Чингэлтэй: Ардчиллынханд итгэл үзүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2020.05.11-нд нийтлэгдсэн

Чингэлтэй: Ардчиллынханд итгэл үзүүлэх үү?

Чингэлтэй: Ардчиллынханд итгэл үзүүлэх үү?

“NEWS” агентлаг 2020 оны УИХ-ын сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь уншигчдадаа хүргэж эхэлсэн. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 25-р тойрог буюу Чингэлтэй дүүргийг танилцуулж байна.


УИХ-ын 2020 оны сонгууль томсгосон тойргоор зохион байгуулагдах болсноор 25-р тойргийн мандатын тоо гурав болж буурсан. Нийт 160 мянга гаруй хүн амтай эл дүүрэг өнгөрсөн долоон удаагийн сонгуульд голлон АН, МАН-аас нэр дэвшигчдэд итгэл үзүүлжээ. Ингэхдээ АН эрх барьсан жилд МАН-д, МАН эрх барьсан жилд АН-аас нэр дэвшигчдийг сонгож байжээ.

Товчоор хэлбэл, 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчид ялалт байгуулах магадлал өндөр байна гэсэн үг.

Улс төрийн намууд нэр дэвшигчдээ хараахан тодруулаагүй байгаа ч Ардчилсан намаас эл тойрогт УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү, “Нэткапитал” –ын ТУЗ-ийн дарга Д.Сүндий нар өрсөлдөнө.

МАН-аас Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Т.Аюурсайхан нар дахин үзнэ. Ингэснээр энэ удаагийн сонгуулийг УИХ-ын гишүүн Д.Ганболд өнжих нь ээ.

Харин бие дааж, Ардчилсан намын нарийн бичгийн дарга асан Д.Анхбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга, “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү нар нэр дэвших бол Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан өрсөлдөх тухай яригдаж эхэллээ. Хэрэв энэ яриа баттай бол “Буян” компанийн босс тойргоо сольж, үзэх нь.

Горилогчдыг танилцуулбал, УИХ-ын гишүүн асан Г.Баярсайханыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд “шанаадуулж” явснаар нь олон нийт андахгүй. Чуулганы танхимд салаавч өгснөөсөө болж, “зодуулсан”. Гэхдээ түүндээ “хонзон” өвөртлөөд явдаггүй, эр хүний дунд болсон үл ойлголцол хэмээн хээвнэг ярьсан удаатай. Мөн түүнийг хонзонгоо авахаар Хэнтий аймагт өрсөлдөх нь гэсэн дуулиан дэгдсэн ч тэрбээр няцааж, тойрог солихгүй гэдгээ тодотгосон.

Хоёр ч удаа УИХ-д Чингэлтэй дүүргээс сонгогдохдоо энэ хугацаанд УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж, ахуй байнгын хорооны дарга, Хөдөлмөрийн сайдаар томилогдон ажиллажээ. Сайдаар ажилласан хоёр жил орчмын хугацаанд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд автомашины засварчнаас эхлээд Монголд хамгийн их хэрэгцээтэй мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд илүүтэй анхаарч ажилласан байдаг. Мөн Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллахдаа Урт нэртэй хуулийг батлахад голлож ажилласан. Уг хууль батлагдсанаар гол мөрний эх, ойн сан бүхий газарт ашигт малтмал эрэн хайх, олборлолт явуулахыг хориглож, тодорхой хилийн зааг тогтоосон юм. Энэ нь байгаль орчныг хамгаалах чиглэлд ахиц авчирсан ч хуулийг бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүйгээс усны сан болон ойн сан бүхий газарт уул уурхайн олборлолт явсан жишээ олон байгаа юм.

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүүг чингэлтэйнхэн андахгүй. “Нохой нь ч андахгүй” гэх яриа гарсан нь тэрбээр зөвхөн эл тойргийг төлөөлөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хоёр дараалан сонгогдон, ажилласантай холбоотой бололтой. Нам нь ч, сонгогчид нь ч түүнийг “Одоо УИХ-д нэр дэвшин өрсөлдөх цаг нь болсон” гэж үзэж байна. Ц.Баатархүү нь улс төр судлаач мэргэжилтэй, 2005-2006 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2012 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга зэрэг албыг хашиж байжээ.

“Нэткапитал” –ын ТУЗ-ийн дарга Д.Сүндийгийн хувьд мэдээллийн технологийн инженер мэргэжилтэй. Банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж, ард иргэдийн мөнгийг хүүлсэн гэдэг хэл аманд ороод буй. Мөн эхнэрээ зодсон гэдэг дуулианд нэр холбогдсон. Эл асуудлыг тэрбээр няцаасан ч цагдаагийн байгууллагын зүгээс “Ийм хэргээр шалгагдаж байгаа нь үнэн” гэдэг тайлбар хийсэн.

