Стефен Көрригийн өмнө сонгогдсон тамирчид хаана байна вэ? | News.MN

Стефен Көрригийн өмнө сонгогдсон тамирчид хаана байна вэ?

Стефен Көрригийн өмнө сонгогдсон тамирчид хаана байна вэ?

Стефен Көрригийн өмнө сонгогдсон тамирчид хаана байна вэ?

Сагсан бөмбөгийн спорт сүүлийн жилүүдэд хурдацтай өөрчлөгдөж, шинэ арга барил, шинэ нүүр царайнуудыг дэлхий нийтэд таниулж байна. Үүний нэгэн тод жишээ болсон 2009 оны NBA-ийн драфтын долоо дахь сонголтыг тухайн үед хүмүүс төдийлөн таниагүй бол өдгөө тэр залуу сагсан бөмбөгт хувьсал авчирч, дэлхий даяар сая сая үзэгч хөгжөөн дэмжигчийн зүрх сэтгэлийг булаажээ. Бид энэ удаад та бүхэндээ NBA-ийн гурван удаагийн аварга, хоёр удаагийн улирлын “Үнэ Цэнэтэй Тоглогч” Стефен Көрригийн өмнө сонгогдсон тамирчид одоо хаана, юу хийж байгаа мэдээллийг хүргэхээр шийдлээ.

Энэхүү драфтын тэргүүн сонголтоор Лос Анжелес Клипперс баг Оклахомагийн их сургуулийн од, хүчний довтлогч Блэйк Гриффинийг сонгосон. Түүний тухайд 2009-2010 оны улирлыг бэртлийн улмаас бүтэн өнжиж, 2010-2011 оны улирлаас эхлэн гайхалтай тоглолтыг Крис Пол, ДеАндре Жордан, Ж.Ж.Редик, Жамал Кроуфорд нарын хамтаар үзүүлсэн. Харамсалтай нь Стефен Көрригийн сүүдрээс гарч чадалгүй баг нь тарсан юм. Блэйк Гриффин одоогоор Детройт Пистонс багт хүчин зүтгэж байгаа бөгөөд өвдөгнийхөө бэртэлтэй удаан хугацааны туршид тэмцэж байна.

Хоёр дахь сонголтоор Мемфис Гриззлес баг Коннектикутийн их сургуулийн хамгаалалтын мангас Хашийм Табийтийг сонгосон. Их сургуульдаа 14 оноо, 11 самбар, 4 хаалт дунджилж байсан түүнд баг нь өөрийгөө хөгжүүлэх боломж өгөөгүй юм. Тухайн үед Mемфис багт Марк Гасол болон Зак Рэндольф гэсэн самбарын хослол байсан учир залуу хүүд боломж олдоогүй. Тэрбээр таван жилийн хугацаанд нийт дөрвөн баг дамжин 2 оноо 3 самбар дунджилсан. Одоо тэрбээр NBA-д эргэн ирэх бэлтгэлээ хийж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Гурав дахь сонголтоор хотоо солиод шинэ өнгө төрхтэй шинэ баг болох Оклахома Сити Тандер баг Жэймс Харденийг сонгосон юм. 50 оноо 10 дамжуулалт болон 30 онооны цуврал хийдэг хүнтэй юм ярилтгүй. Одоо түүнд ганцхан NBA-ийн аваргын цом л дутуу.

Дөрөв дэх сонголтоор Сакраменто Кингс баг тухайн цагтаа хамгийн зөв хүнээ буюу Tайрик Эвансийг сонгож улмаар Т.Эванс ч тухайн жилийнхээ лигийн “Шилдэг залуу тоглогч”-ийн шагналыг 20 оноо 5 самбар 5 дамжуулалт дунджилсан үзүүлэлтээрээ хүртсэн. Түүнээс өмнө энэхүү амжилтыг Оскар Робертсон, Майкл Жордан, Леброн Жэймс зэрэг домгууд үзүүлж байсан юм. Гэвч түүний амжилт дараагийн гурван улирал нь тогтмол уруудаж, энэ хугацаандаа дөрвөн баг сольж одоо Индиана Пэйсерс багт сэлгээний тоглогч болжээ.

Тав дахь сонголтоор Испани жаал хүү Рики Рубиог сонгож лигт цахиур хагалж байсан Кевин Лавтай хослуулж лигийг эзэрхийлэх гэсэн Миннесота Тимбервулвс багийн санаа бүтэлгүйтсэн. 2012 он хүртэл Европ тивд тоглож ирээд л бэртэл гэмтлийн асуудалд орон, ердөө 11 оноо 8 дамжуулалт дунджилсан тэрбээр одоо Юта Жазз багт өмнө нь сонгогдсон хүнээ бодвол гарааны холбогч хийж байна.

Зургаа дахь сонголт Жонни Флиннийг хүмүүс одоо бүх цаг үеийн хамгийн шилдэг шидэгчийн өмнө сонгогдсон нэгэн гэдгээр нь л мэдэх болж дээ. NBA-д өнгөрүүлсэн эхний улиралдаа 14 оноо 5 дамжуулалт гэсэн тун дажгүй үзүүлэлтийг үзүүлсэн ч тэрбээр лигт ердөө дөрөвхөн улирал тоглосны эцэст Хятад, Австралийн лигүүдээр хэссэн.

2009 оны NBA-ийн драфтын өдөр Миннесота Тимбервулвс багт тав болон зургадугаар сонголтуудыг хийх эрх байсан ч тэд Стефен Көрриг хоёр дараалан алгасч, томоохон алдаа хийсэн юм. Одоо бол Стефен Көрри өөрийнх нь дээр сонгогдсон эдгээр тоглогчдын мөрөөдлийн амьдралаар нь амьдарч, үзүүлээгүй амжилтыг үзүүлж, хүссэн алдар нэр, эд хөрөнгөө хүртээд сууж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХөөрхөнХөөрхөн
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Санчир 2020-05-12 202.170.80.25

мэдээ ийм гоё байдгийг анх удаа харж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж