэг улсаас 400 гаруй иргэнийг тусгай үүргийн онгоцоор авчрах тухай асуудал яригдаж байна. Тусгаарлах байр хүртээмжтэй байж чадах уу?

Тусгаарлах байрны хүртээмжийн асуудлыг зохицуулсан учраас л гадаад дахь иргэдээ татан авч байгаа. Улсын онцгой комисс Эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд иргэдээ татан авах ажлыг зохион байгуулдаг. Улсын онцгой комисс Эрүүл мэндийн байгууллагатай уялдаа холбоотой ажилладаг.

Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдлууд гаднаас зөөвөрлөгдсөн. Өмнө нь ОХУ-аас ирсэн оюутнуудаас халдвар илэрсэн. Дахин 500 оюутан эх орондоо ирнэ, тухайн оюутнууд ирвэл халдвар тархах өндөр эрсдэлтэй учраас үүнийг тооцсон байх?

ОХУ-аас ирэх оюутнууд халдвар “зөөвөрлөх” өндөр эрсдэлтэй байсан ч Монгол Улсын иргэн учраас бид хүлээн авна, эмчилнэ. Өвчтэй байвал оношилно. Хавьтал болсон тохиолдол тусгаарлаж, хяналтаа тавина.

-Эх орондоо ирэх 500 оюутныг Сэлэнгэ аймагт тусгаарлах мэдээлэл байна. Энэ тохиолдолд ХӨСҮТ-өөс нэмэлт баг Сэлэнгэ аймагт ажиллах уу?

Эх орондоо ирж буй 500 оюутныг хаана тусгаарлах вэ гэдэг асуудлыг одоогоор шийдээгүй. Удахгүй тодорхой мэдээлэл гарах байх. Сэлэнгэ аймаг бол бэлтгэл ажлын бүрэн хангасан. Тус аймаг шуурхай хариу арга хэмжээний багтай. Энэхүү мэргэжлийн баг бол халдварын голомтод ажиллах, хүмүүсээ хүлээн авах, тандалт судалгаа, шинжилгээ хийх ажлыг зохион байгуулна. ХӨСҮТ-өөс нэмэлтээр заавар зөвлөмж өгч уялдаа холбоотой ажиллана. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан иргэдийн шинжилгээг Дархан-Уул аймаг дахь ХӨСҮТ-ийн салбар лабораторид хийнэ гэх тайлбар өгсөн юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж