Жаран өнгөрсөн ч үл мартагдах номын суварга

Хуучирсан мэдээ: 2020.05.12-нд нийтлэгдсэн

Жаран өнгөрсөн ч үл мартагдах номын суварга

Жаран өнгөрсөн ч үл мартагдах номын суварга

Францын гүн ухаантан, физикч Рөне Декарт “Бүх сайн номыг унших нь өнгөрсөн зууны хамгийн ухаалаг хүмүүстэй ярилцаж суух мэт” хэмээн тун ончтой хэлжээ. Монголчуудын өвөг дээдэс номыг бичиж туурвин, уншиж судлан, дээдлэн хүндэлсээр хэдэн зууныг элээж, одоо ч энэ уламжлал үргэлжилж, цаашид ч хэдэн зуунд үргэлжлэх буй заа. Гэхдээ “Хэрвээ чи бүх хүний уншдаг номыг уншвал бүгдийн боддогийг бодохоос хэтрэхгүй” гэсэн Японы зохиолч Харуки Муракамийн нэг егөөтэй боловч бодууштай үг бий. Тиймээс бүх хүний уншдаггүй, уншихыг хүсэвч олдохгүй болсон ном гэж байна. Тийм номын тоонд Монголын уламжлалт анагаах ухааны нэн эртний, ховор, ганц хувь үлдсэн, устах аюулд орсон, дахин давтагдашгүй гар бичмэл судар номууд орох нь гарцаагүй юм.

Гэвч тийм номыг хаанаас олох вэ? Ийм ном, судар байна уу? Энэхүү асуултын хариуг 1990 оноос хойш хайсан, эрж сурсан бас ч чамлахааргүй олныг олсон. Тухайлбал: тод үсгээр бичсэн Чингис хааны зарлигтай “Урианхай ардын домын судар”, Дээд Монголын Алтайн 1612 онд бичсэн уламжлалт анагаахын үндсэн сурах бичгийн эхний үндсийн тайлбар, Алтан ургийн сүүлчийн хаан Лигдэн хутагтын зарлигаар 1634 онд орчуулсан “Увдисын үндэс”-ийн монгол орчуулга, манж хэлээр 1720-иод онд бичсэн Европын анатомид суурилсан гар бичмэл судар, тод үсгээр 1806 онд орчуулсан европын анагаах ухааны хүүхдийн өвчний ном “Ахархан сургаал”, увш Ванчүгийн 1847 онд бичсэн “Элдэв зүйлийн эмийн нэр, тодотгосон бичиг” гар бичмэл ном, Лувсанминжүүрдоржийн 1930-аад оны үед төвөд хэлээр бичсэн анагаах ухааны гар бичмэл судрууд гээд 2 хуудастай бэсрэг номоос 200-300 хуудастай их номууд бидэнд өвлөгдөн иржээ. Зарим ном нь мөнгөөр үнэлэх боломжгүй үнэ цэнэтэй байх юм.

Тухайн үед олж тогтоогоод байсан судар номыг судалгааны эргэлтэд оруулах, сургалт, практикт хэрэглэх, эмийн сударт суурилсан брэнд эм, эмчилгээний шинэ технологи гаргах боломжийг хэрхэн бүрдүүлэх вэ? гэсэн асуулт тулгараад байлаа. Нөгөө талаас идэвх санаачилга, сэтгэл зүтгэл гаргах, хөрөнгө санхүүг шийдэх гээд амаргүй асуудлууд нүүрлээд байв. Гэтэл тун азтай завшаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилга, Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулангийн идэвх зүтгэл, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, АШУҮИС-ийн уламжлалт анагаах ухааны эрдэмтдийн оролцоотойгоор “Уламжлалт анагаах ухааны 108 ботийг эмхэтгэн хэвлүүлэх, сурвалж бичгийн өвийг хамгаалах, ашиглах түүний арилжааны боломжийг нээх” төслийг боловсруулсан юм.

Дараа нь гагцхүү энэхүү төслийг хэн, хэзээ санхүүжүүлэх асуудал нэн тулгамдаад байсан үед УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл асуудлыг машид нааштайгаар хүлээн авч, эхний 50 ботийн санхүүжилтийг шуурхай шийдэж өгснөөр 30 гаруй монгол эмч, маарамба эрдэмтдийн 1612 оноос 1930-аад оныг хүртэлх хугацаанд монгол бичиг, тод монгол бичиг, төвөд хэлээр бичсэн болон санскрит, манж, хятад, орос хэлнээс орчуулсан 60 гаруй судар ном болон 1990 оноос хойш хэвлэгдсэн уламжлалт анагаах ухааны судлаач, эрдэмтдийн бүтээлийг хэвлэх боломж нээгдсэн билээ.

Одоо энэхүү төслийг АШУҮИС толгойлон хэрэгжүүлж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд нь МУИС, УАУТХ, “Оточ Манрамба” их сургууль, “Ач” АУИС, “Шинэ Монгол” АУИС, ЭЗШУИС, ШУА-ийн ХЗХ, Монголын Улсын Үндэсний номын сангийн төлөөлөл нийт 18 судлаач, эрдэмтэд орсон редакцийн зөвлөл ажиллаж байна.

Дашрамд дурдахад АШУҮИС-ийн захирал, профессор Ж.Цолмон уг төслийн хэрэгжилтийг эхнээс нь аваад тууштай дэмжиж Эрдмийн сургуулийн дэргэд “Анагаах ухааны сурвалж бичгийн хүрээлэн” байгуулж 108 ботийг хэвлэхээс гадна уламжлалт анагаах ухааны судар ном, гараар болон багажаар үйлддэг заслын арга технологийг Монгол Улсын “Соёлын биет бус өвийн үндэсний төлөөллийн жагсаалт болон яаралтай хамгаалах шаардлагатай өвийн жагсаалт”-д бүртгүүлэх, нэн ховор ном судрыг төвөд, манж, хятад хэлнээс орчуулж, хэвлүүлэх, ургамал, амьтан, эрдсийн гаралтай эмийн түүхий эдийн тоо, хэрэглэх, номхотгох арга, хэрэглээг судлан тогтоож мэдээллийн сан бүрдүүлэх, ханах, төөнөх, жин тавих, түрхэж илэх, хатгах засал, судасны туулга, бариа заслын арга технологийг бүртгэн цахим санд оруулах, судлах, сургалт, эмнэлгийн тусламжид хэрэглэх удирдамж боловсруулах, Монголын уламжлалт анагаах ухааныг дэлхий дахинд сурталчлан таниулах ажлыг эхлүүлээд байна.

Уламжлалт анагаах ухааны 108 боть бүтээлийн эхний 25 ботид монгол маарамба, гүүш нарын цадиг, анагаах ухааны түүх, уламжлалт анагаах ухааны судар номыг он цагаар эрэмбэлэн хэвлэнэ. Нэг боть ном нь 300-350 хуудастай В5 хэмжээтэй байх юм.

Монголын уламжлалт анагаах ухааны эрт цагийн бүтээлүүд нь дан ганц анагаахын шинжлэх ухааны салбаруудыг хамрахаас гадна гүн ухаан, одон зурхай, хүн судлал, сурган хүмүүжүүлэх ухаан, ёс зүй, ёс суртахуун, хууль, биологи, ургамал судлал, яруу найраг гэх мэт өргөн хүрээтэй мэдлэг ухааныг багтаажээ. Нэг жишээ татахад, халдварт өвчний шалтгаан, нөхцөл, шинж тэмдэг, ангилал, эмчлэх аргын талаар нийт зохиолын 90 шахам хувьд нь ямар нэгэн хэмжээгээр дурдсан байна.

Амьдрах ухаан бол хүний амьдралын олон талыг хамарсан өргөн хүрээтэй ойлголт юм. Үүний салшгүй нэгэн хэсэг нь эрүүл мэнд, өвчний тухай мэдлэг, өвчнөөс сэргийлэх арга, ёс заншил байсаар иржээ. Ялангуяа хүний амьд явах үндэс болсон эрүүл мэндтэй холбоотой мэдлэг нь амьдралын хамгийн чухал хэсэг юм. Тийм ч учраас монголчууд өвчингүй эрүүл амьдрах талаар олон арван сургаал, номлол, ёс заншил, аман хууль, хорио цээрийг үүдэн бүтээж хойч үедээ үлдээсэн байна.

Монголын хаадын зоогийг эрхэлсэн түшмэл Хүсэхүйн 1330 онд бичсэн “Идээ ундааны жинхэнэ товч”, манж хэлээр бичсэн “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг”, Минжүүр гүүшийн 1727 онд орчуулсан “Рашааны зүрхэн найман гишүүнт нууц увдисын үндэс”, Их хүрээний мамба дацангийн тэргүүн лам, маарамба Лувсанжамц, дэд лам, гүүш Гэлэгжамц хоёрын орчуулсан “Эрдмийн үндэсний нэмлэгийн арга”, Миндол Жамбалын “Увдисын далай”, Ишбалжирын “Дөрвөн рашаан”, Цахар гэвшийн “Басамын тосон эм хийх ёс оршвой”, Лувсанчойнпэлийн “Нандин эрдэнийн шимийн хураангуй”, Жигмэдданзанжамцын “Үзэгсдийн баясгалан”, гэлэн Чойжамцын “Маш гайхамшигт хуримын сан”, Цэвэлванчигдоржийн “Малчдын мал арчлан маллах аргын эмх дарааллаас үхэр хийгээд сарлагийн өвчнийг засах зүйлс” зэрэг бүтээлүүдийг төлөөлөл болгон дурдахад халдварт өвчний талаарх Монголын анагаах ухааны мэдлэг өндөр түвшинд байсныг гэрчлэх юм. Халдварт өвчний тухай ийн өгүүлсэн нь дэлхийн улс орнуудыг хамарсан КОВИД-19-ийн цар тахалтай холбоотой болно.

Дээр дурдсан судруудын халдварт өвчний талаарх бүлгүүдийг нэгтгэн товчлон  дурдах нь зүйтэй хэмээн бодном. Халдварт өвчний шалтгаан, нөхцлийг хүн бүр мэдэж байх нь зохистой. Ялангуяа дөрвөн улирлын уур амьсгал илүүдсэн, дутуудсан, буруудсан, халдварт өвчин туссан өвчтөнтэй хүрэлцэх, сэтгэл нь гэнэт буюу үргэлж уур, айдас, гутралтай байх, бие махбодод тохиромжгүй идээ ундааг тохируулж хэрэглээгүйн улмаас шарын гал бадран босч, нян хорхойтой хамтран түгж халдварт өвчин үүсдэг. Бидний бие махбодын эрхтний үүд, судас, арьсны нүх, сүв бүгд дараалан нэгээс нөгөөд дамжин халддаг тул халдварт өвчин хэмээн учир шалтгааны үүднээс нэрийджээ. Ишбалжирын “Рашааны цагаан шүүдэр”-т: Ходоодны хорхой (хеликобактер пилори), умайн хорхой (папиллома вирус)-н эмчилгээ, Цахар гэвшийн бодоо өвчинд болгох ерөндөг (вакцин) гээд халдварт өвчний эмчилгээ, сэргийлэх аргын талаар цөөнгүй сударт бичиж үлдээжээ.

Аль нэгэн гэр бүл догшин  халдварт өвчинд нэрвэгдэн нас барвал  эд хогшил, гэрийн хамт ариутгана (галдаж шатаана). Халдварт өвчин туссан хүнийг тусгаарлан сэргийлнэ. Ямар нэгэн хүн хүнд өвчилвөл түүний гэрийн орой дээр нэгэн жад хатгаж, жадаа хар эсгийгээр ороож тавина. Тэгснээр ямар хүн боловч тэр гэрийн эргэн тойронд очиж болохгүй. Хэрэв өвчилж хэвтсэн байвал өвчинтэй болохоо мэдэгдэх буюу нүүр тулан уулзахаас татгалзах зорилгоор гэрийн орой дээрээ тэмдэг өлгөнө.

Ийм тэмдэгтэй гэрт сувилах хүнээс (эмч) өөр хэн ч орж үл болно. Өөрөө ханиад өвчин тусваас амавч хийж бусдад халдааж түгээхгүйг эрхэмлэх, ханиадыг хүндрүүлэхгүйн тулд бие махбодыг халуун хүйтэнд харшуулахгүй байж хүйтэн болон мөстэй ус хэрэглэж үл болно гэх мэтээр XXI зууны мэдлэгийн түвшинд бичиж үлдээжээ.

XIV-XVII зуунд хамаарах анагаах ухааны номонд амьдралын эрүүл дадал, зуршлыг хүмүүст олгож төлөвшүүлэх замаар халдварт өвчнөөс сэргийлэх талаар нухацтай тэмдэглэж үлдээсэн нь өнөөгийн бид ч хэвшил болгомоор заншил бий нь өөрийн эрхгүй анхаарал татна. Хүн болгон өөрийн аягатай байх нь монголчуудын эрхэм ёс байлаа. Эхний үед модон яваандаа зэс, мөнгө, алтан аяга хэрэглэж эхэлжээ. Ингэж хүн бүр аягатай байх нь халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх нэгэн нөхцөл болдог. Нүүдэлчдийн халдвараас хамгаалах өдөр тутмын амьжиргааны зуршлаа дагаж тасралтгүй үргэлжилдэг сайн талтай. Хүн амын тархай бутархай байршил нь халдвар тархах боломжийг багасгадаг. Халдварт өвчин гарсан тохиолдолд түүнийг янз бүрийн тэмдгээр дохиолон мэдээлж, тархах боломжийг хориод түүнийгээ “хөл хорих” гэдэг. Хөл хориотой айлд гаднаас хүн орохгүй, салхин дээгүүр нь  холуур явдаг  ёстой гэсэн байдаг. Бидний судалгааны явцад олж тогтоосон судар номуудаас үзэхэд эртний монголчууд “Монголчуудын эрүүл амьдрах ухаан” гэсэн шинжлэх ухааны бие даасан судлахууныг бий болгож, түүнийгээ амьдралын өдөр тутмын ёс заншил, аман хууль болгон мөрдүүлсээр иржээ.

Тарган бандида Цэвэлванчигдоржийн “Малчдын мал арчлан маллах аргын эмх дарааллаас үхэр хийгээд сарлагийн өвчнийг засах зүйлс” хэмээх сударт малын ёр гэдэг халдварт өвчнөөс сэргийлэх эм хийх тухай бичсэн байна. Уг  эмийг хийх арга нь ёр өвчнөөр өвчилсөн цагаан зээрийн их судсыг ханаж бүлээнээр нь аяганд хийнэ. Түүн дээрээ хүдрийн заар нэг тун нэмж хутгаад ваар саванд хийж сайн таглаад газар булна. 3 хонуулсны дараа савтай эмээ авч үзэхэд хөөсөрсөн атлаа сүү адил цагаан өнгөтэй ширхгүүд байвал сайн эм болсны шинж юм. Дараа нь ёр өвчин тусаагүй 3-4 үхэрт уг эмээ уулгаад, ус уулгалгүй, өвс бага зэрэг өгч 3-4 хоногийн дараа тэдгээр үхэрт өвчний шинж илрэхийн цагт их судсыг нь ханаж цусыг нь гаргаж авна. Ийм цусыг эрүүл үхрийн хамрын тус газарт түрхвэл маш өлзийтэй сайн хэмээжээ. Энэ бүгд монгол хүний бичсэн эртний судрын шаргал хуудсанд дурайтал тэмдэглэгдэн үлдсэн байна.

“Уламжлалт анагаах ухааны 108 ботийг эмхэтгэн хэвлүүлэх, сурвалж бичгийн өвийг хамгаалах, ашиглах түүний арилжааны боломжийг нээх” төсөл хэрэгжсэнээр зөвхөн эрүүл мэндийн салбар гэхээсээ илүүтэйгээр нийт хүн амд, хойч үеийнхэнд өвөг дээдсийнхээ бүтээсэн оюуны үнэт баялагийг хэрэглэх, ашиглах, боломжийг нээгээд зогсохгүй түүх, соёлоороо бахархах, эх орноо хайрлах, хувь хүн, гэр бүлийн үнэт зүйл нь эрүүл мэнд болохыг ойлгох, хүн хүнээ хайрлах сэтгэл, эрүүл амьдрах ухаан, амьдралын утга учрын талаарх суурь мэдлэг, оюуны дархлаатай болно гэдэгт итгэж байна. Энэ төслийг санаачилсан, ажил хэрэг болгох гэж хичээн зүтгэсэн, дэмжсэн хүмүүсийн итгэл үнэмшил, идэвх чармайлт нь хожим хойно ч үл мартагдан номын суврагын нэгэн цацал болох учир буй юм.

Уламжлалт анагаах ухааны 108 ботид орсон судар номууд дэлгэрэн түгсний буянаар цөвүүн цагийн хамаг амьтныг гурван хорын архаг өвчний зовлонгоос гэтэлгэж, магад сайн сайхан бүхэн цогцлон бүрдэж баясгалант хуримаар сэтгэл ханах болно. Мунхагийн уршгаар орчлонгоос хагацан сансрын хязгаарыг гэтэлж, их түйтгэрийг үүсгэдэг өвчнийг тийн ялж, хэрүүл тэмцэл тэргүүтэн үл зохилдол буурч, эдгээхүй ухааны дээд гол увдис, эрдэм чадал бүхэн эс бүрдэхгүй байхын учир үгүй билээ.

Академич Шаравын БОЛД

Профессор Далхын ЦЭРЭНДАГВА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж