Сүүлийн өдрүүдэд иргэд 1072 хувьцааны ногдол ашгаа хүлээж, чих тавьсаар өдөр хоногийг өнгөрүүлж байна. Угтаа иргэд тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 1072 хувьцааны ногдол ашиг дансанд нь орж эхэлнэ хэмээн бодож байсан ч энэ нь ташаа ойлголт болохыг өчигдөр /2020.05.11/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээлсэн.
Тэрбээр “Тавдугаар сарын 1-нээс хойш ногдол ашиг өгөх ажлыг зохион байгуулна хэмээх Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гарсан. Түүнээс биш тавдугаар сарын 1-нд ногдол ашгийг бүх хүний дансанд шилжүүлнэ гэж “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас албан ёсоор мэдэгдээгүй. Одоогийн байдлаар 1.7 сая иргэн хувьцааны дансаа нээлгэсэн ч 425 мянган иргэн л банкны дансаа баталгаажуулсан байна. Бүртгэлийн асуудалгүй иргэдийн ногдол ашгийг өмнөх долоо хоногт Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТХТ/-ийн дансанд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, бид 425 мянган хүн болон банкинд дансаа нээлгэсэн боловч ҮЦТХТ-д мэдээлэл нь очоогүй байгаа 693 мянган иргэний гээд нийт 1 сая орчим иргэний ногдол ашгийг ҮЦТХТ рүү шилжүүлсэн. 1072 хувьцааны ногдол ашиг яагаад иргэдийн дансанд орохгүй байгаа вэ гэвэл "Эрдэнэс Тавантолгой" ХК 2.5 сая иргэний бүртгэлийг хянаж цэгцлэх ажил ид үргэлжилж байна.
Энэ ажилд "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас гадна Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, арилжааны банк, НӨАТ систем, Улсын бүртгэл гэх мэт байгууллагуудтай хамтран иргэн бүрийн мэдээллийг нягталж хянаж байна.
Мөн банкинд данстай эсэхийг нь шүүх, тухайн данс нь е-баримт дээр байгаа эсэхийг хянах, нэрсийг нь шивээд арилжааны банкууд руу явуулах, банк нь Монголбанк руу явуулах, Монголбанк эргүүлээд Төрийн сан руу явуулах зэрэг олон ажил шат дараатайгаар хийгдэж байна.
Жишээ нь, овог нэр нь давхардсан өөр регистертэй хүмүүс ч гарч байна. Энэ болгоныг цэгцлэх ажлыг холбогдох байгууллагууд хийж байгааг ойлгоорой. Бүртгэлийн асуудалгүй иргэдэд шууд ногдол ашиг шилжүүлэх боломжгүй байна” хэмээжээ.
Түүний ярианаас авч үзэхэд 1072 хувьцааны ногдол ашиг иргэдийн дансанд орох гэж нилээн хугацаа зарцуулагдах аж. Харин иргэд 1072 хувьцааны талаар дараах мэдээлэлтэй байна.
Иргэн Б.МӨНГӨНШАГАЙ: 1072 хувьцааны ногдол ашгийн талаар тодорхой мэдээлэлгүй л байна. Хувьцааны дансаа ч нээлгээгүй явж байна.
Та бүхэн энд дарж цахимаар өөрийн регистрийн дугаараа оруулан, хувьцааны дансаа шалгаарай. Хэрэв гар утсаараа шалгахыг хүсвэл 158989 дугаарт өөрийн регистрийн дугаараа илгээн хувьцааны дансаа шалгах боломжтой. Мөн аль өөрт ойрхон ТҮЦ машинд очин хувьцаа гэх цонхыг сонгон, иргэний үнэмлэх, хурууны хээгээрээ дамжуулан ямар үнэт цаасны компанид бүртгэлтэй, ямар компанийн хувьцааг эзэмшиж байна, ногдол ашиг нь мөнгөн дүнгээрээ гарч ирэх аж.
Иргэн Н.ТЭМҮҮЖИН: Миний хувьд үүнийг сонирхоогүй ээ. Оюутан байхдаа сургалтын төлбөрөөсөө хөнгөлүүлсэн учир надад хувьцаа байхгүй л гэж ойлгож байгаа. Данс ч нээлгээгүй.
Хэрвээ иргэн та 2011 онд сургалтын төлбөр, ЭМД төлүүлсэн бол таньд одоогоор 527 ширхэг хувьцаа бий. Харин 2012 онд сургалтын төлбөрөө төлүүлсэн бол 544 ширхэг хувьцаа эзэмшинэ хэмээн “Эрдэнэс-Тавантолгой” ХК мэдээлжээ.
Иргэн С.ЭНХТУЯА: Хувьцааны ногдол ашиг нь шууд данс руу нь орно гэж ойлгосон. Одоогийн байдлаар ногдол ашгаа хүртээгүй л байна. Мэдээлэл жаахан хомс байна. Өмнө нь нэг хувьцааны мөнгө авч байсан, тэрүүгээрээ л одоо ногдол ашгаа авна гэж ойлгож байгаа.
Хэрвээ та Засгийн газарт хувьцаагаа худалдаж 300,426 төгрөг авсан бол та 750 ширхэг хувьцаа эзэмшинэ. Харин хувьцаагаа 200,246 төгрөгөөр худалдсан бол таньд одоо 857 ширхэг хувьцаа бий. Мөн 2012 онд Засгийн газарт хувьцаагаа худалдаж 100,142 төгрөг авсан бол 964 ширхэг хувьцаа эзэмшинэ хэмээн заажээ.
Иргэн Б.СОНИНХАЧИН: Намайг 2012 онд авсан гээд өгөхгүй байгаа юм. Тэр брокер, диллерийн компанид нь дансаа нээлгэх гээд очсон чинь та авсан байна гэж хэлээд байгаа юм. Үнэт цаасны төв дээр очиж уулзаад ч нэмэргүй юм байна лээ. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн байна гэж хэлсэн л дээ. Энэ талаараа 1072 хувьцааны мэдээллийн төв дээр очихоор манайх мэдэхгүй ээ, үнэт цаасны төв дээр оч гээд тэнд очихоор халамж руу яв гээд явуулсан. Тэгээд Хан-Уул дүүргийн халамж дээр очихоор манайх мэдэхгүй ээ гээд бие бие рүүгээ явуулаад байна. Би бол нэг ч төгрөг аваагүй шүү дээ.
2011.04.01-2012.04.11-ний хооронд нас барсан, Монгол улсын иргэний харьяатаас гарсан Монгол Улсын иргэн нийт 536 ширхэг хувьцаа эзэмшинэ. Хэрвээ та нас барсан хүний төвлөрсөн хадгаламж дахь дансны хөрөнгийг өв залгамжлалаар хүлээн авах тохиолдолд залгамжлах эрхийн гэрчилгээ, өв залгамжлагчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, нас барсан хүний нас барсны гэрчилгээ, өв хүлээн авагчийн өргөдөл, гүйлгээний шимтгэл төлсөн баримт зэргийг үндэслэн өвлөн авах аж.
Иргэн Б.Доржоо: Би өмнө нь авсан л даа. Хэдэн жилийн өмнө ахмадуудад гээд нэг сая төгрөг өгсөн. Тэр үед нь л бүгдийг нь авсан. Манай хүүхдүүд л хувьцааны ноогдол ашиг авна гээд л данс нээлгээд яваад байсан. Бидний хувьцааг төр худалдаад авсан болохоор оногдох юм байхгүй биз.
Иргэн Ц.ЦЭРМАА: Хамгийн сүүлд би 300 мянган төгрөг л авсан. Тэрнээс хойш юу ч аваагүй. Мэдээлэл авах гээд нэг дугаар руу залгахаар тэр нь утсаа авахгүй юм. 1072 хувьцааны мэдээллийн төв ороод л баахан дугаар бичээд л гараад ирлээ. Бага тэтгэвэр авдаг хүмүүст энэ л эм тарианд маань дөхөм болно гэж бодож байна.
Иргэн Д.БАТХҮҮ: 1072 хувьцааны талаар асуух гээд мэдээллийн төв дээр нь ирэхээр Сүхбаатар дүүргийн хоёрдугаар тойрог дээр оч гээд нэг дугаар өгсөн. Их л хүндрэл чирэгдэлтэй байна даа. Ард түмнийг залхаан цээрлүүлнэ гэдэг л энэ байх.
Иргэдийн хувьд 1072 хувьцааны талаарх мэдээлэл хомс, хаана хандахаа төдийлөн мэдэхгүй байгаа нь ярианаас нь ажиглагдаж байна. Тавдугаар сарын 01-нээс эхлэн дансанд 1072 хувьцааны ноогдол ашиг нь шууд орно хэмээн хүмүүс бодож, дөрөвдүгээр сарын 30-ны өдөр бүхий л брокер, диллерийн компаниудын үүдэнд уртаас урт дараалал үүсгэсэн. Гэвч тэдний яаран нээлгэсэн данс нь одоогийн байдлаар хоосон байсаар байна.
Холбоотой мэдээ