АН-аас энэ тойрогт нэр дэвшигчдээс рейтинг унагаж мэдэх хүний нэг нь Д.Сүндий болж мэдэхээр буй. Гэхдээ албан ёсоор нэр зарлахад эмэгтэй нэр дэвшигч оруулж, ирж Д.Сүндийг хаяж болзошгүй.

Шадар сайд Ө.Энхтүвшинг орон нутгийг зорьж магадгүй тухай мэдээлэл байсан ч Чингэлтэй дүүрэгт дахин өрсөлдөхөөр болсон тухай дуулдах болсон. Covid-19 цар тахлын үеэр Улсын онцгой комисс сайн ажиллаж байгаа нь Шадар сайдын нэр хүндийг өсгөж, дахин сонгуульд өрсөлдөх боломжтой болгожээ. Гэхдээ Эрүүл мэндийн яамны зүгээс “Дотоодод цар тахал дэгдэх эсэх нь цаг хугацааны асуудал учраас ард иргэд бэлтгэлтэй байх ёстой” гэж анхааруулах болсон. Хэрэв Covid-19 вирус дотоодод дэгдвэл зөвхөн Шадар сайдаар хязгаарлагдахгүй МАН-аас нэр дэвшигчдэд хасах оноо авчрах эрсдэл бий. Түүхч мэргэжилтэй тэрбээр 2000 оноос эхлэн тасралтгүй УИХ-д сонгогдон ажилласан. Энэ хугацаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, МАН-ын дарга зэрэг албыг тус, тус хашжээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг сэтгүүлч мэргэжилтэй. Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн Хэвлэл, мэдээллийн албаны даргаар тус, тус ажилласан байдаг. МАН 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулахад чингэлтэйчүүд түүнд итгэл үзүүлсэн. Одоо УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргын албыг давхар хашиж байна.

Чингэлтэй дүүргийн гэр хорооллыг хөгжүүлэхэд илүүтэй анхаарал хандуулж, ажилласан гэж тойргийнхон нь үнэлдэг. Мөн сургууль, цэцэрлэг шинээр барих, өргөтгөхөд анхаарч ажилласнаар хүртээмжийг нэмэгдүүлсэн гэх үнэлгээг авдаг.

Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлгийн 40 орчим гишүүн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-гаас зээл авсан дуулиан дэгдэхэд нэр нь мөн яригдсан. Хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн хууль тогтоогчийн нэгээр яригдаж, УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор “орсон” ч тоо андуурч мэдээлэгдсэн гэдгээр нэр цэвэр гарсан. Мөн ЖДҮХС-гаас зээл авсан асуудал хэвлэлээр шуугисан нь буруу мэдээлэл байсан. Баталгаагүй мэдээллийг “цацсан” хүн нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан болж, тэрбээр энэ үйлдэлдээ уучлалт гуйсан тухай М.Оюунчимэг гишүүн хожим нь хэвлэлд ярилцлага өгч, залруулж байв.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “шантаажчин” тавын нэг гэх тодотголтой болсон. Учир нь М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байсан таван гишүүний нэг нь юм.

МАНАН-г үүсгэгчдийн нэг М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулсан цагт шударга бус бүхэн үгүй болно гэж мэдэгдэж байсан ч өнөөдөр бахь байдгаараа буй. Харин тэрбээр өөрийн дээлийг давхарлаж, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга болж, давхар алба хаших болсон. Тэмцэл нь ч мөн зогссонгүй, өнгөрсөн хавар Чингэлтэй дүүрэгт “эргэлт” хийж, Н.Батсүмбэрэлийг Засаг даргаар нь томилуулсан. Энэ үйлдлийг нь намынхан нь, дүүргийнх нь ч дэмжээгүй, албан тушаалын төлөө улайрлаа гэж зэмлэсэн юм.

Чингэлтэй дүүргийг төлөөлөн УИХ-д сонгогдсон гишүүд

  • 1996 онд: Б.Батбаяр АХ эвсэл, Р.Нарангэрэл АХ эвсэл, Д.Хувьтөгөлдөр АХ эсвэл
  • 2000 онд: Н.Содномдорж МАХН, С.Төмөр МАХН, Т.Очирхүү МАХН
  • 2004 онд: Б.Батбаяр АН, Р.Эрдэнэбүрэн АН, Ц.Батаа МАХН
  • 2008 онд: Г.Баярсайхан АН, Ц.Элбэгдорж АН, Д.Очирбат МАХН, Д.Зоригт МАХН/2009 онд нөхөн сонгогдсон/
  • 2012 онд: Г.Баярсайхан АН, Г.Уянга МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл
  • 2016 онд: Ө.Энхтүвшин МАН, Д.Ганболд МАН, М.Оюунчимэг МАН, Т.Аюурсайхан МАН
  • 2020 онд?

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж